Мягмар, 2020-08-11
ОКС Тандер багийн туслах дасгалжуулагч "Maurice Cheeks" өөрийн түүхээс хуваалцлаа

Чи ч үүнийг туулж болох байсан....

Оклахома Сити Тандер багийн туслах дасгалжуулагч, алдрын танхимын гишүүн Maurice Cheeks саяхан өөрт нь урьд нь тохиолдсон нэгэн шударга бус явдлын тухай бичиж, нийтэлсэн байна. Ийнхүү түүний бичвэрийг уншаад гол үйл явдлыг ойлгомжтой байдлаар дүрсэлж бичихээр шийдлээ.

Зүгээр л нэгэн эр дугуй унаад явж байгаагаар уг түүх эхэлнэ. Тэрээр 2008 онд Филадельфи 76 багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараа хэрхэн баг хамт олноо сайн удирдах тухайгаа эргэцүүлэн бодож, мөн төлөвлөгөө гаргахын тулд Майами хот руу явсан нь энэ юмсанж. Уул нь энэхүү өдөр хэргийн гол эзэн маань зүгээр л бодол санаагаа цэгцлэхээр гэрээсээ гарч дугуй унаж, салхилахаар шийдсэн юм гэдэг.

Тэгээд мэдээжийн хэрэг зүгээр л дугуй унаад явах юм чинь жолооны үнэмлэхээ гэртээ үлдээгээд, мөн хаашаа явах гэж буйгаа хэнд ч хэлэлгүйгээр явсан байгаа юм. Ах хүү ч яахав байрныхаа ойролцоох супермаркетаас жаал жуул юм авчихаад гэр лүүгээ буцаад харих гээд явж байж. Тэгсэн манай хүн нэг цагдаагийн машин яааг дугуйных ард тулаад ирчихсэн бараг л мөргөх шахам дагаад яваад байгааг анзаарсан байгаа юм. Күээ, тэгээд манай хүн мэдээжийн хэрэг дотроо бол "Би ямар гэм хийчихсэн биш, яав л гэж дээ" гэж бодсон шээг эргэж харах нь битгий хэл хурдаа ч хассангүй, байдгаараа л явж байв.

Яг тэгээд нэг тиймэрхүү байдалтай хэсэг хугацаа өнгөрөөд явж байтал, "Хүүе, хаая гэхийн зуургүй" өнөөх цагдаагийн машин чинь хажуунаас нь шахаж, гүйцэт түрүүлээд л манай хүнийг зогсоосон юм байх.

Яг энэ үйл явдлыг тус өргөн чөлөө дээр овоо хэдэн хүн дэргэдээс нь харж байсан хэрнээ, бараг л юу ч болоогүй юм шиг тоохгүй өнгөрсөн гэж байдаг шүү. Тэгээд дээрээс нь бүхэл бүтэн арав гаран жилийн өмнө болохоор учир зүггүй утсаа гаргаж ирээд, пээсүүкээр live хийх ч хүн тэнд байсангүй. Ухаалаг утас дөнгөж л гарч ирж байсан биз, бараг камертай утастай хүн тэнд байсан юм уу дөө, бүү мэд.

Хамгийн аймар нь хар арьстай залууг цагдаа нар ингээд гэнэт баривчилж байгаа нь тэнд байсан хүмүүст үнэн хэрэгтээ байдаг л зүйл мэт санагдсан гээд л бод л доо. (Хүмүүс ер нь болохгүй, муу зүйлс өдөр тутам олон дахин давтагдаад ирэхээр сүүлдээ дасчихдаг юм билээ дээ.)

За тэгээд л өнөөх машин дотроос чинь нэг цагдаа гарч ирээд, бараг "Гараа өргөөд, унадаг дугуйнаасаа буу. Хараал идсэн гараа ардаа аваад шалан дээр өвдөглөөд суу." гээд л их сүртэй гэгч нь шаардсан гэж байгаам.

Гэм буруугүй гэдгээ мэдэж байгаа юм хойно, мань эр шууд "Яагаад? Би яасан юм бэ?" гэж асууж.

Өө, тэгсэн өнөө цагдаа бол шууд л гавлаад, замын хашлага руу түлхээд хэвтүүлсэн гэж байгаам.

Дараа нь "Чи дөнгөж сая байшин ухсан цагаан путволктой нөхөр шиг л харагдаад байна даа." гэж хэлсэн юм гэнэ.

Мөн жолооны үнэмлэх чинь байна уу? гэж асуусан ч гэх шиг. Манай хүн мэдээж байхгүй юм чинь байхгүй л гэж. Тэглээ ч ер нь дугуй унахад ямар ацных нь үнэмлэх хэрэг болох юм, гэртээ л үлдээсэн байж таарна биз дээ. Бас түүнээс хаанаас хаа хүрч явна гэж асуусан бөгөөд манай хүн "байр луугаа л явж байна." гэж уул нь их аятайхан хариулсан байгаа биз.

Яг энэ үеэр, араас нь дахиад дөрөв таван ширхэг цагдаагийн машин нэмж ирж, мань эрийг тойроод зогсчээ. Улмаар түүний зүрх нь дэлсэж, гавласан болохоор гар нь янгинаж мөн дээрээс нь байгалийн зөнгөөрөө гаваа тайлах гэж оролдсон аж. Ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ хэлж орилмоор байсан тухайгаа ч мань эр бичсэн байна. Мөн гаваа тайлмаар санагдсан л гэнэ. Аргагүй шүү дээ. Юу ч болоогүй юм шиг харьцсан тэр цагдаатай бүр зодолдмоор байсан гэнэ. Гэхдээ хэрэв тийм үйлдэл гаргах юм бол амьдрал нь ч орвонгоороо эргэх аюултайг тэрээр өөрөө мэдэж байсан учраас байдаг чадлаараа өөрийгөө тайвшруулж, аль болох уужуу тайван байхыг хичээсэн аж.

Өө тэгээд өөрийгөө гэм буруугүй гэдгээ батлахын тулд дэлгүүрийн ажилтан дээр цагдаа нартай хамт очсон л гэнэ. Дараа нь хоёр цагдаатай хамт гэр лүүгээ очиж машиныхаа үнэмлэхийг хүртэл үзүүлсэн байгаа юм.

Тэрээр арван хоёр жилийн турш энэ үйл явдлын тухай олон нийтэд дэлгээгүй бөгөөд саяхан "Жорж Плойд"-ын харамсалтайгаар амиа алдсан хэрэг явдлын дараа ийнхүү энэ асуудлын талаар өөрийн үзэл бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргэж байгаа нь энэ аж. Лигийн олон олон тамирчдад ийм үйл явдал тохиолдсон байхын үгүйсгэхгүй юм шүү.

Дэлхий дээр энэ байтугай шударга бус үйл явдал цаг тутамд болж байдаг гэж бодохоор бас л харамсалтай юм шүү.

Нэг нэгнийгээ харагдах үзэмжээр нь шууд битгий муугаар дүгнээрэй, мөн дээрээс нь юманд жоохон ч гэсэн ул суурьтай хандаарай л гэж хэлэх байна даа. Үнэн бай, шударга бай, бусдыг хүндэл!


ОКС Тандер багийн туслах дасгалжуулагч "Maurice Cheeks" өөрийн түүхээс хуваалцлаа
2020-07-07 12:04:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ