Баасан, 2022-01-28
ОМИКРОН ХУВИЛБАРЫН ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨМЖ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын омикрон хувилбарын давалгаа эхэлж буйг анхааруулж байна. Мэргэжилтнүүдийн хувьд омикроноор өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгааг мэдээлсэн. Тиймээс цар тахлын омикрон хувилбарын шинж тэмдэг, эмчилгээний талаар эрдэмтэн судлаачдаас тодрууллаа.

 Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, доктор, дэд профессор Ц.ТӨМӨР-ОЧИР:

Монголд омикрон хувилбарын давалгаа эхэлж байна. Шинэ хувилбарын өвчлөл өмнөх дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа. Ойролцоогоор эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийн улс орнуудын мэдээлж байгаагаар хүний амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж голчлон илэрч байна. Тодруулбал, ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй. Тэр дундаа 1-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай. Цар тахлын дельта хувилбараар өвчилсөн иргэд маш хурдан уушгины хатгалгаа болж байсан бол омикроны хувьд ихэвчлэн хөнгөн явцтай, ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байна. Тиймээс омикрон хувилбарын хувьд дельта шиг хүмүүс олноор хурдан хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, амьсгалын аппаратны хэрэгцээ шаардлага харьцангуй бага.

Монголд сүүлийн өдрүүдэд цар тахлын халдвар эрс нэмэгдэж буй. Зарим иргэдийн хувьд шууд шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байгаа. Саяхан омикроны дэгдэлттэй холбоотойгоор цар тахлын халдварын эмчилгээ оношлогооны түр зааврыг шинэчилсэн. Өвөрмөц эмчилгээ хийхгүй. Өмнөх альфа, дельта хувилбаруудтай адилхан. Гэхдээ вирусийн гаралтай амьсгалын дээд замын халдварын үед ер нь антибиотик хэрэглэдэггүй. Цар тахлын дельта хувилбарын давалгааны үеэр хүмүүс богино хугацаанд уушгины хатгаа авч байсан учраас антибиотик хэрэглэж байсан.    

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ц.ЧИНБАЯР:

-Цар тахлын өмнөх хувилбаруудаас ялгаатай онцгой шинж тэмдэг байхгүй. Халдвар авсан бүх иргэдийг омикрон хувилбараар өвчилсөн гэж үзэхгүй. Амьсгалын дээд замын шинж тэмдэг давамгайлж байгаа. Манай төвөөс байнгын цар тахлын хувилбарын тандалтыг хийж байдаг. Тэр тандалтаар түүврийн аргаар авсан шинжилгээгээр дотоодод омикрон хувилбар илэрсэн.

Омикрон хувилбарын давалгаа хүн амын вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд хүндрэх магадлалтай байна. Эмчилгээний арга барилын хувьд өмнөх хувилбараас шинэчлэгдсэн зүйл байхгүй. Омикрон хувилбараар өвдсөн Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдын биеийн байдал нь хөнгөн байсан. Тэднийг “Багабаян” сувилалд тусгаарлаж, Цэргийн эмнэлгийнхэн эмчилгээгээ хийсэн. Гадаадаас зөөвөрлөгдөж, омикроны халдвар авсан иргэд ч хөнгөн өвдсөн. Учир нь эдгээр хүмүүс архаг суурь өвчингүй, эрүүл хүмүүс байсан.  

  ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Цар тахлын эсрэг вакцины III тун хийхийн өмнө эсрэг биеийн түвшин ямар байгаа талаар судалсан. Монголд III тунг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Үүнээс өмнө "Астразенека" бүрэн тунтай "Файзер" вакцинаар нэмэлт тун хийсэн бүлэгт эсрэг биеийн түвшин 30 au/ml байсан. Энэ түвшин 10-аас дээш байвал дархлаа өдөөх чадвартай гэж үздэг. Дахин 10 руу буураад ирвэл заавал нэмэлт тун хийж идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Ингээд 30 au/ml эсрэг биеийн титрийг бүүстэр тун хийсний дүнд 573 болгож өсгөсөн. Энэ үзүүлэлт буурсаар байгааг 4.5 сарын дараа буюу одоо 70 орчим байна. Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун "Вероселл" вакцинд хамрагдсан иргэд 4.5 сарын дараа "Файзер" вакцинаар нэмэлт тунгаа хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4.5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална. 

  Эх сурвалж: News.mn 


ОМИКРОН ХУВИЛБАРЫН ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨМЖ
2022-01-14 10:00:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ