Баасан, 2024-03-29
1992 оноос хойш ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэжээ

ДЭМБ-аас арванхоёрдугаар сарын 1-нийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. 2021 оны судалгаагаар дэлхий даяар нийт 38.4 сая орчим хүн ХДХВ-ын халдвартай амьдарч, ДОХ-оос шалтгаалсан нас баралт 650 мянга гаруй бүртгэгдсэн байна.

ХДХВ-ын халдвар авснаас хойш дунджаар 10-12 жилийн дараа ДОХ өвчин үүсдэг. Энэ хугацаанд шинж тэмдэг илэрдэггүй. ХДХВ нь гаднын орчинд тэсвэргүй, ариутгалын бодисын үйлчлэлд амархан устдаг. Олон нийтийн дунд шумуул болон бусад шавжаар халдвар дамжих боломжтой гэсэн буруу ойлголт одоо ч их. ХДХВ халдвар зөвхөн бэлгийн замаар, цусаар, халдвартай эхээс хүүхдэд дамждаг юм.

“Залуус эрүүл мэнд ТББ”-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “Монгол улсад анх 1992 онд ДОХ-ын халдвар бүртгэгдсэнээс хойш 30 жилийн хугацаанд 344 тохиолдол болж өссөн. Үүнээс 284 нь идэвхтэй үзлэг, хяналтад хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 650 орчим хүн ХДХВ-ын халдвартай байх боломжтой гэсэн тооцоо бий. Энэ тооцооллын 40 орчим хувийг илрүүлж, эмчилгээнд хамруулжээ.

18-24 насны хүн ам идэвхтэй бэлгийн амьдралтай учир бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ нь энэ насныханд илүү байдаг. Эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх, тархалтыг тогтоох хамгийн үр дүнтэй арга бол эрт илрүүлэгт хамрагдах юм. Заавал эрсдэлтэй эсвэл олон бэлгийн хавьтагчтай байсандаа биш үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаг байх нь чухал байна. Манай улсад ХДХВ-ын шинжилгээ үнэ төлбөргүй хийдэг.

Дэлхий нийтийн хандлага ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээг хүн бүрт хүртээмжтэй, ойр байлгахад чиглэх болсон. Манай улс ч 2020 оноос эхлээд шинжилгээний шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн. “Залуус эрүүл мэнд ТББ” нь амны салст, шүлснээс ХДХВ-ыг илрүүлэх оношлуурыг туршиж үзээд, хэрэглээнд нэвтрүүлэх гэж ажиллаж байна. Ингэснээр хүн хувийн нууцаа хамгаалж, эрсдэлт бүлгийн болон нийт хүн амын бэлгийн замаар дамжих халдварын илрүүлгийн хамрах хүрээг өргөтгөх боломжтой. Одоогийн байдлаар энэ оношлуурыг зөвхөн зорилтот бүлэг буюу эрсдэлт хүн амд хэрэглэж байгаа ч манай байгууллагатай холбогдоод ашиглах боломжтой. 

Хэдэн жилийн өмнө нэг халдвартай хүний цаана 10 хүн, 100 хүн өртөх эрсдэлтэй гэдэг байсан ч одоо бол тухайн халдвартай хүний бэлгийн зан үйл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаатай холбож эрсдлийг тооцдог болсон. Тухайн халдвар авсан хүн заавал бэлгийн олон хамтрагчтай байх албагүй, ямар ч хамтрагчгүй ч байх боломжтой. Тийм учраас ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвар нь заавал бэлгийн олон хавьтагчтай байхдаа биш эрсдэлтэй бэлгийн зан үйлээс үүддэг.” гэж онцоллоо.

skip-share

ХДХВ-ын халдвараас сэргийлж, өөрийгөө хамгаалах нь таны бодсоноос амархан.

Та ХДХВ-ын халдваргүй бол ХДХВ-ын эмчилгээнд хэрэглэдэг ретровирусын эсрэг эм ууж, өөрийгөө хамгаалах боломжтой. 2015 оноос эхлэн ДЭМБ-аас зөвлөсөн энэ аргыг өртөлтийн өмнөх сэргийлэлт буюу PrEP гэж нэрлэдэг. Зааврын дагуу хэрэглэснээр ХДХВ-ын халдвараас 99 хувь хүртэл хамгаалдаг аж.

ХДХВ-ын шинжилгээ илүү ойрхон, хялбар боллоо.

Амны хөндийн арчдасын буюу шүлс, салстын OraQuick оношлуураар хувь хүн өөрийгөө шинжлэх эсвэл сургагдсан хүрч очих ажилтнаар дамжуулан ХДХВ-ын шинжилгээнд хамрагдах боломжтой болсон. OraQuick оношлуур нь цусны шинжилгээний адил найдвартай бөгөөд заавал эмнэлэгт очих шаардлагагүйгээр ХДХВ-ын статусаа мэдэх арга юм.

ХДХВ, ДОХ-той хүн насан туршдаа эм хэрэглэж, урт удаан, чанартай амьдралаар амьдрах боломжтой болсон. Эмчилгээний сонголт ч мөн олширч байгаа аж.

Эрдэмтэд лабораторийн нөхцөлд хулганад хийсэн туршилт судалгаагаар эсийн дотор нуугдсан унтаа хэлбэрийн ХДХВ-г амжилттай устгасан байна. Иймд ХДХВ-ийн халдвар бүрэн эмчлэгдэх нь цаг хугацааны асуудал гэж хэлэхэд буруудахгүй талаар “Залуус эрүүл мэнд” ТББ-аас хүний эрх, бэлгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран гаргасан “Бэлгийн эрүүл мэндийн сургалтын гарын авлага 2022”-т онцолжээ.

Манай улсын нийт халдвартай хүмүүсийн 83 хувь нь эрэгтэй. ХДХВ, ДОХ-ын өвчлөл 30-34 насныханд илүү өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар цус, зүү тариураар болон халдвартай эхээс хүүхдэд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган"-ны үеэр дурдсан юм. 

 

Монгол Улсад ХДХВ, ДОХ, сүрьегээс сэргийлэх, эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх хүрээнд “Төгс бүсгүйчүүд” ТББ эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах, сэргийлэх, шинжилгээнд зуучлах, олон нийтийг идэвхжүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Жилд ойролцоогоор 3200 гаруй эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг хамруулж байна.

Харин эрсдэлт бүлгийн эрэгтэйчүүдэд “Залуус эрүүл мэнд” ТББ хүрч ажилладаг бөгөөд дээрх бүх үйл ажиллагааг явуулж, жилд 3900 орчим зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг хамруулдаг.


1992 оноос хойш ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэжээ
2022-12-01 09:51:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0