Баасан, 2020-12-04
"АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсөвтэй танилцахад орлого, зарлагаа хоёуланг нь өсгөж, алдагдлыг өндөр байхаар тооцсон. Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд та зарлага нэмэгдүүлж байгаа шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газар төсвөө нэлээд өөдрөг төсөөлөлтэйгөөр өргөн барьсан. Тиймээс орлогыг нэмэх бус энэ орлогоо бүрэн гүйцэд олж чадах уу гэдэг нь асуудлын гол юм. Жил бүрийн төсөвт орлого талдаа өндөр дүн тавьдаг. Өнөөх л 42 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолохоос гадна нүүрсээ борлуулах үнийг мөн өндрөөр тавьчихдаг. Үүндээ тааруулаад зардлаа өсгөдөг байдал сүүлийн дөрвөн жил давтагдаж байна. Манайх 42 сая тонн нүүрс гаргаж байсан түүх байхгүй. 2020 төсвийг боловсруулахдаа мөн л орлогоо хэт өөдрөг төсөөлснөөс үүдэж тодотгохдоо 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Үүнийг covid-19 халдвараар халхавчлаад өнгөрсөн. Энэ алдаа бол анхнаасаа төлөвлөлтийн алдаа байсан. Тэгвэл 2021 оны төсвийг мөн л орлогоо өндөр төсөөлж тэр хэрээр онцын шаардлагагүй олон хөрөнгө оруулалт тусгагдсан. Тухайлбал, зөвхөн музейн барилгад 300 тэрбум төгрөг төсөвт суулгасныг манай АН-ын намыг гишүүд эсэргүүцэж байгаа. Эдийн засгийн ийм хямралтай үед ажлын байраа хадгалах, иргэдээ цалинтай, орлоготой байлгахад төсвийн бодлого чиглэгдэх ёстой.

Харамсалтай нь, эсрэгээрээ байшин саванд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус асгаж байгаатай адилхан.

-Төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ?

-Он дамнасан бүтээн байгуулалтууд цөөнгүй байгаа. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашиггүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэрийг бий болгох шаардлагатай. Төсвийн зарлагын дэд хорооноос нийт шаардлагагүй 149 хөрөнгө оруулалтыг царцаах зарчмын санал гаргасан. Тухайлбал, сумын багийн төвүүд, конторын барилгууд, музей зэрэг онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцаахад 405 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр гарна. Энэ мөнгийг ЖДҮХС руу оруулах санал гаргасныг Төсвийн байнгын хороогоор авч хэлэлцээгүй.

"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УРСГАЛ ЗАРДЛЫГ 20 ХУВИАР ТАНАХ БОЛОМЖТОЙ"

-Зардлаа танаж, төсвийн алдагдлыг бууруулах боломжтой гэлээ. Өөр ямар зардлыг бууруулах боломжтой вэ?

 -Төсвийн зарлага хэт данхар болж, төсвийн нийт зарлагын 76 хувийг зөвхөн урсгал зардал эзэлж байна. Сонгууль бүрийн дараа ажилласан хүмүүсээ төрд ажилд авсаар байгаад төрийг хэт данхар болгосон. Татвар төлөгчдийн мөнгийг эргээд үр ашгаа өгөхгүй урсгалд зардалд зарцуулж байгаа нь дэндүү харамсалтай. Эрүүл мэнд, боловсрол, цагдаа,  онцгой байдал, хилийн цэргээс бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танах боломжтой. Эрх баригч нам олонхиороо асуудлыг хүч түрэн шийдэж байна.

-Засгийн газар ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломжгүй гэж үзсэн. АН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан тэтгэврийн доод хэмжээг  500 мянган төгрөгт хүргэх хуулийн төслийг хэрэгжүүлэх хэр боломжтой вэ?

-Төсвийн бус аргаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой. Стратегийн ордыг эргэлтэд оруулах замаар эдийн засгийг тэлж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх санхүүжилтийг гаргах нь зүйтэй гэж манай АН-ын гишүүд үзсэн. 2020 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолыг баталсан. Тус тогтоолд зургаан стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувьцааг нь "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлэх замаар үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ гэж орсон. Цагаан суваргын орд газар тэтгэврийн нэмэгдлийн гол санхүүжилтийн эх үүсвэр болгоно. 2014 онд Цагаан суваргын ордыг Монгол Улсын Их хурал төр эзэмших шаардлагагүй гэж татгалзсан байдаг.

Монголын төр Цагаан суваргын ордыг үнэтэй болгох зүйлийг хийсэн. Тэр нь төмөр замыг Цагаан суваргын орд газарт 20 км ойртуулсан. Тиймээс эдийн засгийн эргэлт хамгийн хурдан оруулж болох орд бол Цагаан суваргын орд. Энэ ордын үнэ цэнэ дахин 60 хувиар өссөн. Төр энэ том бүтээн байгуулалтыг хийснийхээ хувьд Цагаан суваргын тодорхой хувийг эзэмших саналыг бизнесийн зарчмаар тухайн компанитайгаа ярьж, шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ордыг эзэмшиж байгаа компани зургаан жилийн хугацаанд ажил хийгээгүй байна. Тиймээс төр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хамтран хийж эргэлтэд оруулъя. Эргэлтэд оруулсан хувиасаа тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зарцуулах гэсэн ийм л хуулийн төсөл.

"ТӨСВИЙГ УЛС ТӨРИЙН НҮДЭЭР ХАРДАГ, ГИШҮҮД ӨӨРСДИЙНХӨӨ РЕЙТИНГ ӨСГӨХ ХЭРЭГСЛЭЭ БОЛГОСОН"

-Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг батлах үеэр АН-ын гишүүд сүүлийн дөрвөн жилд өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдсэнийг харьцуулсан үзүүлэнг чуулганы үүдэнд дэлгэн, гишүүдэд танилцуулсан. Энэхүү акц нь эрх баригчдын хувьд инээдэм болоод өнгөрөв үү дээ?

-МАН-ынхан эрүүл шүүмжлэлийг маазруулах, эсвэл  хугацаа авах зэрэг хойшлуулах байдлаар асуудалд хандаж ирсэн. Яг энэ байдлаараа бидний акцад хандаж байна лээ. МАН-ын зарим гишүүн ард түмний амьдрал сайжирч, цалин нь нэмэгдсэн гээд ярьж байсан. Гэтэл бодит байдлыг харахад, ард түмний амьдрал нэг түвшинд ч дээшлээгүй. Иргэд олсон хэд төгрөгөө амьдралдаа чадан ядан хүргэж байна. Дөнгөж хүнснийхээ хэрэгцээг хангах хэмжээнд л байгаа. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд мөнгөний бодлого , төсөв хоёр зэрэгцэж явах ёстой байтал Сангийн яам, Монголбанк харилцан уялдаагүй ажиллахгүй байгаагаас эдийн засгийг асуудалд оруулж байна.

Гэтэл хөгжиж буй орнууд төсөв, мөнгөний бодлогоороо дамжуулж ажлын байр бий болгох, ЖДҮ-ийг хөгжүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг олноор байгуулахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлж байж амжилтад хүрсэн жишээ олон оронд бий. Гэтэл манайх эсрэгээрээ төрийн албыг данхайлгах, өөрсдийгөө тансаглуулах мөн төсвийн мөнгийг төрийн урсгалд зардалд зарцуулдаг зэрэг ийм байдлаар явж ирсэн нь өнөөдөр иргэдийн амьдралыг доройтуулсны бодит жишээ.

Сүүлийн үед төсвийг улс төрийн нүдээр хардаг, гишүүд өөрсдийнхөө рейтинг өсгөх хэрэгслээ болгосон. Ганцхан жишээ хэлэхэд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар энэ жил Хэнтий аймгийн ганцхан багт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Энэ нь 70 гаруй багтай Булган аймгаас гурав дахин өндөр хөрөнгө оруулалт. Ийм байдлаар төсвийн мөнгийг зарцуулж, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнхөө дахин сонгогдох хэрэгслээ болгож байгааг бид шүүмжилж байгаа.

-Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт болон  жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухайд нэг ч төгрөг суулгаагүй. Монголбанк болон арилжааны банкуудын санхүүжилтээр ипотекийн зээл цаашид олгогдох бололтой. Уг нь төсвийн шинжтэй үйл ажиллагаанд Монголбанк оролцохгүй байхыг ОУВС-гаас зөвлөсөн шүү дээ?

-Монголбанкны мөнгөний бодлого буруу явж ирсний жишээ энэ.  Өнгөрсөн хугацаанд Монголбанк 3 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлж, нийтдээ барилгын салбарт ажиллаж буй 60 мянга гаруй ажлын байрыг хадгалж, 80 мянга гаруй орон сууц ашиглалтад шинээр орсон. Ипотекийн зээлээр дамжиж эдийн засаг руу мөнгө орж, барилгын салбарыг босгодог ач холбогдол өндөртэй ийм хөтөлбөр. Нөгөөтэйгүүр, ипотекийн зээл авсан залуучууд ажлаа тараад баар руу орох гэхээс илүүтэй аль болох ипотекийн зээлээ төлөхийн тулд мөнгөө хэмнэж, санхүүгийн сахилга баттай болсон. Харамсалтай нь, МАН олонх болсноор ипотекийн зээлийн санхүүжилт улам бүр хумигдаж байна. Найман хувийн зээлийг зургаан хувь руу орууллаа гэж ярьж байгаа боловч энэ нь үндсэндээ 2012-2016 онууд дахь 80 мянган айлын ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжилт хийгдэнэ.

Өөрөөр хэлбэл, АН-ын үед 80 мянган айлыг орон сууцтай болгож, 4000 барилгын компанийг босгосон амжилтыг өнөөдөр МАН-ынхан өөрсдөө бий болгочихсон мэт ярьж байна. Хоёрт, ЖДҮХС-д нэг ч төгрөг суулгаагүй нь өөрсдөө хулгайлахгүй учраас ард түмэнд өгөхгүй гээд мөнгө тавиагүй.

-Ирэх оноос төлж эхлэх бондын өр төлбөрийг хэрхэн барагдуулах нь Монгол Улсын нэр хүндтэй ч холбоотой. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-МАН 2016 оноос хойш нэг ч бондын төлбөр төлөөгүй, бүгдийг нь хойшлуулж эсвэл өөр нэртэй бондоор сольсон. Энэ хугацаанд Засгийн газар 3.1 тэрбум ам.долларын өр нэмж тавьсан. Дээрээс нь 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Энэ нь эргээд л хойч үедээ тавьсан өр гэсэн үг.  МАН ойролцоогоор 4.8 тэрбум ам.долларын өр үйлдвэрлээд явж байна. Бүтээн байгуулалт гээд хэлчих ажил нэг ч алга. Дөрвөн жилийн турш зүтгэж зүтгэж баруун аймгуудад 120-хон км зам тавилаа шүү дээ. Гэтэл АН-ынхан 2012-2016 онуудад ямар их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн бэ гэдгийг ард түмэн санаж байгаа.

Ер нь бол МАН-ын бодлого төрийн бүтцийг улам данхар болгож, түүгээрээ дамжуулж янз бүрийн тендер, концесс  хувьдаа авч мөнгө завших ийм л ажлууд хийж байна.

-Шүүгчдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг өөрчлөлтийг засахаар болж байна. Үүнийг та дэмжиж байгаа юу. Мөн өнгөрсөн хоёр долоо хоног Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ШЕЗ-өөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгийг танилцуулах гэсэн боловч байнгын хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн хуралдааныг орхин гарсан. Уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

 -Таны асуусан хоёр асуултад би эсрэг байр суурьтай байгаа. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөр чөлөөлдөг байх энэ хуулийг хэлэлцэх үед нь ч би эсрэг байр суурьтай байсан. УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгийг бусад гишүүдийн адил дэмжихгүй байгаа.

"ХЭН НЭГЭН ШИДТЭН ГАРЧ ИРЭЭД АН-ЫГ ӨӨРЧИЛНӨ ГЭЖ БАЙХГҮЙ"

 

 

-Хоёулаа ярианы сэдвээ өөрчилж, танай намын дотоод асуудлаар ярилцъя. Ард түмэн хоёр ч удаагийн сонгуульд МАН-ыг дэмжиж, үнэмлэхүй ялалт өглөө. "АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилалгүй байсан учраас ялагдлаа" гэж намын залуучууд нь дүгнэж байгаа. АН хоёр сонгуульд дараалан ялагдсан шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Намын даргатай холбоотой шүүмжлэлүүд байдаг. Гэхдээ бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайх нь зөв болов уу. Өнөөдөр сонгогчдын боловсрол дээшилж, маш прагматик болсон. Тухайн нэр дэвшигчийг харж, сонсож, барьж үзэж эмэрч байж сонголтоо хийдэг болсон. Энэ хүн сонгогдоод бидний төлөө юу хийх үү, амьдрал маань яаж өөрчлөгдөх үү гэдгийг харж байж сонголтоо хийдэг болжээ. АН-ын нэр дэвшигчдийн хувьд маш их хөдөлмөрлөж байж сонгогдох ийм нөхцөл байдалтайгаар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон.

Харамсалтай нь, манай намын нэр дэвшигчдийн дийлэнх нь тухайн тойрогтоо танигдаагүй хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь алдаа болсон.

АН 2024 оны УИХ-ын сонгуульд ялахын тулд ямарваа нэгэн лидер харахаас илүүтэй аль аймаг, дүүрэгт нэр дэвших тэр тойрогтоо очиж эртнээс хөдөлмөрлөж өөрийгөө таниулах нь хамгийн чухал гэж би хувьдаа үзэж байгаа. Түүнээс биш хэн нэгэн шидтэн ирээд өөрчилнө гэж байхгүй. Хөдөлмөрлөж байж сонгогдоно гэсэн энэ зарчмын дагуу л би өнгөрсөн хугацаанд ажилласан. Тухайлбал, жилийн 365 хоногийн 200 хоногт нь би Ховд аймагт ажиллаж, иргэд, малчдынхаа дунд орж ажилласны хүчинд дахин сонгогдсон. Бусдаар надад ямар ч ид шид байсангүй.

-Намын нөлөө нь байгаагүй гэж үү?

-Хэрэв намын нөлөө байсан бол АН-аас нэр дэвшсэн хүн бүр сонгогдоно биз дээ.

-АН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн хувьд лидер хайж, тэр хүнээс өөрчлөлт, шинэчлэлтийг хүсч байна. “Манлайлагчаа зөв олох нь АН-ын хувьд чухал асуудал” гэдгийг намын зарим гишүүн ч хэлж байгаа?

-Хэн нэгэн лидерийг хайж байгаа бол У.Хүрэлсүхээс илүү популист хүн гарч байж АН-ыг олонх болгож чадна. Бусдаар бол сонгууль гэдэг тухайн нэр дэвшигчээс асар их шалтгаалдаг гэдгийг хүмүүс ойлгохгүй хэн нэгэн лидерийг хайгаад байгаа юм. 2024 онд ялалтыг бий болгоход ихэнх хувь нь тухайн нэр дэвшигчдээс л хамаарна гэдгийг намын нөхөд маань ойлгох хэрэгтэй.

-АН-ын шинэ даргад та ямар шаардлага тавих вэ?

-Зөв хүн байх нь хамгийн чухал. Хуучин, шинэ хүмүүсийг хооронд нь холбочихдог, нийгэмд цаг үеэ олоод тодорхой байр сууриа илэрхийлдэг байхад л болно.

-Ардчилсан намын Их хурал энэ сарын 16-нд болно. Энэ хурлаар намын даргаа сонгох процессийг тодорхой болгоно гэж ойлгох уу?

-Манай намын дүрмээр бол намын даргад болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын нийт гишүүдээс марафоноор сонгодог байсан. Харамсалтай нь, энэ нь эргээд намын гишүүдийг дотор нь хуваах сул талтай байсан учраас энэ сарын 16-ны өдөр болох Их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргыг хоёр шатнаас сонгоно. Өөрөөр хэлбэл, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын Их хурлаар сонгодог байх.  Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын Их хурлаар шийдвэрлэх дүрмийн өөрчлөлт хийхээр ажиллаж байна.

Их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулснаар Улсын Дээд шүүхэд бүртгүүлсний дараа дахин Үндэсний бодлогын хороо Их хурлыг хуралдуулж шинэ даргаа сонгоно.

 -АН-ын шинэ дарга болох амбицтай хүмүүс олон байна. Таны хувьд намын даргад өрсөлдөх үү. Үгүй бол хэнийг намын дарга болоосой гэж бодож байна?

 -Миний хувьд АН-ын олон мянган гишүүдийг төлөөлж өндөр итгэлийг хүлээх цаг нь хараахан болоогүй. Намын даргад нэр дэвших нөхдөд нэг зүйлийг хэлэхэд, өөрийгөө ч бүрэн дүүрэн таниагүй замын нөхдүүд намын даргад өрсөлдөж, АН-ын нэр хүндийг унагаах ёсгүй шүү гэдгийг би хатуухан хэлмээр байна.

-АН-аас салан тусгаарлагдсан хүмүүс эргээд намдаа орох сонирхол нь илт байгаа. Тухайлбал, Ж.Батзандан, Л.Болд, Н.Алтанхуяг нартай эвлэлдэн нэгдэж, АН эхлээд дотроо цул болох шаардлагатай гэдгийг ч зарим хүн хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-“Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг энэ зарчмаар явбал амжилт гаргах боломж байгаа. Хэт эсрэг байр сууринаас асуудалд ханддаг, намын эсрэг ажилладаг тийм хүмүүст хатуу чанга байх ёстой. Бүх зүйлд зөөлөн байх, эв эеийг хичээх боломж угаасаа байхгүй. Нэг талдаа эв эеийг хангаж нөгөө талдаа асуудалд зарчимч, сахилга баттай байх нь зөв гэж би хувьдаа үздэг.

Намын шинэ дарга болох хүн тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж, намын эв нэгдлийг хангах гадна, дотор байгаа хүмүүсийг нэгтгэх ажлыг хийх байх. Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар АН бусад намтай нэгдэж оролцсон нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байсан. Шинэ намын дарга энэ асуудалд шуурхай ажиллах байх гэж найдаж байна.

-Одоо дахиад шинэчлэлтийн дараа АН өөрчлөгдөж чадах уу гэсэн эргэлзээ, тээнэгэлзээ гишүүдийнх нь дунд байгаа. Шууд асуухад, Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө  танай нам шинэчлэгдэж чадах уу. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших АН-ын гишүүн хэн байх бол?

-Манай нам үзэл баримтлалын хувьд хэдийнэ тогтсон, баруун төвийн нам байна гэдгээ тодорхой болгочихсон. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний сайн сайхны төлөө хангалттай ажиллаж байгаа. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших боломжтой гэж би хувьдаа үзэж байгаа.

 -Өөр хувилбар байхгүй юу?

-Байхгүй.

Эх сурвалж: News.mn


"АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй"
2020-11-09 16:36:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-02 20:47:14
    ?????: өө Зоригын аминд бат ,оюуныг олчихсон юмуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-02 20:42:32
    ???????? ??????: Зориг агсаны амьд холбогдшгүй нэг хүн АН-дарга болох санаатай хэ хэ ичээч Тэр хүн Америкдаа очоо. Элбэгдоржоо дагаад
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-20 22:22:49
    ?????: Баабарыг тавиад нэг үзэхүү дээ ,за даа АН-ч нүд аних шивдээ,ядаж үзэл баримтлал,зүг чиг ээ энэ нөхрөөр бичүүлээд архивт хийвэл түүхэнд үлдэж юуны магад ,намын эрхэм хүндэт дээрэмчин ,луйварчин хоосон толгойт цадаж үзээгүй шуналт нөх дөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-10 10:56:20
    ?????: Худлаа гар, хүмүүст мөнгө тарааж сонгогдсон байж
Шинэ мэдээ