Бямба, 2024-04-20
Т.Хонгорзул: Эцэг эхийн зарим хандлага, үйлдэл нь хүүхдийг нарциссист эмгэгтэй болох суурийг тавьж байна

Сэтгэл зүйн шинжлэх ухаанд бие хүний 10 эмгэг бий. Үүнээс нарциссист эмгэг нь хамгийн түгээмэл тохиолддог байна. Тэгвэл энэ талаар клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.

-Нарциссист эмгэгийг хүмүүс өөрийгөө хэт дөвийлгөх эмгэг гэж яриад байдаг шүү дээ. Та ярилцлагынхаа эхэнд нарциссист эмгэг ямар байдлаар илэрдэг талаар тайлбарлаж өгнө үү?

-Нарциссист эмгэгийг хүмүүс өөрийгөө хайрлах, өөрийгөө бишрэн шүтэх зэргээр ойлгоод байдаг. Гэтэл яг үнэндээ энэ нь бусдын санаа бодолд автах эмгэг юм. Бусдын сайшаалыг хүртэхийн тулд өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гээсэн гэсэн үг. Ийм эмгэгтэй хүмүүс өөрийгөө хангалтгүй, сул дорой гэсэн мэдрэмжийг авахыг хүсдэггүй учраас тэрийгээ гадаад байдлаараа илэрхийлж, өөрийгөө давуу, хүчтэй бүхнийг чадагч гэдэг дүрээр харуулахыг зорьдог. Өөрт нь би бүхнийг чаддаг, би алдартай гэсэн мэдрэмж төрдөг учир бусдад сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал байдаг. Үргэлж төгс төгөлдөр рүү тэмүүлдэг. Гоц ухаантай, гоо сайхантай, ажлыг тултал хийж бусдын сайшаалыг хүлээж авахдаа дуртай.

Мөн шүүмжлэлд хэтэрхий мэдрэг ханддаг. Энэ хүмүүс өөрийгөө мундаг байна, сайн байна гэж харуулмаар байтал эсрэгээр нь бусдад шүүмжлүүлчихээр өөрийгөө хангалтгүй юм байна, сул дорой юм байна гэсэн дотоод мэдрэмж нь мэдрэгдэнэ. Ингэснээр тэндээсээ маш их ичиж, санаа зовдог. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүйгээс болж маш их уурлаж бухимддаг. Бусад хүмүүстэй ойр дотно харилцаа үүсгэж чаддаггүйгээс гаднаа олон найз нөхөдтэй мэт харагдавч дотны гэх хүн байдаггүй. Ойр дотно харилцаа гэдэг тухайн хүнийг илүү сайн таньж, мэдээд тэр хүн юу боддог вэ, юу сонирхдог вэ гэдгийг таньж мэдсэнээр үүсдэг. Гэтэл нарциссист эмгэгтэй хүмүүс бусад хүмүүсийг таньж мэдье гэхээсээ илүү бусад хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа бол, миний талаарх бусдын үзэл бодол юу бол гэдгийг чухалчилдаг.

-Энэ нь даамжирвал яах вэ?

-Ийм эмгэгтэй хүмүүс дотроо маш их ганцаардсан, хоосон мэдрэмжийг авдаг. Гадаад төрх байдалдаа дуртай хүн бол илүү төгс төгөлдөр болохын тулд мэс засалд их орно. Ингээд тэр хүн хөгшрөхийн хэрээр гоо сайхнаа алдах үед эсвэл ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдах, карьераа үргэлжлүүлж чадахгүй болох үед, эсвэл хүнтэй суувал ханьтайгаа учраа олохгүй байх тохиолдол байдаг. Өөртөө л цаг гаргаж, өөрийнхөө л амжилтыг боддог тул ханьдаа, хүүхэддээ цаг гаргах нь ховор. Ингэснээр эхнэр эсвэл нөхөр нь түүнд гомдоллож эхэлдэг. Энэ үед маш их хямарч, би хангалттай биш гэх мэдрэмж нь гарч ирнэ. Бусадтай ойр дотно харилцаа үүсгэж чадахгүй учраас хэнээс ч тусламж хүсэж чадахгүй. Яагаад гэвэл өөрийнхөө сул дорой байдлаа харуулах дургүй шүү дээ. Ингэж явсаар гэр бүл салж, сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Дэлхий нийтэд сэтгэл гутрал нь нас баралтын гуравдагч том шалтгаан болсон.

-Энэ эмгэг үүсэх гол суурь нь юу байдаг вэ?

-Хүн болгонд нарциссист хэв шинж бий. Энэ нь хүн болгон ийм эмгэгтэй гэсэн үг биш. Тодорхой хэмжээний нарциссист байх нь хүнд сайнаар нөлөөлдөг. Өөрийн үнэлэмжтэй байх, улмаар харилцаа болон ажилдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлнө. Тухайн хүний нарциссист хэв шинж нь ямар түвшинд байна гэдгийг харж байж эмгэг болсон эсэхийг шийднэ. Энэ нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход хэр зэрэг нөлөөлж байна гэдгээс анзаарагддаг. Хэв шинж нь даамжирсаар эмгэг болохгүй. Харин бага байхад нь буюу 0-3 насанд эмгэгтэй болчихсон байдаг. Энэ нь явсаар өсвөр насанд болон гэр бүл зохиоход гарч ирдэг.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хэрэгцээг таньж мэдэж, түүнд тохирсон сэтгэл зүйн хэрэгцээг хангахгүй байснаар үүснэ. Хүүхдээ заавал мундаг байлгах, заавал сайн байж байж бид нар чамайг хайрлана, хүлээн авна гэсэн болзол шаардсан хайрыг багаасаа хүүхэддээ суулгах үед үүсдэг. Үүнийгээ эцэг эхчүүд, анзаарч мэддэггүй. Эцэг, эхчүүдийн ухамсаргүйн түвшинд далд хүсэж байсан хүсэл бий. Жишээлбэл, ээж аав нь бага байхдаа том болоод мундаг тамирчин болно гэж хүсдэг байсан ч болж чадаагүй. Тэгвэл өөрөө хүүхэдтэй болонгуутаа багаас нь спортын дугуйлангаар хичээллүүлээд л өөрийнхөө хүсэж байсан хүслүүдээ хүүхэддээ тулгаж хийлгүүлдэг. Гэтэл үүнийг хүүхдүүд эцэг эх хүсээд хийлгэж байна гэж мэдэхгүй, би хийх л ёстой юм байна гэж ойлгодог. Яагаад гэвэл тэгэх л юм бол ээж, аав нь маш их магтдаг. Ээж аав нь найз нөхөддөө “Миний хүү мундаг бүжиглэж байгаа биз дээ” гэж хэлдэг. Энэ нь энэ эмгэгийг үүсгэх шалтгаан болдог.

-Энэ эмгэгээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юунд анхаарах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийг 0-3 насанд сэтгэл зүйн ямар хэрэгцээ байна вэ гэдгийг мэдэрч, ойлгох хэрэгтэй. Хүүхэд нэг ой 6 сартайгаасаа эхлүүлээд бүх зүйлийг өөрөө хийе гэдэг шүү дээ. Энэ үед нь эцэг эх хүүхдийн хооронд асуудал гардаг. Хүүхэд өөрөө хийе гэчихээд хийж чадахгүй байх үедээ сэтгэл зүй нь маш их хямардаг учир тайвшруулах хэрэгтэй. “Чи энийг хийж чадахгүй” гээд аливаа зүйлийг өөрөөр нь хийх боломжийг олгохгүй байвал тухайн хүүхэд би эцэг эхгүйгээр юм хийж чадахгүй юм байна, заавал эцэг эхийн тусламжийг авах ёстой юм байна гэх мэдрэмж авна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд бие даан юм хийж сурах гэж байгаа юм байна гэдгийг нь ойлгоод тодорхой хэмжээгээр насных нь онцлогт тохирсон зүйлсүүдийг хийлгэх хэрэгтэй. Хийж чадахгүй байх үед нь хамт байж тайвшруулах нь чухал.

Эсвэл эцэг эхчүүд хүүхэд ганцаараа байх үед нь хүүхдээ тэвэрмээр санагдангуут очоод тэвэрчихдэг. Гэтэл тэр хүүхдэд ганцаараа байх хэрэгцээ гэж байна шүү дээ. Тэрийг нь анзаарахгүй, хувийн орон зайг нь хүндэлж үзэхгүй очоод тэврээд, үнсээд байдаг. Бүр зарим эцэг эх өөрийнх нь сэтгэл санаа муу байх үед хүүхдээ тэврээд уйлаад байх тохиолдол бий. Хүүхэд уйлаад эцэг эх дээрээ ирэх үед хүүхдээ тэврээд тайвшруулах ёстой байтал өөрсдөө хүүхдээ тэврээд уйлна. Ингэх үед хүүхэд ээж уйлах үед би тайвшруулах ёстой юм байна гэсэн мэдрэмж хүүхдэд төрдөг. Ингэснээр би юу хүсэж байна вэ, би юу хийх вэ гэдгээ бодох бус аав ээж юу хүсэж байна би тэрийг нь хийх ёстой юм байна гэсэн мэдрэмж сууна. Энэ нь даамжирсаар нарциссист гэх эмгэг болно. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг мэдрээд хариу үйлдэх нь тухайн хүүхдийн жинхэнэ мөн чанар нь өсөж төлөвшихөд маш чухал. Заавал мундаг сайн байж л хайрлагдаж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг мэдрэмжийг өгөх биш, харин байгаагаар нь хайрладаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 


Т.Хонгорзул: Эцэг эхийн зарим хандлага, үйлдэл нь хүүхдийг нарциссист эмгэгтэй болох суурийг тавьж байна
2021-10-14 17:22:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0