Ням, 2023-03-26
Х Богдыг тодруулснаар Монгол ардчилсан улс гэдгээ дэлхийд харууллаа

Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Др.Ж.Лхагвадэмчигтэй цахимаар холбогдож, Х Богдыг тодруулж, залсан тухай ярилцлаа. 


-Сүүлийн үед X Богдыг тодруулж, залах ёслол болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Х Богдыг залах ёслол Монголд болсон уу?

-Тодруулахын хувьд бол 2016 онд Х Богд Жэвзундамба хутагт Монгол Улсад тодорсон болохыг олон нийтэд мэдээлсэн байдаг. Энэ жилийн Цагаан сарын шинийн гурванд Х Богд Жэвзундамба хутагтыг залах ёслол болсон бол энэ нь хараахан ширээнд залах ёслол биш байх гэж бодож байна. 2011 оны арваннэгдүгээр сарын 2-ний өдөр IХ Богд Жэвзундамба хутагтыг ширээнд нь залсны адил алсдаа Монгол Улсын Буддын шашны нийт сүм хийд, сүсэгтнүүд хуран цуглаж Х Богд Жэвзундамба хутагтаа залах ёслол үйлдэх байх.

Ер нь бол хутагт хувилгаадыг тодруулсны дараа ширээнд нь албан ёсоор залж байж, хутагт хувилгаад бүрэн баталгааждаг уламжлалтай.

Богд, хутагт хувилгаан тодруулах талаар Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд ямар нэгэн заалт байдаггүй. Тэгэхээр ямар ёс жаяг, дэг, шалгуураар тодруулдаг юм бэ. Залах ёслолын хувьд онцлог зан үйл байдаг уу?

-Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Түүхэн үеийн шашин, нийгмийн нөхцөл байдлаас хамааран Төвөд, Монгол, Бутанд хутагт хувилгаадыг тодруулж эхэлсэн бөгөөд тодруулах тодорхой ёс жаяг, шалгуур ч тогтсон байна. Энэ бол буддын шашны өөрийн нь ёс уламжлал, дотоод хэрэг юм.

Шашны уламжлал ёсоор жишээ нь IX Богд Жэвзундамба хутагтыг хэрхэн тодруулсан тухай яривал түүнийг бага балчир байх үед нь Төвөдийн Гандан ширээт Жамбачойдаг, Пабонха ринбүчи, Хансар ринбүчи нар ер бусын хүүхэд хэмээн шинжиж, мөн Найчун чойжин, Гадон чойжин нар чойжин буух үедээ Халх Жэвзундамбын дүр хэмээн нотолсон байдаг. Улмаар тухайн үед Төвөдийн засаг барьж байсан Радэн ринбүчи VIII Богд Жэвзундамба хутагтын дүр мөн хэмээн тодруулжээ. IX Богд ч өөрийн өмнөх дүрийн зүйлээ таньсан гэж намтарт нь бичсэн байдаг. Дашрамд хэлэхэд Радэн ринбүчи нь ХIV Далай ламыг тодруулан ширээнд нь залсан лам юм.

Шашны өөрийнх нь тогтсон уламжлалын талаар бид зөв буруу гэж маргалдан, зааж зөвлөх нь өрөөсгөл болов уу.

-X Богдыг Монголоос тодруулснаар бурхны шашинд ямар ач холбогдолтой вэ. Та өмнө нь Монгол Улс шашнаар дамжуулан шашны зөөлөн хүчний бодлого явуулах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байсан шүү дээ?

-Монгол Улсын буддын шашинтнууд Үндсэн хуульд заасан шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж байна. Монгол Улс иргэдийнхээ шашин шүтэх, эс шүтэх эрхийг хүндэтгэн хамгаалдаг ардчилсан улс юм байна гэдгийг дэлхийд харуулж байна. Монголын буддын шашны институцийн асуудал тодорхой болж байх шиг байна.

Зөөлөн хүч гэдэг бол нэг талдаа бусдын сэтгэлийг татах, бусдад таалагдах гэсэн утга агуулдаг.

Энэ утгаар Монголын буддын шашин, Монгол Богд нь дэлхийн буддын шашны соёлын ертөнцөд айлаас эрж хайх хэрэг үгүй бусдын сэтгэлийг татах эрдэнэ болж болох юм.

-Шарын шашны энэ үйл ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү?

-Монгол Улсын шашин шүтэгч иргэдийн 80-аас дээш хувийг эзэлж буй буддын шашинт иргэдийн эв нэгдэлд эерэг нөлөөтэй хэмээн үзэж байна.

-X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн шашин номын ажил эрхлэх үү?

-Үндсэн хуульд “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалт бий. IX дүрийн Богд Жэвзундамба хутагт өөрийн гэрээслэлдээ миний удаах дүрийг миний язгуурын багш Далай лам тодруулна, миний удаах дүр улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд иш, онолын эрдэм төгөлдөр лам хувраг байна хэмээн захиж үлдээсэн байдаг.

-Х Богд эх орондоо буддын сүм хийдэд сууна гэсэн үү?

-Монголын Бурхан шашинтны төв, тэргүүлэгч лам нарын зөвлөл, Богдын лавран, эцэг эх мөн залуу хутагт өөрөө шийдэх байх. Түүхэн уламжлалыг харахад монгол хутагт хувилгаад, лам хуврагууд өсвөр бага насандаа өөрийн өссөн төрсөн нутагтаа эрдэм номд шамдан суралцаж монгол суурьтай болсон хойноо гадаад улс оронд суралцахаар мордсон байдаг.


Х Богдыг тодруулснаар Монгол ардчилсан улс гэдгээ дэлхийд харууллаа
2023-03-14 10:47:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0