Бямба, 2024-04-27
Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.


-УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд англи хэлийг Монголын боловсролын салбарт багаас нь заах тухай асуудал олон нийтийн дунд маргаан талцал үүсгээд байна. Таны хувьд Засгийн газраас оруулж ирсэн хуулийн эсрэг байр суурьтай байгаа бололтой?

-Боловсролын багц хууль бол Монголын боловсролын салбар аль загвараар явах уу гэдгийг тодорхойлох суурь хууль юм.  Засгийн газрын өргөн мэдүүлсэн Л.Энх-Амгалан сайдын хуулийг би суурь агуулгыг нэлээд тусгасан хууль гэж харж байсан. УИХ-ын ажлын хэсгээс таван агуулга нэмсэн. Энэ дотор “endowment funds” гэх ойлголт бий. Энэ нь төгсөгч нар нь ашиг орлогоосоо санжүүжилт хийх боломж олгоод “endowment funds "байгуулаад судалгаанд зарцуулдаг. Энэ тогтолцоог оруулж ирэх гэж буй бол дээд сургуулийн салбарт сургалт, судалгаа, инновацащиас орлого олох буюу төлбөрөөс 60 хувь, 40 хувиас нь инновацийн үйл ажиллагааг дэмжиж судалгаанаас ашиг олох концепци рүү явдаг. Гэтэл ингэж орж ирж буй мөртлөө академик эрх чөлөөнд халдсан зохицуулалт харагдаж байна. Жишээ нь, хоёр сургууль хоорондоо 60 кредит нийт 120 кредит бакалаврын түвшинд байлаа гэхэд 60,60-аар нь хөтөлбөрийн кредит трансфер хийдэг. Энэ кредит трансферыг төрийн захиргааны байгууллага буюу боловсролын ерөнхий газар зөвшөөрнө гэдэг шууд утгаараа академик эрх чөлөөнд халдах, “endowment funds” үүсэх нөхцөлийг байхгүй болгож байна.

-Та яагаад нэгдүгээр ангиас англи хэл заахыг эсэргүүцээд байгаа юм бэ?

-Боловсролын хуулийн концепци зөв гарах ёстой. Кембрижийн хөтөлбөр гэж бий. Тус хөтөлбөр яагаад зургадугаар ангиас хэрэгждэг юм гэвэл, 1-6 анги хүртэл үндсэн эх хэлийг нь эзэмшүүлээд зургадугаар ангиас нь Кембрижийн стандартын дагуу байдаг. Би Британийн магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаад дөрвөн жил Монголд Британийн магадлан итгэмжлэлийг оруулж ирэх хөтөлбөр дээр ажилласан. Тиймээс нэг зүйлийг ойлгосон. Кембрижийн хөтөлбөр ч бай, IB-ийн хөтөлбөр ч бай үндэсний онцлогоо шингээх ёстой гэдгийг. Кембрижийн хөтөлбөрийг хүмүүс зуун хувь англи болох гээд байна гэдэг ч дөрвөөс дээш хичээлийг тухайн орны хэлээр тус хөтөлбөрөөр нь заахыг хэлдэг.

Гэтэл нэгдүгээр ангиас нь Монгол хэлийг заагаад зургадугаар ангиас нь англи хэлийг сонгон заах маягаар нь явах  зөв. Жишээ нь, Герман, Финлянд, Европын зарим төлбөргүй боловсрол олгож буй улсуудад “American school”, “British school” сургууь орж ирэх нь чөлөөтэй. Эцэг эх өөрөө л сонгодог. Төрөөс олгож буй боловсрол бол 1-6 ангид үндсэн хэл нь монгол хэлээр, сонгон суралцах нь англи байна уу, орос байна уу сонголтыг өгч байгаа юм. Ерөөсөө Кембриджийн хөтөлбөрийн ялгаа нь энэ юм. Тиймээс хуульд тусгайлан авч үзэх нь академик эрх чөлөөнд халдсан буюу дээрээс нь үндэсний уламжлалд сөргөөр нөлөөлөх аюултай.

-Таны хувьд Кембрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байсан. Энэ хөтөлбөрт англи хэлийг чухалчилаг биш үү?

-Миний бие УИХ-д Кембрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлгийг байгуулж ажиллаж байсан. Энэ ямар зорилготой вэ гэхээр Сонгинохайрхан дүүрэг, орон нутгийн зарим аймагт суралцаж буй хүүхдүүдэд Кембрижийн хөтөлбөрийг оруулж ирснээр тэтгэлэг авах боломжтой байдаг.

“Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” гэх сургуулиас төгссөн хүүхдүүд яагаад тэтгэлэг авч байна вэ гэвэл авч буй адистат, сертификатын тусламжтайгаар тэтгэлэг авах нөхцөл бүрддэг учраас эцэг эхчүүд хүүхдээ тэнд өгдөг. Тухайн сургууль “ийм технологитой ийм хөтөлбөрийн дагуу хичээлээ ороорой”, дээрээс нь багш нарыг сургагч багш болгож бэлдээд энэ хөтөлбөрөөр заах арга зүйч бэлтгэдэг. Бид өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд хамтраад Зүүнсалаанд Кембрижийн хөтөлбөрийг гурван жил багш нарыг нь бэлтгэлээ. Ирэх долоо хоногт зургадугаар ангиас нь Кембрижийн хөтөлбөрөөр заах албан ёсны сургуулийг байгуулах гэж байна.

Би Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль санаачлагч. Тиймээс англи хэлний IELTS-ийн 7-оос дээш оноотой багш нар сум аймаг орон нутагт байна уу, лаборатори, ном товхимол нь байна уу. Багшаа дэмжсэн бодлогыг дэмжиж байж түвшин бүрт ахиц гарна.

Дээрээс нь хүүхдүүд “Youtube”, “google” гээд бидний үеийг бодвол англи хэлээр зарим нь хэлд орж байна. Суралцъя гэвэл зах хязгааргүй медиа эрх чөлөөнд янз бүрийн видео хичээл аваад сурах боломж байгаа учраас цаашдаа бид боловсролын чанарын баталгаажуулалт руу анхаарах ёстой.

-Энэ хуулийн төсөлд голчлон анхаарах ёстой зүйл нь юу байв. Хэдийгээр англи хэлийг гуравдугаар ангиас заахаар яригдаж буй  ч багш боловсон хүчний асуудал хөндөгдөх байх?

-Миний хэд хэдэн санал дэмжигдсэн. Харин цаашдаа дээд боловсрол, бага боловсрол, МСҮТ-ийн хууль гарна. Ер нь бодоод байх нь ээ сайн экспэрт, мэргэжилтнүүдийг авчирч урьж хамтын нэлээд өргөн мэдлэгтэй баг бүрдүүлж ажиллахгүй бол Боловсролын хууль улстөрчдийн хэрүүл тэмцлийн бай болж гол агуулгад анхаарахгүйгээр агуулгын зөрчилд орчих вий. Яагаад гэхээр боловсролын үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хоёулаа өөр ойлголт. Гэтэл хамт зэрэгцээд орж ирж байна. Анхны хуульд боловсролын стандарт гэж орж ирсэн. Стандарт хэмжилзүйн газар стандартыг тогтоох юм биш. Хөтөлбөрт стандарт тавих эрх Стандарт хэмжилзүйн газарт байхгүй. Тийм чадамж ч байхгүй. Энэ хуулиар ард түмэн илүү хожих ёстой. Тиймээс багш нарыг дэмжсэн бодлого түлхүү оруул гэж байгаа юм. ЕБС-ийн багш нарт эцэг эхчүүд нь манай хүүхдийн хоцрогдлыг арилгаад өгөөч, хоёр цаг давтлага хийгээд өгөөч гээд цагийн багш авдаг. Гэтэл сургуулийн удирдлагууд давхар орлого оллоо гээд шахаад байдаг. Үнэхээр эцэг эхчүүд нь хүсч байвал ажлын бус цагаар хичээл заах, давтлага өгөх, нэмэлт орлого олох саналыг би байнгын хороонд хүргүүлсэн. Ер нь хууль гарч болно. Гэхдээ энэ салбарт ажиллаж буй багш нарын цалин мөнгө, нийгмийн баталгааг сайжруулж байж тухайн орон нутагт өндөр чадамжтай багш очиж ажиллана. Түүнээс биш багш нарын шалгуурыг өндөрсгөснөөр улам багшгүй болж байна. Одоо бид багш хайгаад л байна. Ийм цалингаар сайн багш олдохоо байлаа. ЕБС төгсөгчид багш мэргэжлийг сонгохгүй байна. Одоо яах вэ? Энэ тал руу анхаарах хуулийг гаргах ёстой.


Н.Учрал: Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг
2023-05-05 12:10:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ