Бямба, 2024-06-15
Б.Батцэцэг: Дэлхий нийтээрээ биднийг харж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Монгол Улсын гадаад бодлого зогсонги байдалд шилжсэн цаг үеэ бодвол эргээд сэргэх чиглэл рүүгээ явж байна. 2016 оноос дэд сайд, 2021 оноос сайдаар ажиллаж байгаагийн хувьд үүнийг хамгийн сайн мэдэх, ярих хүн нь Та? Зөвхөн 2022 онд гэхэд ОХУ, БНХАУ-аас гадна манай "гуравдагч хөрш" гэгддэг хэд хэдэн улсын Гадаад хэргийн сайд нар айлчиллаа. Ганцхан жилийн хугацаанд дараалсан ийм олон айлчлал хүлээн авч байсан тохиолдол мэдээж үгүй байх?

-Айлчлалаар маш олон асуудлыг шийддэг. Магадгүй 20-30 жил ярьж ирсэн ч ойлголцолд хүрдэггүй, урагшилдаггүй асуудлаар баримт бичиг байгуулах тохиолдол гардаг. Дээд, өндөр түвшинд шийдвэр гаргуулдаг. Тиймээс айлчлал бол яалт ч үгүй онцгой. Өнгөрсөн онд зургаан улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчиллаа. Хоёр хөршийнх ч ирлээ. "Гуравдагч хөрш"-өөс Япон Улс, БНСУ-аас ирсэн. Энэтхэгийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ирсэн. Дэлхийн бүх орон Гадаад хэргийн сайд нарын айлчлалыг, тэр дундаа эдгээр улсынхыг маш анхааралтай  ажигладаг. 

Сүүлийн гурваас дөрвөн жилийн хугацаанд дэлхий нийт олон сорилттой тулгарсан. Олон улсын харилцааны хэм хэмжээ өөрчлөгдөж, их гүрнүүдийн зөрчил улам гүнзгийрч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм хэмжээний гүнзгий хямрал, мөн дэлхий дахинд нөлөөлсөн зэвсэгт мөргөлдөөн болж байсангүй. "Ковид-19" цар тахал өөрөө хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй нөхцөл байдлыг бий болгож, гэнэтийн зүйлд бэлэн биш гэдгийг харуулсан.

-Бэлэн биш гэдэг нь?

-"Ковид-19"-ийн цар тахалд хөгжсөн, хөгжиж байгаа, хөгжил буурай улс орон бүгд ялгаагүй нэрвэгдсэн. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд ялгаа зааг гараагүй. Дэлхий даяараа вакцин гаргаж авах гэсэн тэмцэл өрнүүлсэн. Мэдээж улс орон болгоны дипломат ажиллагааны арга барил, харилцаа чухал үүрэгтэй байсан. Ялгарах онцлог нь ч болсон. Монгол Улсын тухайд маш богино хугацаанд иргэдээ ванкинжуулах бодлого барьж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадсан. "Ковид-19" цар тахлыг хохирол багатай даван туулахад Засгийн газруудын үндсэн бодлого, үйл ажиллагаа чиглэгдэж байсан. Эдийн засгаа бодох уу, иргэдийнхээ эрүүл мэндийг аврах уу? гэх зэрэг хатуу сорилт, сонголттой тулгарсан. Энэ дунд манай Монгол Улс оновчтой бодлого баримталж, хүн амаа вакцинжуулж чадсан эхний 10 орны нэг болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал үүнийг онцолж, загвар улс болгон зарлаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хүмүүс анзаараагүй өнгөрсөн байж болох ч далайд гарцгүй, хязгаарлагдмал нөөцтэй улс гэхэд "Ковид-19"-ийн эсрэг авсан хариу арга хэмжээ нь оновчтой байсны бодит жишээ бол яах аргагүй Монгол Улс.

Үүнийг яагаад дурдаад байна вэ гэхээр Монголын дипломат үйл ажиллагаа  сайн байсныг олон улсын хамтын нийгэмлэгт богино хугацаанд харуулж чадсан учраас онцлоод байгаа юм. Олон улсад “Вакцины дипломат ажиллагаа” гэх нэр томьёо гарсан. Улс хооронд хэрхэн зохицуулалт хийх, иргэдээ яаж татан авах зэргээр цар тахлын үеийн дипломат үйл ажиллагаа өрнөсөн. Бид дэлхийн 87 орноос нийт 34 мянган иргэнээ татаж авсан байдаг. Тухайн үед дэлхийн бүх орны гадаад харилцааны салбар "уралдаан" маягтай явсан шүү дээ. Ямар ч байсан богино хугацаанд иргэдээ татан авч, вакцинжуулсан зэрэг нь гадаад талдаа эерэг мессеж болж, Монгол Улсын нэр хүнд, үйл ажиллагаа, чадал чансааг өсгөсөн гэж найдаж байна.

-Залгаад ОХУ Украинд довтолж, дайн өдөөсөн нь бас нэгэн сорилтыг бий болгосноор жил тойрч байх шиг?

-Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан цар тахал, түүний эдийн засаг болон бусад салбарт үзүүлж буй сөрөг нөлөө бүрэн арилаагүй байхад Дэлхийн II дайнаас хойш Европ тивд гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, өнөөдөр эцэс төгсгөл нь тодорхойгүй үргэлжилж байна. Дэлхийн II дайнаас хойш зэвсэгт мөргөлдөөн тасраагүй боловч энэ удаад манай хойд хөршийн шууд оролцоотой энэхүү дайн олон улсын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж, төрөл бүрийн хоригт орсон нь Монгол Улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт шууд нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Товчхондоо, бид өмнөхөөсөө илүү сорилтуудтай тулгарч эхэлсэн. Олон улсын харилцааны нөхцөл байдал ихээхэн ээдрээтэй, мөн их гүрнүүд хоорондын зөрчилдөөн улам нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс энгийн үгээр хэлбэл “нэг талд” нь гарах шаардлагатай, аль нэгийг нь сонгох ёстой гэсэн яриа олон нийтийн дунд түгээмэл ажиглагдах болсон. 

Өнөөгийн энэ эгзэгтэй нөхцөлд бид гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж ухаалаг байх ёстой. Заримдаа асар их тэвчээр ч шаардана. 

Өнгөрсөн хугацаанд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Украины асуудлаар баталсан тогтоолуудад “түдгэлзэх” санал өгч ирсэн. Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, цөмийн зэвсэгтэй, цэрэг, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлэгч хоёр их гүрний дунд оршдог хөгжиж буй улс юм. Манай улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангахад хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцааны тэнцвэрийг олох, хазайхгүй байх асуудал нэн чухлаар тавигддаг.

-Монгол Улс түдгэлзсэн санал өгч ирсний шалтгаан юу юм? Түдгэлзэх санал өгснөөр нэг талаар дайныг дэмжсэн л гэх юм. Арай өөрөөр тайлбарлах нэгэн ч байна. Яг үүнд Гадаад харилцааны сайд нь ямар тайлбар хэлэх нь сонирхолтой байна?

-Үүнд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд НҮБ-ын холбогдох тогтоолуудад түдгэлзэх санал өгсөөр ирсэн нь манай улс Украин Улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихгүй байна гэсэн үг огт биш юм. Украин Улсад олон хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртэж, орон гэрээсээ дүрвэж байгаад манай улс гүнээ харамсаж, сэтгэл зовниж байгаа талаар мэдэгдэл гаргаж, мөн хоёр талын уулзалтуудын үеэр илэрхийлсээр ирсэн. Эдгээр тогтоолд манай улсаас гадна түдгэлзэх санал өгсөн 30 гаруй улсын дунд Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг АНУ, ОХУ-ын аль алинтай нь сайн харилцаатай, ОХУ-тай цэрэг, батлан хамгаалахын салбарт ойр дотно хамтран ажилладаг улсууд багтаж байгааг мөн анзаарах хэрэгтэй.

Үүнээс гадна дайны хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнд тусламжийн гараа сунгахгүйгээр зүгээр хараад суух нь манай улсын хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх Үндсэн хуулийн зорилгод нийцэхгүй юм. Иймд манай улс НҮБ, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг зэрэг олон талт сувгаар дамжуулан нийт 200 мянган ам. долларын хүмүүнлэгийн тусламжийг Украины ард иргэдэд зориулан үзүүлсэн. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярихдаа хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын өнөөг хүртэлх баримталж ирсэн байр суурийг ойлгож байгаагаа илэрхийлсэн. 

Түүнчлэн энэ оны 2 дугаар сард Герман Улсад болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ би Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай уулзаж ярилцахад айлын тал украины ард иргэдэд зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын өнөөг хүртэлх хугацаанд олон улсын тавцанд баримталж ирсэн байр суурийг маш сайн ойлгож, хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн.

-Таны хэлснээр Монгол Улс хойд хөршдөө ч, НҮБ-ын индрээс ч "гал алдчихгүйхэн" шиг ам хэлээ ололцож, бусдад ойлгуулж чадаж байгаа л юм байна?

-Монгол Улсын  гадаад бодлогын үндэс нь “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” зарчим юм. Үүнийгээ ч Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд ил тод тусгасан байгаа. Энэхүү зарчмаа хоёр хөршдөө ойлгуулах, гуравдагч хөршүүдэд тайлбарлахад дипломат ажиллагааны нарийн ур чадвар шаардагддаг. Дипломатч хүн хэлэлцээ хийх урлагийг эзэмшсэн байх ёстой. Үйл явдлыг тойрсон нөхцөл байдал, хэм хэмжээнд тааруулж, тохируулан өөрсдийн байр суурийг бүхий л талуудад ойлгуулах нь чухал. ОХУ, БНХАУ-ын тухайд бидний байр суурийг ойлгон хүлээн авдаг. Цаашлаад "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд олон улс оронтой харилцан ашигтай хамтарч ажилладаг гэдгийг хүндэтгэн үздэг. Манай дундыг баримталсан байр суурьтай ойролцоо, ОХУ-тай, АНУ-тай ч сайн харилцаатай олон улс бий. НҮБ-ын гишүүн 193 орноос 30 гаруй нь манайхтай адилхан байр суурьтай гэсэн үг. Энэтхэг, Вьетнам, БНХАУ тэргүүтэй улс. Аль, алиных нь талд орохгүй, гэхдээ хүчирхийлэл, дайныг дэмжихгүй гэсэн байр суурьтай. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд онцлох хэрэгтэй, аливаа улс өөрийн орны язгуур эрх, ашиг сонирхол болон ард иргэдийнхээ нийтлэг эрх ашигт тулгуурлан байр суурь, шийдвэрээ гаргаж байгаа. Бид ч энэ жишгийг дагаж байна, үүний сацуу иргэдийнхээ үзэл бодолтой байх эрхэд хүндэтгэлтэй хандах учиртай.  

Өнөөдөр Монгол Улсыг бүгд харж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй хоёр хүчирхэг гүрний дунд оршдог далайд гарцгүй хөгжиж буй орон бөгөөд ардчиллыг хөгжүүлж ирсэн түүхтэй. "Ковид-19"-ийн араас залгасан өнөөгийн геополитикийн амаргүй нөхцөлд Монгол Улс эдийн засгаа унагахгүй авч гарч, гадаад харилцаагаа хумихгүй, харин ч идэвхжүүлэхэд анхаарах  ёстой.

Тэгэхийн тулд хоёр хөрштэйгөө нягт хамтран ажиллахын сацуу "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг илүү идэвхтэй явуулахыг зорьж байна. Энэ хүрээнд 2022 он Монголын хувьд онцгой айлчлалын жил болж өнгөрсөн. Өмнө нь жилд дунджаар хоёроос гурван дээд, өндөр түвшний айлчлал хийдэг байлаа. Сүүлийн 30 жилийн үзүүлэлт шүү. Түүндээ дасчихсан 30 жил өнгөрсөн гэсэн үг. Гэтэл 2022 онд 10 дээд түвшний айлчлал хэрэгжсэн, сайдын түвшинд хэрэгжсэнийг нэмбэл 20 гаруй болно. Асар ачаалалтай ажилласан ч цөөхөн хүнээр давж гарсан.

-Нэгэнт улсаа үүрээд аваад явж чадахгүйгээс ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрштэйгөө харилцахаас өөр аргагүй...?

-Манай мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Энэхүү зорилтдоо бид амжилттай хүрсэн гэж дүгнэдэг. Манай улс ОХУ, БНХАУ-тай аль алинтай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. 

Монгол Улс БНХАУ, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн  хүрээнд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замналыг харилцан хүндэтгэж, бие биеийн эсрэг чиглэсэн аливаа цэрэг-улс төрийн бүлэг, эвсэлд нэгдэхгүй гэдгээ бататгасан. 

Далайд гарцгүй орны хувьд манай улс тээврийн салбарт хөрш орнуудтайгаа ойр дотно хамтран ажиллаж, хоёр болон гурван талын урт хугацааны хэлэлцээр байгуулахыг эрмэлздэг.

Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолойн төслийг энд онцолж болно. Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүн нар 2022 оны 9 дүгээр сард гурван талт уулзалт хийж, эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал нэгдсэн.

Олон улсын тавцанд ОХУ-ыг буруушааж, ганцаардуулах бодлого хүчтэй явагдаж байгаа ч манай улс үүнд нэгдэлгүйгээр аль нэг талыг барьж хазайхгүй дундыг баримтлах зарчмаа тууштай мөрдөж, сайн хөршийн, найрсаг хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Манай улс ОХУ-тай хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэр дундаа ОХУ руу экспортолж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад чухал ач холбогдол өгдөг. Манай улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй гол-тарифын бус саад тотгор болох хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг Оросын талтай хамтран хэрэгжүүлж байна.

-ОХУ-ыг ганцаардуулах бодлогын дам нөлөө манайд мэдрэгдэх юм уу?

-“Ковид-19” цар тахлаас үүдэн нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой нөхцөл байдал үүссэнээр хоёр талын болон олон талт худалдаа, тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээнд асар их доголдол гарч дэлхийн дахинд эдийн засгийн уналт нүүрлэсэн. Залгуулаад геополитикийн зөрчил хурцдаж, олон улсын харилцаанд таамаглашгүй нөхцөл байдал үүсч зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн нь хямралыг улам даамжруулахад хүргэсэн. Үүний нөлөөлөл нь дэлхийн өнцөг булан бүрт үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний нийлүүлэлт дэх доголдол гэх мэт хурц хэлбэрээр илэрч буй. 

Олон улсын харилцаанд оролцогч аль нэг улс, субъектийг ганцаардуулах нь манай гадаад бодлогын “энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт” зарчимтай нийцдэггүй. Аливаа хямрал, улс төрийн ч бай эдийн засгийн ч бай тулгамдсан асуудлыг яриа хэлэлцээний замаар эв зүйгээр шийдвэрлэх нь хамгийн оновчтой гарц юм. Дайны нөлөө тусгал нь ямар байдлаар ирж байгаа талаар улс орон болгон өөрсдийн түвшинд хэмждэг. 

Дайны нөхцөл байдалтай үед бидэнд ойлгомжгүй юм маш их байна. Дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй учраас дүгнэхэд эрт. Ерөнхий хандлага нь гэвэл Монгол Улсын дундыг баримталсан байр суурь маш зөв юм байна гэдгийг олон зүйл нотолж байна. Нийгмийн сүлжээгээр олон явдаг даа. "Б.Батцэцэгээ тийм шийдвэр гаргаач" гээд. Бид санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ардчилсан нийгэмтэй. Гэхдээ гадаад улс төрийн орчин тогтворгүй, олон улсын сөргөлдөөн, хориг арга хэмжээ даамжирч буй энэ эгзэгтэй үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар олон нийтийн хэвлэл мэдээлэл, ялангуяа нийгмийн сүлжээгээр дутуу, эсвэл ташаа мэдээлэл цацагдах, олон хандалт авах үзэгдэл нэмэгдсэн гэж болно.

Дотоодын нийгэм, улс төр, эдийн засгийн сэдвээрх олон нийтийн хэлэлцүүлэгтэй харьцуулахад гадаад харилцааны сэдвээрх бүхий л маргаан мэтгэлцээн нэн эмзэг бөгөөд гарах үр дагавар нь үлэмж, бас төсөөлшгүй юм. Олон жилийн турш нягт хамтын ажиллагаа хөгжүүлж буй хамгийн ойрын итгэлт түншүүдэд ч буруу зөрүү ойлголт өгч эмзэглүүлэх, цаашдын олон боломжийг үгүй хийх эрсдэлтэй. Иймд санаандгүй эсвэл зориудаар сэвэгдэж буй дутуу дулимаг, ташаа мэдээлэлд автахгүй байж, аливаад ул суурьтай дүгнэлт хийх нь аливаа асуудлаар талцал хуваагдлыг даамжруулахаас сэргийлнэ. Гадаад бодлого тогтвортой бөгөөд уламжлал, залгамж чанараа хадгалан тууштай явагдах ёстой. Янз бүрийн өнцгөөс тайлбарласан өнгөц дүгнэлт, шүүмжлэл зэрэгт савалж, хариу үйлдэл үзүүлэх нь өөрөө зохимжгүй юм. 

Ямар ч нөхцөл байдалд гадаад бодлого нь тууштай, төлөвлөсөн арга хэмжээгээ хийж, идэвхтэй явуулж байх нь өөрөө чухал. Энэ хүрээнд Польшийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалыг үр дүнтэй, амжилттай зохион байгууллаа. 

-"Ковид-19"-ийн араас залгасан ОХУ, Украины дайн гэлтгүй БНХАУ-ын дарга Си Жиньпинийн гурав дахь бүрэн эрхийн хугацаатай холбоотой өөрчлөлт урд хөршид явж байна. Олон жил Монгол Улстай дээд түвшинд харилцаж ирсэн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нь өөрчлөгдлөө? Үүнийгээ дагаад гадаад бодлогод нь өөрчлөлт орох болов уу?

-Хятадын төрийн бодлого нь төрийн өндөр албан тушаалд хэн томилогдохоос үл хамааран урт хугацаанд тогтвортой тууштай хэрэгждэг онцлог уламжлалтай. Засгийн газрын бүтцэдээ бага зэрэг өөрчлөлт оруулсан ч хамгийн туршлагатай хүмүүс нь үргэлжлээд ажил үүргээ гүйцэтгээд яваа учраас тэдний үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Тэр тусмаа гадаад бодлого нь ганхахгүй. Өмнө нь хэрэгжүүлж ирсэн бодлогоо илүү нарийвчилснаас бусдаар Монгол Улстай харилцах харилцаанд зарчмын том өөрчлөлт орохгүй  гэж хэлж болно. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ганыг томилогдсон даруйд өнгөрөгч 1 дүгээр сард утсаар ярьж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Түүнчлэн саяхан миний бие Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ нь хятадын талаас Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч байдгийн тод илрэл юм. 

-Төрийн залгамж чанар, мерит зарчмаа яс барьдаг байх?

-Тэрбум 400 саяаар тоологдох хүн амтай улсын онцлогт тохирсон систем хэрэгжиж байгаа шүү дээ. Олон улсын харилцааны томоохон тоглогчийн хувьд гадаад бодлогын залгамж, дипломат албаныхаа чанарт маш өндөр ач холбогдол өгдөг нь дамжиггүй. 

-Айлчлал хийгээд явахад Монголын Гадаад харилцааны сайдыг хүлээж авах хандлага нь ямар байдаг вэ?

-Мэдээж улс орноо төлөөлж байгаа Гадаад харилцааны сайдад хүндэтгэлтэй бөгөөд ажил хэрэгчээр ханддаг. Тэр тусмаа энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой улсын Гадаад харилцааны сайдыг хоёр хөршүүдээс гадна гуравдагч хөршүүд найрсаг, таатай хүлээн авдаг. Гэхдээ аливаа яриа хэлэлцээ, харилцаанд хүн хоорондын харилцаа, хувь хүний хүчин зүйл ихээхэн нөлөөтэй байдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Ийм ч үүднээс мөр зэрэгцэн тус тусын улсын гадаад бодлогыг нуруундаа үүрч буй Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа чин сэтгэлээсээ хандаж, нээлттэй харилцахыг эрмэлзэж ажилласаар ирлээ. Иймдээ ч хоёр хөрш улсын гадаад харилцааны салбарыг олон жил удирдаж буй С.Лавров, Ван И сайд нартай ойр дотно, нягт хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа Ван И сайдтай БНХАУ-аас Монгол Улсад, Монгол Улсаас БНХАУ-д хийсэн дээд, өндөр түвшний айлчлалууд, Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал зэрэг олон улсын томоохон арга хэмжээний үер тогтмол уулзаж, гадаад бодлогын тодорхой асуудлуудаар санал солилцож ирсэн нь Монгол, Хятадын хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой, итгэмжилсэн харилцаа тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан болов уу. Ван И сайд Хятадын Коммунист Намын Төв хороонд Гадаад бодлогын асуудлыг эрхэлж буй тул  цаашдаа ч харилцаа холбоотой байж, үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Саяхан миний бие Бээжин хотноо ажлын айлчлал хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзалт, хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн. Энэхүү айлчлал, яриа хэлэлцээгээр дамжуулан Чинь Ган сайдтай итгэмжилсэн, ойр дотно, нягт ч мөн ийм харилцаа тогтоож ажиллах эхлэлийг бүрдүүлж чадсан гэдэг итгэлтэй байна. 

Хоёрдугаарт, Монгол Улс хоёр том гүрний дунд ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн байдлаар оршдог. Үүнийг "Гуравдагч хөрш"-үүд үнэлдэг. Ийм орон анхаарал татахын дээр гадаад бодлого нь ардчилсан,  түүхэн уламжлалаараа төрийн үйл хэрэг дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх байр суурь өндөр байсаар ирсэн нь барууны орнуудад сонирхолтой байдаг болов уу. Гуравдагч хөршүүд дотроос бүс нутаг дахь ойрын түнш, стратегийн түншүүд болох Японы Ё.Хаяаши сайд, Солонгосын Пак Жин сайд нартай ч мөн ойр дотно харилцаатай ажилладаг. 

Гуравт, Монголын хувьд эмэгтэй сайдтай гэдгээрээ тодорхой хэмжээнд анхаарал татдаг байх. НҮБ-ын гишүүн 193 орны 40 орчим нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай. НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгчийн хамт очих үеэр 20 гаруй эмэгтэй сайд нартай уулзсан юм. Тэрхүү уулзалтаас нэг бодол төрсөн нь эмэгтэй сайд нарын түвшинд томоохон арга хэмжээ болж байгаагүй нь сонирхолтой. Одоогийнх шиг олон ч эмэгтэй сайдтай байгаагүй юм байна. Тиймээс Монгол Улсад эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг зохион байгуулах саналыг Ерөнхийлөгчид тавьсан. Ерөнхийлөгч маш уриалгахан хүлээж авснаар ирэх зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болсон. Гадаад харилцааны 38 сайдыг урьсан. НҮБ-ын сайдын түвшний эмэгтэй лидерүүд ирнэ. Мэдээж бусад орны анхаарлыг татна. Хоёр хөршийн сайд нар эрэгтэй хүмүүс. Тэгэхээр Герман, Канад, Австралиас Гадаад хэргийн сайд нар ирэх нь олон улсын түвшинд анхаарал татах сэдэв. Азид л гэхэд эмэгтэй сайд дөрөв байдаг. Швед, Герман, Дани гэхэд гадаад бодлого нь феминист чиг баримжаатай гэдгээ зарласан улс. 

Манай Гадаад харилцааны яамны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой хийсний үр дүнд маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн хэмнэлд дасан зохицож, үйл ажиллагаагаа тасралтгүй жигд урагшлуулж байгаа нь дэвшил юм болов уу гэж харж байна. Зарим оронд манай гадаад бодлогыг загвар болгоод ярих хэмжээнд хүрч байна.

Зөвхөн дипломат алба, Гадаад харилцааны яамаар хязгаарлалгүй гадаад үйл ажиллагаагаа тогтмол тэлэхийг зорьж байна. Үүнд монгол хүнийг олон улсын байгууллагад удирдах албанд ажиллуулахыг бодлогоор дэмжих асуудал ч орно.  Тухайлбал, НҮБ болон олон улсын бусад байгууллагын удирдах албанд ажиллаж байгаа монгол хүний тоог цаашид нэмэхийг анхаарч байна. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад Улсын дээд шүүхийн шүүгчээ нэр дэвшүүлээд сурталчилгааны ажлаа эхлээд байна. Олон улсын байгууллагын нэр хүндтэй, нөлөөтэй ажлын байрны сонгон шалгаруулалтад улс нь  дэмждэг  практик олон улсад тогтсон. Бусад улсууд маш олон арга хэмжээг дотооддоо хүлээж аваад зохион байгуулж, хариуд нь өөрийн улсын иргэнийг олон улсын байгууллагын томоохон албан тушаалд санал болгон, дэмжүүлж байна. Тэр нь эргээд улс орны хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Энэ нь олон улсын байгууллагаас гарч байгаа шийдвэрүүдэд өөрийн оронд боломж бүрдүүлэхийг зорьдог. Тэгэхээр аль болох ийм боломжийг бүрдүүлэх талаас нь манай яам ажиллаж байна.

No description available.

-Төрийн өндөр дээд түвшний айлчлал гэдэг өнөөдөр тохироод маргааш ирснээр бүтдэггүй нь мэдээж. Урт хугацааны яриа хэлэлцээ хийсний үр дүнгээр хэмжигддэг, бас харилцан хүлээн зөвшөөрдөг байж таарна?

-Улс болгонд өөрийн төлөвлөлт, гадаад бодлогын зорилт бий. Төр, засгийн тэргүүний түвшинд нэг айлчлалыг зохион байгуулахад бэлтгэхээс эхлээд дуустал дунджаар хагас жилийн хугацаа зарцуулдаг. Зарим нь амархан юм шиг ярьдаг. Гэхдээ ямар ч асуудал хоёр талын эсвэл талуудын оролцоог шаарддаг. Монгол Улс ганцаараа шийдэхгүй, бидний дураар аливаа юмыг хийхгүй. Ямар дарааллаар юу ярих уу гэдгээ урьдчилж тохирох үйл явц нь хамгийн их хугацаа шаарддаг. Хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нь хэлэлцээ хийе гэхэд ярих сэдвээ тохирно. Тэрийг амжилттай хийгээд хэлэлцээд үр дүн гаргахын тулд урьдчилж тохирох үйл явц нь олон сар, заримдаа жилээс дээш хугацаа шаарддаг ажил.

Олон жил ярьсан юмыг эцэслэж, эцэслэн тохирлоо гэхэд ихэвчлэн айлчлал хийж баримт бичиг байгуулснаар баталгаажуулдаг. Маш нарийн бөгөөд хугацаа их ордог үйл явц юм. Айлчлалын хүрээнд ганцхан салбарын асуудал орохгүй. Манай бүх салбар орно. Айлын талын бүх эсвэл сонирхсон салбар орно. Хоёр орны ашиг сонирхол, улс төрийн илтгэлцлийг нэмэгдүүлэхэд нь айлчлалын гол зорилго. Улс төр талаасаа хоёулаа оноо авах шаардлагатай. Монгол Улсын хувьд найрсаг харилцааг бэхжүүлж, эвийг, энхийг эрхэмлэж, дайсагнахын эсрэг байдаг нь хамгийн том давуу тал юм. Гагцхүү өөрийн ашиг сонирхолд нийцсэн асуудалд байр сууриа тууштай баримталдаг, хамгаалж ажилладаг байх шаардлагатай.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлах үеэрээ "Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэдэл" гэж хэлсэн нь санамсаргүй тохиолдол биш байх?

-Гайхалтай чухал айлчлал болсон. НҮБ-ын гишүүн 193 орон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг бүгдээрээ урьдаг. Тэр бүгдэд очих боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бол түүхэн айлчлал байсан. Бидний хувьд ч тус байгууллагын анхаарлыг татаж чадсан. А.Гутерреш гуайг Монголд ирэхэд дэлхий даяараа анхаарч харсан. Тэрээр Монгол Улсыг “дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг" гэсэн нь учир шалтгаангүй хэлсэн үг биш. Олон талаас нь судалж үзсэний үндсэнд хүний эрхийг дээдэлсэн, тайван амгалан орон болохыг дүгнэсэн айчлал байсан. 

Энэ үг НҮБ-ын, хамгийн чухал нь Монголын түүхэнд тов томруунаар тэмдэглэгдэн үлдэнэ. НҮБ-ын бүх гишүүн орнууд биднийг харж, анхаарч, харилцаа тогтоох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сэдлийг бий болгосон. Улс төрийн гадаад сурталчилгаа талдаа том ач холбогдолтой.

-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл явах болов уу? Уг нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалын үеэр "Өөрсдөө шийд" гэсэн агуулга хэлээд буцсан байдаг?

-Аливаа улс оронд өөр өөрийн ашиг сонирхол бий. Гадаад харилцааны сайдаар томилогдоод удалгүй ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ энэ тухай хөндөж ярилцсан.  Эгийн голын усан цахилгаан станц нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой төсөл тул оросын талтай хамтран хэрэгжүүлэхийг санал болгосон. Гуравдагч орнуудтай ч хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан. Одоогоор ЮНЕСКО-гийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл дүгнэлтийг хүлээж байна. 

Түүнчлэн Монгол, Оросын эрдэмтэд хамтарсан дүгнэлт гаргах юм. Энэ усан цахилгаан станцыг барих зарчмын шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргачихсан, хамтарч ажиллах хүсэлтийг Оросын талд тавьчихсан ийм байдалтай байна.  

-Хойд хөршийн компаниуд орохгүй гэвэл бусад оронд нээлттэй санал болгох юм байна?

-Бидний хувьд Эгийн голын усан цахилгаан станцыг Оросын, харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятадын талтай хамтраад буюу хоёр хөрштэйгөө хоёр том станц барих төлөвлөгөөтэй байна. Зарчмын хувьд шийдвэр гарсан болохоор аль аль нь ойлгож байгаа. Би хувьдаа төсөл явна гэж бодож байна. 

-Уг нь аль 1960-аад оноос судалгааны ажил нь эхэлсэн төсөл юм билээ?

-1990-ээд оны зах зээлийн нийгэмд  шилжсэн шилжилтийн үед яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон тал бий.  Тухайн үед нийгэмд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай өөр олон асуудал байсан биз. Одоо энэ төслийг урагшлуулахаар Гадаад харилцааны яамны зүгээс бусад холбогдох яамд, байгууллага, аж ахуйн нэгж, гадаад түншүүдтэй байнга л ярилцаж байна.

-Гадаад харилцааны сайдын хувиар асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Х Богдтой холбоотой асуудлаар монголчууд хэсэг шуугилаа шүү дээ? БНХАУ-ын зүгээс ч Гадаад харилцааны яаманд НООТ бичиг явуулсан гэдэг яриа гарсан.

-Хөрш БНХАУ-аас Х Богдтой холбоотой асуудлаар ямар нэгэн ноот бичиг бидэнд ирүүлээгүй. Манай улсад иргэдийн шашин шүтэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хуулиар хангагдсан, хамгаалагдсан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төр, шашин хоёр үйл ажиллагаагаа тус тусдаа эрхлэн явуулдаг бөгөөд бие биеийн хэрэгт оролцдоггүй. Сүсэгтэн олны итгэл үнэмшил, шашны тэргүүнээ сонгох, залах аливаа үйл ажиллагаанд төр, засгийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр оролцох, чиглүүлэх боломжгүй гэдгийг урд хөрш маань ч сайн мэддэг гэж ойлгож байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг. 

Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд шашны асуудал бол манай хоёр орны аль алиных нь дотоод асуудал. Монгол Улс шашны аливаа асуудлаар бодлого, үйл хэргээ бие даан, гадны ямар ч оролцоогүйгээр эрхлэн явуулдаг. Тийм ч байх учиртай. Бид шашны аливаа үйл хэрэг, тэр дундаа уламжлалт Бурханы шашны тэргүүнээ тодруулах зэрэг асуудлыг гаднын аливаа оролцоогүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэнэ. 

-2016 онд Далай лам Монголд ирээд буцсаны дараа БНХАУ-ын зүгээс хөрөнгө оруулалтуудаа зогсоосон байдаг шүү дээ? Тухайн үед Та Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан?

-Тухайн үед хоёр орны хооронд өрнөж байсан худалдаа, эдийн засгийн асуудлаарх яриа хэлэлцээний явцыг Далай ламын Монголд ирсэнтэй шууд холбон тайлбарлах нь өрөөсгөл юм. Худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл нь эдийн засгийн үр өгөөж, улс төрийн тогтвортой байдал, олон улсын банк, санхүүгийн хямралын эрсдэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг.  

Онцолж хэлэхэд Монгол Улс, БНХАУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хамгийн тааламжтай, өндөр түвшинд хөгжиж байна. Тухайлбал, "Ковид-19" цар тахлын үед мөрдөгдөж байсан хатуу дэглэмийн  үед манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг хүлээж авсан. Энэ нь өөрөө урд хөрш маань манай улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл юм. Бүх улс орон Хятадтай худалдаа наймаа хийхийг хүссэн үед нь, дараалласан хүсэлт гаргасан байхад нь Монгол Улсыг сонгосон нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ цонх нээгдсэнийг харуулсан үйл явдал болсон.

-Эрхэлж байгаа албан тушаалынхаа хувиар гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой бүх гомдол мэдээлэл эхний ээлжид Танаар дамжиж байгаа юм байна?

-Сүүлийн жилүүд Монгол Улс төдийгүй дэлхий дахины улс орнууд бүгдээрээ томоохон сорилтуудаар дүүрэн байна. Цар тахлын сөрөг нөлөө, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, геополитикийн зөрчил хурцдаж буй энэ үед бүхий л салбарын асуудал, харилцаа, хамтын ажиллагаа нь гадаад бодлоготой шууд хамааралтай болж, улс орнуудын гадаад, дотоод бодлогын зааг ялгаа илэрхий бүдгэрч байна. Манай нөхцөлд Гадаад харилцааны яам зөвхөн гадаад харилцааны салбар гэлтгүй, улс оронд тулгамдсан бүхий л асуудалд оролцдог болсон нь цар тахлын үеэс эхэлсэн харьцангуй шинэ үзэгдэл юм.

Б.Батцэцэг: Дэлхий нийтээрээ биднийг харж байна

2023-05-08 10:34:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0