Баасан, 2020-12-04
СУРВАЛЖИЛГА: Цаасан дээр буусан стандарт бодит байдалд....

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “хүний тоо”-нд оруулах цаг нь болжээ

Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хэрхэн зөрчигддөг, бусдаас ямар ялгаатай амьдралыг туулж байгаад анхаарал хандуулж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ивээл дор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс эхлээд явган хүний зам, дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд руу ороход ямар нөхцөл байдалтай “нүүр тулж” байна вэ гэх асуудлыг хөндсөн.

Үүний дагуу өнгөрсөн бямба гариг /10 сарын 30/-т Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт маршрут гаргаж өрхийн эмнэлэг, хороо, халамжийн газар, мөн автобусаар зорчиход ямар хүндрэл гардгийг төрийн холбогдох байгууллагын дарга нар, мэргэжитнүүд хөгжлийн бэрхшээтэй иргэдийн төлөөлөлтэй хамт бодит байдалтай нь танилцсан юм. Энэ үеэр цаасан дээр буусан стандарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаардаггүй, огт хэрэгждэггүй, байдаггүй болох нь өрхийн эмнэлэг, хороо, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд харагдаж байлаа. Тухайлбал тэргэнцэртэй иргэдийн зорчих зам талбай, орж гарах хаалганы өргөн гээд бүгд стандартын бус байгаа нь тэдэнд өдөр тутам тулгардаг бэрхшээл юм.

“Тэд нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхтэй байхыг хүсч байна”


Монгол Улсад 106,363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23,932 тэргэнцэртэй иргэд байна. Тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, холбогдох хууль журмыг боловсронгуй болгох, нийтийн тээвэр, замын асуудал нэн тэргүүнд тулгамдсан асуудлуудын нэг болсоор байгааг тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл хэлж байна.

Аливаа хот, суурин газарт барилга, байгууламж, авто зам, гүүрэн байгууламж нь бүх хүнд тэгш хүртээмжтэй, ээлтэй байх ёстой байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, тэдэнд бусадтай адил амьдрах боломж бүрдүүлэхээр төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.  

Олон улсын барилгын норм, дүрмүүдэд ч орон сууц, олон нийтийн үйлчилгээ, оффисийн барилгыг бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдрахад саадгүй байх шаардлагыг тусгасан байдаг. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих 2019-2023 оны төлөвлөгөөгөө баталсан. Тус улс өдгөө нийтийн тээврийн автобусныхаа талаас багагүй хувийг тэргэнцэртэй иргэн зорчиход зориулан өөрчилсөн. Харин ирэх дөрвөн жилийн хугацаанд бүх автобусыг автомат налуу шаттай болгохоор төлөвлөсөн байна.

Байнгын хэн нэгнээс хараат, бусдын тусламж дэмжлэгийн дор амьдарч байна

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгардаг бэрхшээл нь орчны саад байдаг. Байгууламжийн орц, гарцны хэсэг дэх өндөр шат, тэргэнцэр орох боломжгүй нарийн хаалгатай ариун цэврийн өрөө, өндөр босго, налуулалтгүй замын хашлага зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн бие даан нийгмийн харилцаанд оролцож чадахгүй, байнгын хэн нэгнээс хараат, бусдын тусламж дэмжлэгийн дор амьдарч байна.

 Тэргэнцэртэй иргэд гэрээсээ гарч нийгмийн амьдралд оролцоход явган хүний зам, байгууллагуудын налуу шат, ариун цэврийн өрөө, цахилгаан шатнаас авхуулаад олон бэрхшээлтэй өдөр бүр тулгардаг. Улаанбаатар хотод явган хүний гүүрэн гарц тав бий. Үүнээс дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулсан цахилгаан шаттай. Гэвч тэдгээр нь ажиллахаасаа ажиллахгүй нь олон.

Тэгэхээр зардал, мөнгөнөөс болоод явган хүний гүүрэн гарцын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулж суурилуулсан цахилгаан шат тендер, гэрээ гэж явсаар байтал арваннэгдүгээр сартай золгож, төд удалгүй өвлийн завсарлага авах нь.

Барилгын тухай хуулийг 2016 онд шинэчлэн найруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайн стандарт, хэрэгцээг тооцсон төлөвлөлт зэрэг 10 гаруй норм, дүрмийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, ийм иргэдэд зориулсан шатны өргөн 1.2 метр, иргэн ганцаараа чөлөөтэй өгсөж, уруудаж болохоор налуу, бариултай байх ёстой. Харамсалтай нь манай нийслэлд өнөөдөр стандартад нийцсэн налуу шаттай барилга цөөн гэсэн санал, гомдол холбогдох байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд уламжилсаар байгаа юм.

Өмнө нь удаа дараа энэ талаар хандаж байсан ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх стандартын бус дэд бүтцээс болж “хязгаарлагдаж” байна гэсэн үг. Уг нь барилгуудын налуу шатыг стандартын дагуу барьчихвал зөвхөн тэргэнцэртэй иргэдээс хөл муутай, хөгшин настай хүн, ачаа тээш зөөж буй нэгэнд ч хэрэгтэй баймаар. 

Б.Бат-Эрдэнэ: “Өөрсдийгөө сайхан үгсээр өмгөөлж ажилламааргүй байна”

ШӨХТГ-ийн дарга Б. Бат-эрдэнэ: "Монгол улсад хууль багадаагүй. Цаасан дээр ажилладаг байдал үргэлжилсээр байна. Стандарт байна уу? Хангалттай их стандарт байна. Байгаа стандарт нь амьдрал дээр нийцэхгүй, нийлэхгүй байна. Бид цаасан дээрх тоо баримт, сайхан үгсээр өөрсдийгөө өмгөөлж ажилламааргүй байна. Газар дээр нь ажиллаж байхыг төрийн холбогдох байгууллагуудаас хүсэж байна. Бид өнөөдөр ажиллалаа" хэмээн бичсэн байна.

"Зориулалтийн бус автобусанд хүний тусламжтай суухад хүртэл хүндрэлтэй байна"

Манай сурвалжлах баг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж дээрх асуудлын талаар ярилцсан. Тэд: “Нийтийн тээвэр хүртээмжтэй нь 16 гэж ярьдаг ч 8 автобус л явж байна. Тэрэнд суух их хүндрэлтэй. Яагаад гэвэл хий нумтай, нум нь доошоо буугаад замын боржуртай тэгшрэнгүүт суух ёстой юм. Гэтэл нэгдүгээрт жолооч нь тэрийгээ ажиллуулж чадахгүй байна. Тавцанг нь буулгаж байгаад тавцангаараа дамжаад орох ёстой ч огт хэрэглэдэггүй.

Нийтийн тээврийн хүртээмжтэй ганцхан чиглэл явж байна. Нэг бол хоорондоо ойр явна, үгүй бол хол явна. Зориулалтийн бус автобусанд хүний тусламжтай суухад хүртэл хүндрэлтэй байна. Тэрэгтэйгээ нааш цааш өнхөрнө, хүн амьтанд саад болно гээд асуудал зөндөө байна” гэлээ. 

Угтаа Хот байгуулалтын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн талаар тусгаж, тухайн хүн саадгүй үйлчлүүлэх орчин нөхцөлийг хангаагүй төсөлд зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Гэвч стандартад нийцээгүй барилга, байгууламж хот, хөдөөгүй олон байна. Нийслэлийн хэмжээнд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон 56 автобус нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгжид бий. Гэхдээ эдгээр тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг, эсэх нь эргэлзээтэй. Тоноглосон автобусаар тулгуур эрхтний бэрхшээлтэй хэчнээн иргэн зорчсон талаар тодорхой тоо баримт ч алга. Тэргэнцэртэй иргэд хичээл, сургуульдаа явахдаа өдөр бүр хөлсний унаагаар зорчих боломжгүй, захын хороолол тоноглосон автобусгүй, хотын төвөөр автобус хүлээсэн ч налуу шаттай автобус ирэх, эсэх нь тодорхойгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Хот байгуулалтын, Авто замын, Авто тээврийн болон Барилгын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих, аюулгүй хүрэх орчин нөхцөл бүрдүүлэх тодорхой заалтууд тусгасан. Гэхдээ тэдгээрийг хэрэгжүүлж байгаа хувь хүн, албан байгууллага ховор. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зам, гүүр, орц, гарц бий болгож буйд хяналт тавьж байгаа хүмүүс нь ямар стандарт, зориулалттай ажил хийж байгаагаа мэдэхгүй “гурилдаад” өнгөрдөг бололтой. Үүнээс болж Монгол Улсын 200 гаруй мянган иргэний эрх зөрчигдөж байна. Энэ байдлыг харгалзан эрх бүхий байгууллагууд хууль дүрмээ эргэн харж цааснаас “хөрсөнд” буулгаасай гэж хүсэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчиход дэд бүтцийн хөгжил чухал үүрэгтэй. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна гэж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Гэсэн ч уг төлөвлөгөөгөө өдий хүртэл хэрэгжүүлээгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн үйл ажиллагаанд оролцох үндсэн эрхээ эдэлж чадахгүй байгаа. Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь битгий хэл хуульдаа “Хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн нэр томьёо оруулснаас эхлээд тэднийг гадуурхсан гэхэд хилсдэхгүй. Бодит байдалд иргэд бус, стандартад нийцээгүй дэд бүтэцтэй улс нь “хөгжлийн бэрхшээлтэй” байна” гэдгийг хэлж байлаа.

Н.Мөнхжин

Эх сурвалж: Zuv.mn


СУРВАЛЖИЛГА: Цаасан дээр буусан стандарт бодит байдалд....
2020-11-02 14:47:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ