Бямба, 2021-07-24
Баялагийн сан хэнд хэрэгтэй вэ?

Өнгөрсөн онд Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн газрын тухай хэсгийн зургаагийн хоёрдугаар заалт болох Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүний хэвлий, төрийн өмч мөн гэснийг төрийн нийтийн өмч болгож өөрчилсөн. Мөн энэ заалтыг дагалдуулан уул уурхайн баялгийн орлогыг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах гэсэн агуулгыг Үндсэн хуулийн зургаагийн хоёрт нэмж бэхэлж өгсөн. Тэгвэл өнөөдөр би та бүхэнд баялгийн сангийн талаар баримталж буй өөрийн байр суурийг хүргэхийг хүсэж байна. Баялгийн сан гэж юу вэ? Улс орнууд баялгийн сан байгуулдаг гол зорилго нь юу вэ? Өнөөдөр Монгол улсад баялгийн санг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн үү? Баялгийн сан байгуулах цаг нь мөн үү? баялгийн санг байгууллаа гэж бодоход түүнийгээ үр ашигтай ажиллуулна гэсэн баталгааг өнөөгийн төр засаг гаргаж чадах уу гэсэн олон асуулт, хариултыг нэхэх нь тодорхой. Улс орнууд баялгийн сан байгуулдаг зорилго нь ирээдүй хойч үедээ нэгдүгээрт, санхүүгийн нөөцийг өвлүүлж үлдээх, мөн түүхий эдийн зах зээл доройтож болзошгүй нөхцөлд төсвийн бодлогын тогтвортой байдлыг хангахын тулд ингэдэг юм. Ийм учраас зарим улс оронд хадгаламжийн болон тогтворжуулах гэсэн тусдаа хоёр төрлийн сан байгуулсан туршлагууд ч бий. Чили, Кувейт зэрэг улс орнуудыг дурдаж болох юм. Энэ нь ерөнхийдөө баялгийн сан байгуулсан улс орнуудын тус сангаа тодорхойлсон төр засгийнх нь тайлбар тодорхойлолт билээ. Гэтэл үнэндээ баялгийн сан байгуулах гол ашиг сонирхол нь түүхий эдийн нөөцтэй улс оронд тэр бүр байдаггүй.
 
Өнөөдөр манайх шиг хөгжиж буй улс орнууд, түрүүлж хөгжилд хүрсэн том гүрнүүдийн түүхий эдийн бааз суурь гол ханган нийлүүлэгч нь болчихоод байгаа нь нууц биш ээ. Үүнийг бид манайхтай ижил түвшинд яваа улс орнуудын уул уурхайн бодлогыг ихэнхдээ гаднын улс орнууд, төрийн өмчит компаниуд, үндэстэн дамнасан корпорацууд чиглүүлж, тодорхойлж байгаагаас харж болно. Гаднынхан өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхдээ тэдний эрх ашигт бүрэн үйлчилж байдаг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар хийдэг. Тэд өөрсдийн зохиосон луйврын дүрэм, журам, заавар болзлыг тулган хүлээлгэдэг. Энэ нь үнэ тогтоох бодлого, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх мэт арга хэрэгслээр илэрдэг юм. Тэр бодлогуудынх нь нэг нь түүхий эдийн нөөцтэй, ихэнх улс орнуудад хэрэгждэг үндэсний баялгийн сан гэгч юм. Баялгийн санг байгуулах үндэслэл, шалтгаан нь юу болдог вэ? Нэгдүгээрт байгалийн баялгийн нөөцтэй улс орнуудын төсвийн бүрдүүлэлтийн эзлэх хувийн дийлэнхийг уул уурхайн салбар нь оруулж байдаг. Нөгөө талаас хөгжилд түрүүлж хүрсэн улс орнуудад үүсээд байгаа түүхий эдийн нөөцийн хомсдол, хязгаарлагдмал байдал нь байгалийн баялаг бүхий буурай улс орнуудын түүхий эдийн нөөц рүү өнгийхөөс өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэдэг юм. Өөрөөр хэлбэл, тэдний эдийн засаг нь зогсчих гээд байдаг билээ. Аварга корпорациуд улс орнуудын байгалийн баялгийг аль болох түүхий эдээр нь хямдхан авах сонирхолтой байхад баялаг эзэмшигч улс орнууд баялгаа аль болохоор боловсруулж үнэ хүргэж зарах сонирхолтой байдаг. Энэ хоёр ашиг сонирхол байнга зөрчилдөж байдаг. Үүнээс үүдэн их гүрнүүдийн үндэстэн дамнасан корпорациуд өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулахын тулд тэдний ашиг сонирхлынх нь объект болсон улс орнуудыг аль болох өөрсдөөсөө бүрэн хамааралтай хараат байлгах бодлогыг авч хэрэгжүүлдэг юм. Тэр бодлогуудынх нь нэг бол манай эрх баригчдын улайран зүтгүүлээд байгаа үндэсний баялгийн сан гэгч юм.  Баялгийн сан байгуулснаар гаднынханд ямар боломжууд нээгддэг вэ? Нэгдүгээрт баялгийн сангаар нь дамжуулан иргэд рүү чиглэсэн халамж, хуваарилалтын бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдийг нь тэжээвэр амьтан болгон хувиргаснаар өөрсдийнх нь эсрэг чиглэсэн тэдний тэмцлийг мохоодог. Хоёрдугаарт баялгийн сангийн нөөцийг байнга нэмэгдүүлж байх нь дараа дараагийн ордуудыг эргэлтэд оруулж, ашиглах нөхцөл үүсгэдэг.
 
Баялгийн сангаа байнга хоолтой байлгахын тулд шинэ шинэ ордуудыг ашиглалтад оруулах хэрэгцээ үүснэ. Ингэснээр тэдний бодлого урт удаан хугацаанд тогтвортой хэрэгжих нөхцөл нь баталгааждаг.
 
Өөрөөр хэлбэл, Монгол улс түрүүлж хөгжилд хүрсэн улс орнуудын түүхий эдийн нөөцийг бэлтгэгч гал тогоо нь болж хувирдаг. Гуравт баялгийн сангийн хөрөнгийг өөрсдийнхөө үндэстэн дамнасан корпорацуудын санхүүгийн эх үүсвэр болгож ашигладаг. Энэ нь Норвегийн баялгийн сангийн жишээнээс харагдаж байна. Дүгнээд хэлэхэд, баялгийн санг хэрэгжүүлэхийн тулд л Үндсэн хуулийн зургаагийн хоёрдугаар заалтыг гаднынхны захиалгаар суулгасан шүү дээ. Тэгэхээр баялгийн сан, зургаагийн хоёрдугаар заалт хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Саяхан хаврын чуулганы нээлтээр эрх баригч нам хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг танилцуулсан. Тэр дотор Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл орсон байна лээ. Тэгвэл бид өнөөдөр энэ төслийг хэлэлцэхэд бэлэн гэж үү. Хэлэлцэж баталлаа гэхэд эрсдэл гарахгүй гэсэн баталгаа бий юу. Манайд энэ хуулийн төслийг үр ашигтай хэрэгжүүлэх суурь хөрс нь байгаа гэж үү. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн үү? Миний хувьд тийм гэж бодохгүй байна. Үүнийг дараах шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа. Хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсныг Ерөнхийлөгч нь хүртэл өөрөө зарлаж байгаа шүү дээ. Үнэндээ өөрөө тэднээсээ дээрдэх юмгүй хүн гэдгийг бүгд мэдэж байгаа. Хоёрдугаарт төрийн албаны дархлаа сул болсон, төрийн алба нь төрлийн алба болж хувирсан. Мэргэжлийн кадр ажилтнууд дутмаг байгаа. Төрийн алба нь бүхэлдээ авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон. Гуравдугаарт, уул уурхайн салбарыг үр өгөөжтэй ашиглах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Баялгийн сангийн үр өгөөжөө хүртэж бол байгаа гол улс орнуудад ашигт малтмалаа ихэвчлэн төрийн өмчит компани байгуулах замаар олборлож байна. Норвеги, Чили улсуудын жишээг харахад хангалттай. Дөрөвт татварын орчин бүрэлдээгүй. Баялгийн санг амжилттай хэрэгжүүлж байгаа Норвеги улс гэхэд л орлогын албан татварын тавин хувь, үйл ажиллагааны үр ашгийн татвар, хорин зургаан хувь нийт далан зургаан хувийн татвар авч байна. Харин бид хэдэн хувийн татвар авч байгаа билээ. Тавдугаарт, баялгийн хуваарилалтын талаарх ард иргэд, олон нийтийн санаа бодол буруу төлөвшсөн байна. Өнөөдөр иргэдийн дийлэнх олонх нь ард түмэн баялгаасаа шууд хувь хишиг хүртэх ёстой гэсэн ойлголттой яваа нь үндэсний эмгэнэл юм.
 
Хэрвээ бидний өвөг дээдэс ийм өчүүхэн бодолтой байсан бол өнөөдөр бид хаана, юу хийж явах бол доо. Мөн бид үр хойчоо бодсон доо. Баялгийн сан байгуулах гээд байна уу, эсвэл өөрсдийгөө бодоод байж байна уу гэдэг нь тун эргэлзээтэй асуулт юм. Та бүхэн дотоод дуу хоолойгоо сонсонгоо сэдлээ нэг шалгаад үзээрэй.
 
Баялгийн сангийн тогтворжуулах агуулга нь зөв байдаг. Улс оронд гэнэт үүсэх онцгой нөхцөлүүд форс мажорын үед улс нь тодорхой нөөцтэй байх ёстой. Ийм нөөцийн сан үеийн үед байсаар ирсэн. Хаад ноёд ч эрдэнэсийн сантай байсан. Богд хаан ч хишиг тарааж байх үедээ төрийн сангаасаа тарааж байсан байж таарна. Гэхдээ нэг зүйлийг бид сайтар ойлгох ёстой. Бидний өвөг дээдэс баялгийн сан болох улсын нөөцийн сангаа ундардаг ургадаг, дахин сэргээгддэг баялгаасаа бүрдүүлж байсан юм шүү. Өөрөөр хэлбэл улаан гараараа хөдөлмөрлөж олсон хөрөнгөөсөө баялгийн санг бүрдүүлж байсан гэсэн үг юм. Тийм ч учраас бидэнд энэ том уудам уужим газар нутгийг онгон дагшнаар нь өвлүүлж чадсан гавьяатай юм. Бидний өвөг дээдэс аль болох байгаль эх оршихуйгаа устгалгүйгээр, онгон дагшнаар нь өвлүүлэн үлдээх газар, байгаль орчны бодлогыг чухалчилж ирсэн уламжлалтай. Энэ нь газрыг орчлон ертөнц, байгаль эхийн эд эс гэж үзэн тахин шүтэж ирсэнтэй холбоотой. Бид ч бас өвөг дээдсийнхээ үр садан мөн л юм бол энэ агуулгаар нь газар нутгаа хүнчлэн ойлгож, аль болох онгон дагшнаар нь хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Ундардаг бус дундардаг сэргээгддэггүй. Байгалийн баялгаа сүйтгэн байж хойч үедээ мөнгө өвлүүлэх бол маш хортой бодлого. Манай уламжлалд ч ийм хорон бодлого огт байгаагүй. Монголын төр ирээдүй хойчдоо мөнгө төгрөг өвлүүлэх гэж санаа зовохын хэрэггүй. Тэрний оронд эрүүл саруул ухааныг өвлүүлэх ёстой. Ирээдүй хойч үеийнхэн хүсвэл бидэнтэй бидэнгүйгээр энэ баялгийг хөрөнгө мөнгө болгож чадна.  Бүр илүү сайнаар чадна. Үүнийг захын залуучуудаас асуухад л батална шүү дээ. Байгалийн баялгаар дамжуулан улс орноо үтэр түргэн үсрэнгүй хөгжүүлэх гээд байгаа үр хойчдоо, худал саймшран, санхүүгийн эх үүсвэр үлдээнэ гэж хошхируулаад байгаа хуурмаг буянтны дүрд тоглон, ард иргэддээ бэлэн мөнгө тарааж, бэртэгчин үзлийг дэвэргэх гээд байгаа энэ бүх шийдлүүд чинь байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл, экологийн сүйрлийн асуудлыг зөвтгөж чадах юм уу? Бидний үр хүүхдэд талхлагдаж цөлжсөн газар нутаг ширгэсэн гол ус хэрэгтэй гэж үү? Үүнд хариуцлагатай хариулт өгч чадах төрийн зүтгэлтэн өнөөдөр Монголын төрд байна уу? Өнөөдөр бид Норвеги, Норвеги гэж чанга хашхирсан төр засагт бугшсан хулгайч луйварчдаас болгоомжлох ёстой. Баялгийн санг амжилттай хэрэгжүүлсэн улс орны жишээ болгож Норвеги гэж хашгирдаг нөхдүүд сүүлийн үед олон болсон. Нэгдүгээрт Норвеги улс баялгийнхаа санг далай дороос олборлодог нефтийн орлогоосоо бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл газар нутаг дээр нь шууд учрах байгаль экологийн эрсдэл тэдэнд байхгүй гэсэн үг юм. Харин бид яадаг билээ? Хоёрдугаарт Норвеги улс газрын тосоо төрийн өмчит компани зохион байгуулах замаар олборлодог бөгөөд далан зургаан хувийн татварыг тэрхүү төрийн өмчит компаниасаа хурааж авч чаддаг юм. Харин бид одоо ашиглаж байгаа уурхайнуудаасаа хэдэн хувийн албан татвар авч чадаж байгаа билээ. Хэзээ нэгэн цагт баялгийн сан байгуулах зайлшгүй шаардлага үүслээ гэхэд ядаж ийм түвшний хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа л энэ талаар ам нээх хэрэгтэй юм. Одоо цаг нь болоогүй ажээ.  Норвеги Норвеги гэж хашхирагчдад дахин нэг юмыг сануулахад өнөөдөр Норвегийн баялгийн сангийн хор хөнөөлийн талаар төрийн эрх мэдэлтнүүд огт ярихгүй байгаа шүү дээ.
 
Сүүлийн үед шинжээчид Норвеги, Финлянд, Швед зэрэг Скандинавын орнуудад нүүрлээд буй илүүдлээс ирэх сорилтын талаар их ярих боллоо. Тэнд эрчүүд нь эм хүн шиг болж, эмэгтэйчүүд нь улс төр рүү хүч түрэн орж ирж байна. Бэлгийн гажуудал дээд цэгтээ хүрч байна. Манай төрийнхний ярьж буйгаар Норвеги улс газрын диваажин юм бол яагаад тэнд амиа хорлолтын түвшин хамгийн өндөр байгаа юм байна. Үүнд хариулт өгөх хүн байна уу? Бид баялгийн сан байгууллаа гэж бодъё. Баялгийн санг дагаж орж ирэх хар сүүдрийнх нь үр дагаврыг тооцож байгаа төрийн зүтгэлтнүүд манайд бий юу. Бид ийм ирээдүйг хүсэж байгаа гэж үү. Ийм ч учраас долоо хэмжиж нэг огтол гэсэн хэрсүү үг бий. Иймэрхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ хүрвэл ард нийтээрээ хэлэлцэж байж нухацтай хөдлөхгүй бол аюултай гэдгийг л би хэлмээр байна. Ямартай ч манай өнөөдрийн хулгайч, луйварчдаар дүүрсэн төр засаг үүнийг тооцоолж чадахгүй нь ойлгомжтой.
 
Эцэст нь хэлэхэд ард түмний баялгийн сан, ардын засаг гэх мэт төрөөс онцгойлсон бүтэц байгууламжуудыг олшруулах нь төрийн хүчийг сулруулах, ард түмэн ба төрийг хооронд нь талцуулах, ард түмнээр нь нээнтэглэж барьцаалж байгаад төрийн бодлогыг хянаж байх гаднын орнуудын бодлогыг хэрэгжүүлсэн байдаг.
 
Төр бол ард түмний шууд төлөөллийн байгууллага юм. Тиймээс төр өөрөө хүчтэй байх ёстой. Төрөө хүчтэй байлгахын тулд төрийн түшээдийн чансааг өндөрсгөх цорын ганц арга зам бий. Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол төрд бугшсан, хулгайч луйварчдаасаа салах ёстой юм. Сүүлийн үед төр засаг маань байнга л ирээдүй хойчийнхоо эсрэг чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг ээлж дараалан гаргах боллоо. Гаргаж байгаа хууль бүр нь, ард түмнийхээ эрх ашгийг хохирооход чиглэгдээд байна. Тэд ганц л зүйлийг хүсээд байх шиг. Монголчууд биднийг эх орон, газар нутаггүй болгохыг хүсээд байх шиг надад санагдах боллоо. Ямар муу ёрын хүмүүсийн бөөгнөрөл энэ манай төрд бий болчихсон юм бэ? Уул уурхайгаа ухаж танахаа азная аа. Баялгийн сан бидэнд зохихгүй гэж зоригтойхон дуугарчих улс төрч энэ далан зургаагийн дотор алга байна гэж үү? Монголчууд бол сул дорой ард түмэн биш гэдэгт би итгэдэг. Нийгэм эдийн засгийн хөгжлийн гарцаа огт өөрөөр харж, төсөөлж буй залуу үе өсөж торниж байгааг би харж байна. Өнөөдрийн төр засагт бугшсан луйварчдыг зайлуулах тийм сайн цаг тун ойрхон болсон гэдгийг би бат итгэлтэй хэлж чадна. Монгол улс үеийн үед мандан бадрах болтугай.
 
Улс төрийн тоймч Ш.Гантулга

Баялагийн сан хэнд хэрэгтэй вэ?
2021-05-02 10:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0