Бямба, 2021-07-24
“Политбюро”-гийн томчуул: С.Лувсан

Би энэ хүнтэй 1990 онд нэг удаа гэрт нь очиж уулзсан. Насны эрхээр жаахан ядарсан юм уу гэлтэй харагдсан. “Хүү минь, дүү минь” гэсэн их сайхан харьцаатай хүн байсан. Гэргий М.Байминханд гуай бас сайхан зантай, шар тосонд хайрсан амттай хуушуураар дайлсан. Х.Чойбалсан өөрт нь сэлэм бэлэглэсэн, Ю.Цэдэнбал даргатай ямар харилцаатай байсан, Эх орны дайны үед фронтод хөрөнгө цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан, дараа нь Алжирт элчин сайдаар томилогдсон гэх мэт асуудлыг ярьсан. Би энэ ярилцлагаа тухайн үед “Ардын эрх” сонинд “Би Ю.Цэдэнбалд адлагдаж явсан хүн” гэсэн гарчигтай нийтлүүлсэн. Нэгэнт сонинд байгаа учир тэр ярилцлагад юу өгүүлснийг дэлгэрэнгүй яриад яахав.
 
М.Байминханд гуай тун хөдөлгөөнтэй, үе үе бидний ярианд оролцож “Чи оныг нь андуурлаа”, “Биш ээ биш, тэр чинь бүр өмнө болсон хэрэг шүү дээ” эсхүл “Чи ангийн бригад байгуулж, фронтод явуулах зээрийн мах бэлтгэж байснаа яриач” гэх мэтээр сануулж, зөвлөж байлаа. Тэр даруйд нь ч С.Лувсан гуай “Аа тийм, тийм, бүр мартах дөхлөө” гээд залруулан, зарим зүйлийг нэмж хуучилсан билээ. 
 
Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, эднийх маш алдартай гэр бүл. Гэргий Магсарвандадын Байминханд нь агуу түүхт Эрдэнэжонон ван Ц.Ширнэндамдингийн ач охин. Ц.Ширнэндамдин нь Богдын Шадар сайд, Шүүхийн Хамаг Хэргийг Бүгд захиран шийтгэх болон Гадаад яамны дэд сайд, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Цэргийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч, мөн 1912 оны Монгол-Оросын санхүү, цэргийн тусламж авах хэлэлцээр, 1915 оны Монгол, Орос, Хятад 3 улсын Хиагтын гэрээ, 1921 оны Монгол, Зөвлөлт Оросын найрамдлын гэрээг байгуулахад идэвхтэй оролцсон улстөрч, Гадаад харилцааны гарамгай зүтгэлтэн байв. Энэ хүний хүргэн С.Лувсан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн I орлогч дарга (Жинхэнэ дарга дээрээ байгаагүй үеийн I орлогч) хүртэлх өндөр албан тушаалуудыг хашсанаас гадна хэд хэдэн оронд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилласан том дипломатч билээ. С.Лувсан гуайн хүү Л.Эрдэнэчулуун НҮБ-д 20 гаруй жил ажиллаж, түүний гол бүтэц болох улс төрийн I хороог толгойлж, дараа нь Монгол Улсын Гадаад Хэргийн сайдын алба хашсан хүн. Бага хүү Л.Баттулга мөн Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. “Элит” гэж байдаг нь үнэн юм бол аргагүй энэ гэр бүлийг л нэрлэх байх.
 
Үргэлжлэл бий...
 
Өлзийсайханы ЭНХТҮВШИН (sonin.mn сайт)

“Политбюро”-гийн томчуул: С.Лувсан
2021-05-19 09:23:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0