Бямба, 2024-04-20
Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг Франц улсын тухай тоо баримтууд

Ням гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад анх удаа айлчлан ирэх гэж байгаатай холбогдуулан тус улсын талаар гол тоо баримтуудыг танилцуулж байна.

Баруун Европын соёл иргэншлийн нэг гол төв болсон Франц нь дэлхий дахинд шинжлэх ухаан, соёл урлаг, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс билээ.

Хувь хүний эрх, эрх чөлөөг хамгийн түрүүнд баталгаажуулсан дэлхийн цөөн улсын нэг Франц юм. Дэлхийн Банкны тодорхойлсон ангиллаар тус улс баян чинээлэг, өндөр орлоготойд тооцогддог. Европын Холбоо, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг, дэлхийн өндөр аж үйлдвэржсэн долоон орны нэг юм.

- Эдийн засгийн хүчин чадал

65 сая хүн амтай Франц улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $2.94 их наяд, нэг хүнд ногдох хэмжээ нь $50,729 юм. Иргэдийнхээ амьжиргааны төвшнөөр дэлхийд 25 дугаарт,

эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд долдугаарт, Европын Холбоонд зөвхөн Германы дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Францын Louis Vuitton, Chanel, Hermes, L’Oreal зэрэг олон брэнд  нь дэлхий даяар алдартай билээ.

- Цэрэг зэвсгийн хүчин чадал

Франц нь дэлхийн хамгийн орчин үеийн армитай орнуудын нэг төдийгүй хамгийн том зэвсэг экспортлогчдын нэг юм. Тус улсын зэвсэгт хүчин 208,000 бие бүрэлдэхүүнтэй. Энэ нь тийм өндөр тоо биш ч зэвсэглэл, ур чадвар өндөртэйд тооцогддог.

Цэрэг дайны түүхэн уламжлал, орчин үеийн зэр зэвсгийн технологийн ололт нь Францыг хүчтэй болгодог байна. Тус улс Умард Атлантын Эвслийг (NATO) үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гол гишүүн орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд Франц улс зэвсгийн экспортын хэмжээгээр АНУ, ОХУ-ын дараа бичигдэж байгаа.

- Цөмийн технологийн хүчин чадал

1960 онд Франц улс нь дэлхийн дөрөв дэх цөмийн зэвсэгтэй гүрэн болж байжээ. Өнөөдрийн байдлаар албан ёсны цөмийн зэвсэгтэй орнуудын тоо ес байна.

300 цөмийн цэнэгт хошуу, дөрвөн цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоцтой. Эдгээр нь бусдаас хараат бус, цэвэр өөрийн технологид суурилдгаараа онцлог юм.

Үүнийгээ дагаад цөмийн эрчим хүчний технологиор дэлхийд тэргүүлэгчдийн нэг болдог ажээ.

- Зөөлөн хүч, соёлын нөлөө

Дэлхийн 160 улсад элчин сайдын яамтай, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний нэг Франц улс нөлөө бүхий гүрэн юм.

Франц хэл нь дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн тавдугаарт эрэмбэлэгддэг, НҮБ-ын албаны ёсны зургаан хэлний нэг, Олон Улсын Олимпын Хорооны албан ёсны хоёр хэлний нэг.

Үүнээс гадна франц хэл нь гурван зууны турш Англи улсын засаг захиргааны албан ёсны хэл байсан түүхтэй.

Дэлхийд хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс бол Франц юм. Жил бүр олон сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс Францын соёл, урлаг, өв уламжлалтай танилцахаар ирдэг.

Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд тус улсад 218 сая жуулчин ирж байжээ.

Үүнээс гадна утга зохиолын Нобелийн шагналтан Франц улсаас хамгийн олон төрсөн байдаг юм.

- Колоничлолын дараах нөлөө

Франц нь нэг үе газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг байсан. 17 дугаар зуунаас 1960-аад оны үеийг хүртэл тус улс дэлхийн тив бүрд өөрийн эзэмшилтэй байжээ.

Одоо ч Франц нь хуучин колоничилж байсан бүс нутаг, улс орнууддаа хүчтэй нөлөөтэй байдаг. Тухайлбал Төв ба Баруун Африкийн орнуудын эдийн засаг өнөөдөр Францын нөлөөн дор оршдог юм.

Хэдийгээр 1950-аад онд колоничлолоос татгалзсан ч өнөөдөр тус улс дэлхийн өнцөг булан бүрд стратегийн ач холбогдол бүхий 13 газар нутгийг эзэмшдэг байна.

 

Эх сурвалж: Global Affairs Explained, United Nations


Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг Франц улсын тухай тоо баримтууд
2023-05-26 14:00:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0