Баасан, 2024-04-19
ОХУ анх удаа сансарт УСК хийжээ

Дэлхийн томоохон гүрнүүд хоорондын сансрын өрсөлдөөн бизнес, аялал жуулчлалаас хальж, кино урлаг руу оржээ. Тухайлбал, ОХУ сансарт зураг авалтаа хийсэн анхны бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо трэйлерийг Мягмар гаригт цацав. "The Challenge" нэртэй тус киноны зураг авалтыг 2021 онд хийжээ.

Киноны үйл явдлаас тоймловол, нэгэн мэс засалч сансарт үүрэг гүйцэтгэж буй нисгэгчид зүрхний хагалгаа хийх шаардлагатай болдог. Тухайн нисгэгч дэлхий рүү буцаж ирэх боломжгүй тул эмч сансарт нисэх шаардлагатай болдог аж. Мэс заслын эмчийн дүрд Оросын жүжигчин Юлия Пересильд тоглосон бол өвчтөний дүрд сансрын нисгэгч Олег Новицкий тоглосон. Жүжигчин Юлия Пересильд болон найруулагч Клим Шипенко нар 2021 оны аравдугаар сард ОХУ-ын ахмад сансрын нисгэгч Антон Шкаплеровтой хамт Олон улсын сансрын станц руу аялсан. Тэд дэлхийгээс 400 гаруй км зайд орших Олон улсын сансрын станцад 12 хоног байрлаж, зураг авалтаа хийжээ.

Киноны продюсерээр "Yellow, Black and White" студи болон ОХУ-ын төрийн хяналттай "Россия 1" телевиз ажилласан. Мэдээж кино бүтээх үйл явцад тус улсын сансрын агентлаг "Роскосмос" оролцжээ. Уг кино ОХУ-ын сансрын үйл ажиллагааг нийтэд таниулж, сансрын нисгэгч мэргэжлийг алдаршуулах зорилготой.

Дүрийн сонгон шалгаруулалтыг 2020 оны арваннэгдүгээр сард зарлаж, Юлия Пересильд шалгарчээ. Мэргэжлийн ур чадвараас гадна бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндийн шалгалтыг давсны эцэст тэр энэхүү кинонд тоглосон байна.

“The Challenge” нь анхны бүрэн хэмжээний уран сайхны кино боловч үүнээс өмнө Олон улсын сансрын станцад бүтээсэн богино хэмжээний кинонууд байдаг. Тодруулбал, 2002 онд жүжигчин Том Крузын тоглосон баримтат кино, 2012 онд бизнес эрхлэгч, сансрын аялагч Ричард Гарриотын тоглосон найман минутын хугацаатай, шинжлэх ухааны зөгнөлт киног энд дурдаж болно.

“The Challenge” кино дөрөвдүгээр сарын 12-нд үзэгчдийн хүртээл болох юм байна.

Эх сурвалж: CNN


ОХУ анх удаа сансарт УСК хийжээ
2023-03-09 14:15:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0