Бямба, 2024-04-27
Орон нутгийн сонгуультай холбоотой 207 гомдол иржээ

Орон нутгийн ИТХ-ын сонгууль маргааш 07:00 цагт эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. Санал авах хугацаа 07-20:00 цаг байна. Санал хураалтын явцад аль болох ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш оройдоо мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Бид 50 хувьд хийхээр чиглэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй. Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг манай сайтаар үзэж болно. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 20:00 цаг хүртэлс санал  авна" гэлээ. 

УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан "Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой санал гомдол их гардаг. Нэрийн жагсаалттай танилцаад нэг хаяг дээр олон хүн байгаа тохиолдол нь халамж, асрамжийн төв болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хаягийн шилжилт хийгээгүй байх, задгай айлуудыг нэг тоогоор тэмдэглэх гэх мэт асуудлаас болдог" гэлээ. 

ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Орон нутгийн сонгуультай холбоотой 207 гомдол ирээд байна. Тодруулбал, улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, хуурамч бичиг баримт үйлдэх хоёр, нэр төрд халдах 62, хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулсаг 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх долоо, бусад есөн төрлийн гомдол ирсэн. Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн" гэлээ.  

Орон нутгийн сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалтай холбоотой 483 сая төгрөгийн зардал гаргах шийдвэр гарсан. Ингэхдээ нэг удаагийн бээлий болон халдваргүйжүүлэлтийн бодисыг онцгой байдлын газар санал авах хэсгийн хороодод хүргүүлээд байна. 
Санал тоолох машинтай холбоотой мэдээллийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байна. Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2148 санал авах байранд 2615 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авах юм.


Орон нутгийн сонгуультай холбоотой 207 гомдол иржээ
2020-10-14 14:05:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ