Пүрэв, 2022-12-01
Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй 64 настай, Сингапурын иргэнийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнөөдөр дайчлан баривчилсан байна.

Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар тухайн этгээд нь 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк болон инстаграм сүлжээгээр харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирогчийн тоо үүнээс нэмэгдэж ч болзошгүй юм.

Иймд хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дугаар зүйлд:

1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
  • 2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
  • 2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга тогтвортой;
  • 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:

1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 


Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй 64 настай, Сингапурын иргэнийг баривчиллаа
2022-09-30 09:40:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ