Баасан, 2024-04-19
Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум үргэлжилж байна. Форумын дараагийн хэлэлцсэн сэдэв нь “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн шинэлэг түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд журам боловсруулахаар ажиллаж байгаа. Хотын эдийн засгийг тэлэх тулгуур нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Цаашид Орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт,  Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийтийн тээвэр, Тээвэр, логистик, Орчны бохирдлын менежмент, Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ногоон/эко хөгжил, инновацлаг, ухаалаг байхад анхаарна. Төр, хувийн хэвшил хоёр талдаа ач холбогдол өндөртэй.  Тухайлбал, төр талаас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал бууруулах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон нийтийн оролцоог хангасан, нийслэлийн хөгжлийн төлөөх түншлэл гэж харж байгаа” гэдгийг хэллээ.

Сэдвийн хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан Дэд захирал С.Цэрэндаш нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва энэ үеэр “Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлд анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжлийг төлөвлөх боломжгүй” гэдгийг тодотголоо.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар жилд 15 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Өнгөрсөн жилүүдэд зах зээл дээр 30 мянга орчим айлын орон сууц борлуулагдахгүй байсан бол өдгөө 1-2 өрөө байрны эрэлт их байгааг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл орон сууцны салбарт чухал гэдгийг хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй
2021-12-02 09:40:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0