“Баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя” хэмээх үгийг “Макс”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар амнаасаа зүгээр ч нэг унагаагүй байх. Хийе гэвэл хувийн хэвшилд хангалттай нөөц боломж, хөрөнгө оруулалт нь бий болсныг илтгэх бодитой байр суурь. Гол нь тэдэнд хоёрхон баталгаа хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүй, татварын таатай орчин, нөгөөх нь улс төрийн тогтвортой байдал. Ерөнхий сайд нь ч улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн нь хувийн хэвшлийнхээ талд зогсож ажиллахаа мэдэгдсэнтэй агаар нэг.
"Эрчим хүчний хараат байдал хөгжлийг хойш чангааж байна. Манай компани түүчээлээд баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя. Компаниудад ижил тэгш эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл сайн байна” хэмээн “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Ерөнхий сайд болон танхимынх нь гишүүдэд хандан хэлжээ. Хариуд нь “Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ” гэдгийг Засгийн тэргүүн нь хүлээн зөвшөөрчээ. Ийм нэгэн харилцан яриа бүхий уулзалт Төр, хувийн хэвшлийн хооронд болж өнгөрөв. Төр гэдэг нь Засгийн газар, түүнийг төлөөлдөг сайд нар, хувийн хэвшил нь МҮХАҮТ.
Уулзалтын үеэр танхимын дарга Д.Энхтүвшингийн 4606 аж ахуйн нэгжийг хамруулсан бизнесийн орчны судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан байна. Судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэх орчин дундаж түвшинд орж, эдийн засгийн орчны үзүүлэлт цар тахлын үеийнхээс найман хувиар буурчээ. Түүнд нь худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн багтсан бол аялал жуулчлалын салбарт ахиц гарсан байна. Эдгээр үзүүлэлт гарах болсон учиг нь ганцхан зүйлтэй холбогдсон нь татвар. Өөрөөр хэлбэл, татварын таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь бизнесийн салбарт “амь тариа” мэт хэрэгтэй байгааг танхимын дарга онцолсон хэрэг. Ортой л үг, ханатай л байр суурь. Гэхдээ зөвхөн татварын орчноос үүдэж Монгол Улсад бизнес эрхлэх орчин дундаж түвшинд очжээ гэвэл өрөөсгөл.
Төр нь компани байгуулж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, улстөрчид хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж тендер хамдаг, бусдын боломжийг хулгайлдаг, давуу байдал олгодог, ханцуйндаа эрх ашгаа наймаалцаж ирсэн дүр зураг бүхий 1990 оноос бүрэлдэж бий болсон тогтолцооны гажуудлын сүүдэр, тэгш бус байдлын илэрхийлэмж нь. Зах зээлийн зарчмаар хөгжлийн бодлогоо тодорхойлуулсан 30 жилийн хугацаанд Монгол Улс хожсон нь ч байна, хохирсон нь ч бий. 1990-2023 оны эдийн засгийн үзүүлэлт нь 17 дахин томорч, тэлсэн нь мэдээж хожил. Эсрэгээрээ ийм хэмжээний өсөлтийн үр шим нийт иргэдэд бус нэгжээд хүмүүсийн халаас руу шингэж ирсэн нь өөрөө хохирол.
“Ковид”-ын хориг хязгаарлалттай хоёр жилийн хугацаанд Хятад Улс хилээ хаахад Монголын зовлон бодитоор эхэлж мөн үргэлжилсэн. Гал дээр тос гэгчээр “Ковид”-ын шокноос гараад удаагүй байхад хойд айл нь дайны байдалд шилжсэн нь эдийн засгийн бас нэгэн сорилтыг бидэнд тулгасан. Ийм нэгэн ээдрээтэй хэрнээ амаргүй цаг үеийг хамтын хүчээр давахаас хувийн тоглолтоор туулахгүй. Хамтын гэдэг нь Төр, хувийн хэвшлийн түншлэл. Үндсэндээ хувийн хэвшил нь зовлонгоо яриад өнгөрдөг, албан мэдэгдэл гаргахаас хэтэрдэггүй, Төр түүнийг нь хүлээн авч, сонссон болоод мартдаг, бүр замхруулдаг нүдэн балай, чихэн дүлий байдлаасаа аль, аль нь, хэн, хэн нь татгалзах цаг болсныг харилцан хүлээн зөвшөөрөх нь эл уулзалтын уур амьсгалын гол агуулга байжээ.
Ингэхийн тулд Төрийн зүгээс “Эрх зүйн цогц шинэчлэл тал дээр ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллая. Эдийн засгийн хүртээмжийг иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгээ ч ярилцъя” гэсэн саналыг Ерөнхий сайд дэвшүүлжээ. Харин аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг сануулсан бизнесийн төлөөллүүд байна. Нэг үгээр, бизнесийн салбарт хамаарах хууль, эрх зүйн орчныг сайжруулахад МҮХАҮТ-аар дамжуулж, Төрийн биш хувийн хэвшлийн өнцгөөс харж өөрчилж байх зарчмын тохиролцоонд урьдчилсан байдлаар хүрчээ. Бизнесийн эрх зүйн орчинд хамаарах хууль боловсруулах процесс зөвхөн Засгийн газар, УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол, үзэмжээр бус хувийн хэвшлийн оролцоотойгоор, тэдний санал, санаанд тулгуурласан байдлаар явах нь маргаангүй шинэ хандлага, жишиг болтол нь хэрэгжүүлэх ёстой санал. Үүнд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд нь ч амлалаа.
Томоохон мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь дан ганц Төрийн хийх ажил мэдээж биш. Татвар төлөгчдийн нуруун дээрээ үүрэх ачаа бүр ч биш. Харин Төрийн оновчтой шийдэл, шийдвэрийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж, хэрэгжүүлэх нь чухал. Мэдээж улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал нь. Төр нь 10 жил бараагүй төмөр замын урттай дүйх бүтээн байгуулалтыг хувийн хэвшил нь өөрсдийн хөрөнгөө гаргаад наймхан сарын хугацаанд бариад ашиглалтад оруулсан бэлээхэн жишээ Дорноговь аймагт бий.
Залгуулаад Шивээхүрэнг Сэхэтэй холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд яваа. Хэдийгээр 7.1 км гэдэг нь бага тоо мэт сонсогдох ч эл холболтыг хийснээр Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын шанг татаж буйгаараа онцлог, бас түүхэн үйл явдал болно. Бүтээн байгуулалтын ажлыг “МАК” тэргүүтэй хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж, зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулах товтой. “Баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя” хэмээх үгийг “Макс”-ын Д.Ганбаатар амнаасаа зүгээр ч нэг унагаагүй байх. Хийе гэвэл хувийн хэвшилд хангалттай нөөц боломж, хөрөнгө оруулалт нь бий болсныг илтгэх бодитой байр суурь. Гол нь тэдэнд хоёрхон баталгаа хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүй, татварын таатай орчин, нөгөөх нь улс төрийн тогтвортой байдал. Ерөнхий сайд нь ч улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн нь хувийн хэвшлийнхээ талд зогсож ажиллахаа мэдэгдсэнтэй агаар нэг.
Ямартай ч Засгийн газар, МҮХАҮТ хооронд хийсэн уулзалтын үр дүнд Төр, хувийн хэвшил хамтран дараагийн 30 жилийнхээ хөгжлийн чиг хандлагын луужин болох учиртай “Тоглоомын шинэ дүрэм”-ээ тодорхойлох эргэлтийн цэг дээрээ ирлээ. Хэрхэхийг хэн, хэн нь хэлсэндээ хүрч ажиллахыг цаг хугацаа л харуулна.