Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.
-Нийслэлийн даргаар очоод харахад ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу?
-Нийслэлийн Засаг даргаар томилогдоод үндсэндээ 20 гаруй хоног болж байна. Ирээд бидний хийсэн ажил бол нэн яаралтай Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинтой болъё гэж зорьсон. Их хот гэдэг төрөх эмнэлгээр үйлчилгээ үзүүлснээс авхуулаад нас эцэслэхэд Улаанбаатар хотын үйлчилгээний харьяа төвлөрсөн оршуулгын цэгт оршуулах хүртэлх хүний амьдралын бүхий л үе шатуудад үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү үйлчилгээ үзүүлэх явцад иргэдийг хамгийн их бухимдуулж, амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулж, хөрөнгө мөнгө үрж байгаа хоёр том асуудал нь түгжрэл, агаарын бохирдол. Эдгээр хоёр асуудлыг шийдсэний дараа дараагийн асуудлууд энэ хоёр асуудалтай хамтад нь шийдэх асуудал ч байна. Тусад нь зорилт дэвшүүлж шийдвэрлэх бэрхшээлүүд ч байна. Тиймээс энэ хоёр асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зөв гэж үзээд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах нэртэй анхдагч хуулийн төслийг, дагалдаж нэмэлт, өөрчлөлт орох 26 төслийн хамт боловсруулсан. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Болж бүтэж байгаа зүйл байлгүй яах вэ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусаж, 2040 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж үндсэндээ дууссан. Удахгүй гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллага хамт олон энэ ажил дээр нэлээд суусан байна.
Бид заавал нэг буруутан хайгаад байгаа юм бэ. Хохирогчийн сэтгэл зүйгээр хандаад байна. Бидний өмнө өнөөдөр тулгарч байгаа асуудал хэдэн улстөрч, хэдэн дарга нараас болсон гэдэг. Нэг талаараа бодит үнэн. Нөгөө талаас 1990 онд нийгэмд шилжилт хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал хийгдэж, өмчийн олон хэлбэр, гадаад дотоодод зорчих зэрэг нийгмийн бүхий л том шинэчлэл хийгдсэн. Үүнийг дагаж эерэг, сөрөг үр дагавар гарсан. Тухайлбал, хөдөө орон нутагт байсан сум, сангийн аж ахуй үйлдвэр, заводууд хувьчлагдсан. Зарим талаар хувьчлалын алдаатай бодлогоос үүдэж орон нутагт ажиллаж, амьдарч байсан мянга мянган иргэд ажлын байр хайж Улаанбаатар руу нүүдэллэх их нүүдэл эхэлсэн.
Улаан баатар руу ирэх энэ их нүүдэл ямар асуудал үүсгэсэн бэ гэхээр өнөөгийн хүн амын хэт төвлөрөл, гэр хороолол, агаар хөрс усны бохирдол, дэд бүтцийн дутмагшил, төлөвлөлтгүй хот бий болох суурь шалтгаан болсон. Үүнийг ерөөсөө ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн шилжилтийн үед бий болсон нэг сөрөг үр дагавар нь Улаанбаатарыг төлөвлөлтгүй, замбараагүй болгох суурь алхам тавигдсан.
Эртүүд надтай уулзсан дээхэн үеийн ахмад ярьж байна лээ, бид яах байсан юм бэ. Хөдөө орон нутгаас нүүж ирж байгаа хүмүүсийг буутай цэргүүдээр хөөлгөх байсан юм уу. Монгол хүн Монголын нутаг дээрээ эсгий гэрээ бариад, айл аймгаараа хаяалж гудамж үүсгэж өнөөдрийн гэр хороолол тэлсэн ш ү ү дээ. Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах нь та нарын үүрэг гэсэн зүйлийг ярьсан.
– Таныг хотын даргаар очсоноос хойш Нийслэлийн бүх газар цагдаа, хүчнийхэн очлоо гэсэн мэдээлэл гэх үү, шүүмжлэл гэх үү их гарсан. Ер нь өнгөрсөн 30 жилийн бугшсан авлига зэрэг асуудлыг и н г э ж цэгцлэхээр байна уу. Урьд хожид танаас өөр хотын дарга нар ийм шийдвэр гаргаж байгаагүй учраас сонирхож байгаа юм?
-Цагдаагаас нэг л хүн сэлгэж ирсэн. ХЗДХ-ийн яамнаас П.Сайнзориг дарга орлогчоор ирсэн. Мөн яамны хоёр газрын дарга ирсэн. Д.Цолмон хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр, Л.Хосбаяр Тамгын газрын даргаар ирсэн. Бид нийслэл хотод яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ирэх жилийн төсөв, хөгжлийн бодлогын тодотгол, өнөөдрийн хууль зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад хуулийн мэргэшсэн баг байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэшсэн албан хаагчдыг нийслэлд авч ирж ажиллуулж байгаа нь үнэн. Жишээлбэл, Үндэсний АУДИТ-ын газраас , Сангийн яамнаас, Барилга, хот байгуулалтын яамнаас НЗДТГ-т шилжүүлэн авч ирж ажиллуулж байна. Дээр нь хот байгуулалтын чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг Барилга, хот байгуулалтын яамнаас шилжүүлж авахаар ажиллаж байна. Яам, агентлагууд нийслэлийн аппаратын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд ажилла гэж Ерөнхий сайд ч хэлсэн.
Цагдаажсан гэвэл нэг л хүн нийтийн тээврийн газрын даргаар очсон. Энд үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйлүүд байгаа. Бугшсан, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл байдлаар ажилладаг . Өнгөрсөн хугацаанд өр төлбөрийг барагдуулаагүй, хяналт шалгалт хийдэггүй асуудлыг цэгцэлье гэсэн бодолтойгоор Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг аваачиж тавьсан. Нэг хүн аваачихаар цагдаажсан төр үүслээ гэх юм.
Шулуухан хэлэхэд, Монгол Улсад хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Хамгийн их ачаалал даадаг, үнэний хойноос хамгийн их явдаг хүмүүс яах аргагүй Монголын Цагдаагийн байгууллага байгаа шүү дээ. Цагдаа юу нь муу муухай харагддаг юм бэ. Болж бүтэхгүй, хамгийн хүнд үедээ цагдааг дууддаг.
Д.Отгонжаргалыг Нийтийн тээврийн даргаар ирж ажиллаач гэдэг санал тавьсандаа би одоо ч харамсдаггүй . Учир нь энэ хүн Монгол Улсын Мөрдөн байцаах газрын дарга байсан. Хамаг л ноцтой хэргийг мөрдөн шалгаж явсан. Залуудаа гэмт хэрэгтэнд хүртэл буудуулж явсан хүн шүү дээ. Энэ хүнийг очихоор яагаад нийслэл тэр аяараа цагдаажсан гэж хараад байгаа юм бэ. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт байгаа алдаа дутагдлуудыг өөр салбарын хүн өөр нүдээр харж илүү цахимжуулъя, илүү хүний хамааралгүй болгоё. Автобусаар үйлчлүүлэхдээ жолоочид бэлэн мөнгө өгөх бус нийтийн тээврийнхээ орлогыг арвижуулж, жолооч нарын цалинг хэд дахин нэмэгдүүлье гэсэн бүтээлч юм яриад явж байгаа шүү дээ. Сонгууль дөхсөн учраас нэр нь тодроогүй “баатрууд” олонд танигдах гээд энд тэнд юм хийгээд байна л даа. Хөөрхөн харагдаж байгаа. Гэхдээ энэ том бодлого, энэ асуудлыг унагаж болохгүй.
Би өнөөдөр намынхандаа шүүмжлүүлж байгаа. Сонгууль дөхсөн байхад чи ийм цочмог арга хэмжээнүүд авах хэрэг байна уу. Сонгууль дөхтөл эвтэйхэн байж байгаад орчхож болохгүй юу гэсэн. Сонгуулийн мөчлөг тааруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилла гэвэл би ажиллахгүй.
– ХЗДХ-ийн сайдаас сэлгэж Хотын дарга болж байгаа нь авлигын эсрэг тэмцэлд Х.Нямбаатараас өөр хүн үлдсэнгүй гэж харагдах юм?
– Нэг талдаа муухай сонсогдож байж магадгүй. Намайг ирснээс хойш Нийслэлийн газрын албаны маш олон хүн шалгагдаж байна. Зарим нь хоригдож байна. Нийслэлийн барилга хот байгуулалтын, газар, агентлагийн олон хүн шалгагдаж байна. Бүгдээрээ өнгөрсөн алдаануудаа эндээ дүгнэж цэгнэж дуусгаад Нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашаа шинэ хандлага, шинэ алсын хараатай, шинэ сэтгэлгээтэй урагшаа алхацгаая. Хуучин хотын даргаар ажиллаж байсан хүнийг уржигдархан АТГ- аас хорьсон байна. Өмчийн харилцааны газрын даргыг хорьсон байна. Надад энэ их таатай сонсогдохгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдахад бид саад учруулах ёсгүй. Одоогийн нийслэл и й н аппаратад байгаа хүмүүст ч би хэлсэн. Дүүргийн Засаг дарга нарыг уржигдар цуглуулж хэлсэн. Б и нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн хот нийтийн бүх чиг үүргийг хот дээр төвлөрүүлэлгүй дүүргүүдэд шилжүүлнэ. Одоо бэлтгэл ажил хангагдаж байна. Хот тохижилтын газар. Улаанбаатар зам арчлалт. Захирагчийн ажлын албыг санхүүтэй нь, хүний нөөцтэй нь, чиг үүрэгтэй нь, тоног төхөөрөмжтэй нь бүхэлд нь есөн дүүрэг рүү шилжүүлж байгаа. Хамгийн гол нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нэг ширхэг л асуудал үүсвэл надад битгий гомдоорой. Бидний хийж байгаа шинэчлэлд хэн нэг увайгүй хүнээс болж алдаа гаргах ёсгүй шүү гэж хэлж байгаа. Энэ утгаараа нийслэл дээр авлигын асуудлаар өөрчлөлт гаргахын тулд энэ хуулиар дүүргүүдэд газар олгохоо больж байна. Мөн Нийслэл зөвхөн дуудлага худалдаагаар олгоно . Нэг байршлыг дуудлага худалдаагаар зарлаж сонирхсон бүх газар орж ирнэ. Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж би яриад ямар ч үр дүнгүй. Нийслэлийн худалдан авах ажиллагааны зарим чиг үүргийг МҮХАҮТ-д шилжүүлье гээд энэ хууль дээрээ бичиж байна. Өөрөөр хэлбэл, бичиг баримт боловсруулах хэсгийг нь МҮХАҮТ буюу мэргэжлийн холбоод руу шилжүүлэхээр хуулийн төсөлд туссан. Нийслэл дээр хамгийн их яригддаг асуудал газартай холбоотой авлигын асуудал, Тендертэй холбоотой авлигын асуудалд гарах байх гэж бодож байна . Мөн янз бүрийн барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудад цэг тавья гэж зорьж байгаа. Хуульд ч бичсэн. Хэт нягтаршилтай газар барилга бариулахаа больё.
Харин дэд төв, тусгай бусад бүсүүдэд газрын байршлуудыг шилжүүлж өгье. Тэгэхгүйгээр бөгс эргэх зайгүй Нэгдүгээр эмнэлгийн хашаан дотор яаж 25 давхар барилга барих гээд байгаа юм бэ. Зөвшөөрөл авсан хүмүүс зөвшөөрлийг нь олгосон эрх мэдэлтнүүд ичих хэрэгтэй. Амь нас нь цагаар тоологдож байгаа хүмүүс тэр эмнэлэгт очиж байгаа. Хөдөө орон нутгаас хүндрээд ирж байгаа хүмүүс Нэгдүгээр эмнэлэг рүү очих гэж бөөн юм болж байхад хашаан дотор нь 25 давхар худалдааны төв бариад зогсож байгаа нь ичих булчирхайгаа элгэндээ наасан хүмүүсийн үйлдэл. Энэ хандлагыг өөрчилье гэж байгаа.
-Шинэ, хуучин хотын дарга хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энд нь ингэ, тэг гэсэн зөвлөгөө, туршлагаа Д.Сумъяабазар дарга солилцож байгаа биз дээ. Нэг тойргоос хамт сонгогдсон гэдэг утгаараа ч та хоёрыг дотно гэж хардаг?
– Ажил авч, өгөлцсөнөөсөө хойш бид хоёр уулзаж амжаагүй байна. Бид хоёр Сонгинохайрхан дүүргээс хамт сонгогдсон, маш сайн харилцаатай хүмүүс. Мань хүн ажлаа өгөхдөө надад хэд хэдэн зүйлийг хэлсэн. Хотын газар доорх барилга байгууламжууд буюу инженерийн шугам сүлжээг яаралтай шинэчлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахгүй бол бид дийлэхгүй юм байна лээ шүү.
Хоёрдугаарт, бүтцийнхээ өөрчлөлтийг, чиг үүргийнхээ шинжилгээг бид хийлгэж байсан. Та нар үзээрэй. Бүтцээ чадварлаг цомхон болгох чиглэлд ажиллаарай гэсэн зүйлийг хэлсэн. Хамгийн сүүлд нь маш хэцүү ажил шүү, амжилт хүсье гэсэн. Үүнээс хойш бид хоёр албан ёсоор хотын ажил, амьдралыг ярьсан зүйлгүй. Утсаар хоёр, гурван удаа холбогдсон. Одоогоор хотод байхгүй байгаа байх. Гадагшаа явсан байх. Бид хоёр хамтарч хот удирдалцаад байгаа зүйл байхгүй. Миний нэг зарчим байдаг. Би аливаа ажил хариуцвал хариуцсан шиг хариуцъя. Хариуцлагаа хүлээсэн шиг хүлээе. Урдаа тавьсан ажлынхаа ард гарчихъя гэдэг бодолтой ажилладаг. Тийм учраас таньдаг мэддэг нам ы н ойрын нөхөд ийм тулсан үед ийм ийм арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэг байна уу гэж хэлж байсан. Би хариуд нь “Би сонгуулийн мөчлөгт тохируулж Хотын даргын ажлыг хийх сонирхол алга. Сонгуулийн мөчлөгийг сөрж богино, дунд, урт хугацаандаа үр дүн нь харагдах ажлыг барьж хийе. Түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах хоёроос эхэлье. Энэ хоёрыг шийдсэн цагт хотын дийлэнх асуудал шийдэгдэнэ. Мэдээж хэрэг бид бүгдээрээ хандлагаа өөрчилмөөр байна. Хотын соёлтой болмоор байна. Цонхоороо тамхины ишээ нясалдаггүй болмоор байна.
Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон инженерийн шугам сүлжээгүй газар, замбараагүй газар олголтыг энэ хуулиар зогсооё. Дахиж яндангийн тоог нэмэхгүй байя гэсэн нэг агуулгыг агуулж байгаа юм. Хоёрдугаарт нь, одоогоос арван жилийн өмнө Улаанбаатар хотын автомашины тоо 315 мянга байсан бол өнөөдөр 720 мянга болсон. Энэ хооронд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт автозамын сүлжээг 25 хувиар нэмэгдүүлсэн.
Бид өмнөх жилүүдэд иргэдийн автомашин худалдаж авах, импортлох эрхийг хязгаарлалгүйгээр орхиж, замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмье, өргөсгөе, уулзвараа нэмье гэсэн бодлого ярьж ирсэн. Гүүр, зам нэмж тавьснаар түгжрэлийг хэзээ ч нөхөж гүйцэж чадахгүй гэдэг үнэнтэй одоо бид эвлэрэх ёстой.
-Ялангуяа нэг дор хэт төвлөрөл үүссэн энэ нөхцөлд?
-Яг зөв. Улаанбаатар хотын их тойруу дотор 50 га газар бий. Энэ дотор Монголын бүх их дээд сургууль, бүх том эмнэлэг, төрийн бүх байгууллага, соёл, урлаг, спортын үйлчилгээ үзүүлдэг бүх том газар, том аж ахуйн нэгжүүд, ажлын байрууд байрлаж байна. Судлаачдын хэлж байгаагаар таван том суурьшлаас хотын төв рүү ирж байна. Баруун тал Сонгинохайрханаас, зүүн тал Баянзүрхээс, урд Хан-Уул, Яармагаас, арын Долоон буудал чигээс, мөн III-IV хороолол чигээс гэсэн таван зүгээс өдөрт хоёр сая 900 мянган зорчих хөдөлгөөн хийж өнөөдрийн төвлөрлийг үүсгэж байгаа гэдг ийг мэргэжлийн байгууллага нарийн тооцоо судалгааны үндэстэй гаргуулсан.
Жилд дунджаар 47 мянган автобус орж ирж байна. Энэ хурдаар явбал 2030 он гэхэд цагт гурван км урагшилна буюу тэг зогсолт хийнэ. Тиймээс цаашид импортын автомашиныг тодорхой хэмжээгээр хязгаарлах бодлого барихгүйгээр түгжрэлийг яагаад ч шийдэж чадахгүй. Эхний ээлжид яндангийн үйлдвэрлэлийг зогсоож байгаатай адил импортоор орж ирж байгаа 50 мянган машины урсгалыг зогсооё. Гуравдугаарт, их тойруугийн 50 га дотор шинээр 1500 өндөр барилга баригдахаар зөвшөөрлөө авчихсан хүлээж байна. Энэ нягтаршлыг түр зогсооё. Үүний дараа түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлд урьд өмнө хийж байгаагүй арга хэмжээг зоригтой хийе. Ингэхийн тулд эхлээд нийтийн тээврийн шинэчлэл тээвэр зохицуулалт, төлбөрийн систем хүртээмж гэсэн үндсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлье. ЖАЙКА олон улсын судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар 2007 онд Улаанбаатарын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог байсан бол одоо 24 хувь болж буурсан. 36 хувь нь автомашинаар зорчдог болж түгжрэлийг өнөөгийн түвшинд авч ирж байна.
Иргэд яагаад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоо больсон бэ гэдэгт маш тодорхой дүгнэлт бий. Нэгдүгээрт, хүртээмжгүй байдал. Хоёрдугаарт, нийтийн тээврийн тээвэр зохицуулалт, логиктой холбоос байдаггүй. Шархаднаас Таваншарын эцэс хүртэл ийм уртын чиглэлд ийм түгжрэлтэй газраар явах нь ямар ч маш хүнд биз дээ. Дээрээс нь автобуснууд нь тохь тухгүй, цагаараа явдаггүй, хүртээмжгүй. Оргил ачааллын үед бүгд нэг дор гарчихдаг. Иргэд хэдэн цагаар хүлээдэг. Энэ болгоноос болж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээ больсон. Тиймээс алдаагаа засъя гэсэн бодлогыг эхний ээлжид хэрэгжүүлнэ.
Дараагийн ээлжид Улаанбаатар хотод хөдөлгөөн зохицуулалт, мөн гэрлэн дохионы ухаалаг зохицуулалт, автозамын зогсоолын зохицуулалтууд, төлбөртэй бүсийн зохицуулалт руу үе шаттай шилжих эрхээ бидний өргөн барьсан хуулиар Нийслэл өөртөө шилжүүлж авъя гэж байгаа юм. Энэ хууль батлагдаад шууд төлбөртэй бүс тогтоогоод иргэдийн халаас руу орох гэж байгаа зүйл биш. Ямагт логик, дараалалтай хийгдэнэ. Төлбөртэй бүс тогтоогдсон тохиолдолд төлбөртэй бүс рүү ордог хэсэгт төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Зогсоолоос нийтийн тээврээр явах, явган алхах, унадаг дугуй, скүүтэрээр явах боломжийг нээнэ. 1.5-аас 800 метрийн радиуст ийм зохицуулалт хийе гэсэн агуулга бүхий төлбөртэй бүсийн зохицуулалт орж ирэхээр байгаа юм.
-Олон жил яригдсан ч бодит болоогүй учраас тэр үү, метро гэдэг улаанбаатарчуудын хувьд үлгэр домгийн шинжтэй болсон. Та гарч ирээд метро барина гэчихлээ. Өндөр зардалтай энэ нийтийн тээврийг нэвтрүүлэх гарц гаргалгааг та яаж харж байгаа вэ?
-Метро, BRT, LRT, дүүжин тээврийг олон жил ярьсан. Масс тээврийн хэрэгслийг их хот нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр дундаа манайх шиг нэмэх 40-өөс хасах 40 хэмийн хэт хэлбэлзэлтэй агаарын температуртай улс. Нийтийн тээврээр нэг газраас нөгөө газарт очиход даарч хөрөхгүй, метрогоор зорчих нь хамгийн зөв сонголт гэдэгт хүн бүр санал нэгддэг. Өнөөдөр бидэнд нийслэлийн төсвөөр метро барих нь байтугай газар доогуурх инженерийн шугам сүлжээгээ солих санхүүгийн эх үүсвэр ч алга байна. Тиймээс үүн дээр ирэх онд гаднын томоохон хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээр арилжаа солилцоо хийх нөхцөлтэйгөөр метроны төслийг явуулна гэсэн төлөвлөлтийг хийж байна. Энэ сарын дундуур нөхөд ирэх байх. Ирээд хэлэлцээрийн ширээний ард сууя. Өмнө нь Д.Сумъяабазар даргын үед ерөнхий хэлэлцээрүүд хийгдсэн бичиг баримтууд бий. Тиймээс ерөнхий хэлэлцээрийг цаашид нарийвчилсан болгох хэлэлцээрийг эхэлье гэж байгаа юм.
Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх чиглэлд гурван жил гаруй хугацаанд ажилласан. Энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан учраас хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзэж байгаа.
Метро дээр ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ бий. Үүнээс гадна тойрог хурдны замын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон.
-Хоёр бүсэд дахин төлөвлөлт хийнэ гэсэн. Орон сууцжуулах асуудал олон жил яригддаг ч мөн л бодит болоогүй. Үүнийг хувийн хэвшлээр хийлгэх чиглэлд та ямар бодолтой байдаг вэ?
-Гэр хорооллыг орон сууцжуулах талаар олон жил ярьсан нь үнэн. Улстөрчид бүгд ярьсан. Сонгууль бүрийн өмнө тууз хайчилсан. Нээсэн зүйл бий. Гэхдээ үр дүн нь ямар байгааг бүгд мэдэж байгаа. Энэ удаад Нийслэл гэр хорооллыг орон сууцжуулах төслөө өөрөө хэрэгжүүлье. Ингэхдээ хувийн сектортойгоо хамтаръя гэж байгаа. Хувийн секторт дангаар нь хариуцуулах гэхээр өнөөдөр санхүүгийн бүтэн потенциал алга. Зуу зуу, мянга мянган га-гаар нь гэр хорооллын айлуудын газрыг түр чөлөөлж тэндээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иж бүрэн цогцолбор хороолол барих санхүүгийн болон хууль эрх зүйн орчин алга. Тиймээс бид энэ хуулиар энэ орчныг бүрдүүлж байгаа. Айлуудад олон нөхцөлүүд тавьж газрыг нь чөлөөлөх, чөлөөлсөн газар дээр иж бүрэн цогцолбор хороолол барих, барьсан хорооллоосоо айлуудын газрыг нь нөхөн олговор байдлаар авах зохицуулалтыг хийж байгаа.
Гэр хорооллын айлуудыг тэнд барилга бариад ипотекээр ор гэхээр төлбөрийн чадвар хүн бүрд ижил тэнцүү боломж алга. Тиймээс бид яаралтай утаанаас салъя гэвэл нэн яаралтай гэр хорооллын айл өрхүүдийг нийслэл орон сууцжуулж, орон сууцжуулан барьсан барилгууддаа гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэж оруулах төлбөрт нь газрыг нь авах эрх зүйн зохицуулалтыг өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд ярьж байгаа юм.
-Парк шинэчлэлийн хүрээнд ирэх автобуснуудтай холбоотой ямар нэгэн асуудал гарч байна уу. Яг хэзээ хэдэн автобус ирэх вэ?
-Арваннэгдүгээр сарын 23-нд олон улсын нээлттэй тендерийг нээнэ. Маргаан үүсээгүй тохиолдолд арваннэгдүгээр сард багтаж тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ. Мэдээж хэрэг автобус лангуун дээр байгаа юм шиг бэлэн байхгүй. Тендерийн нөхцөлдөө үйлдвэрлэгчийн хүчин чадал бүх юмыг тооцсон. Бидний авахаар зорьж байгаа автобусны тоо 700. Энэ онд багтаж 50 хувийг нь ирэх он дамнуулж Цагаан сар угтуулж 50 хувийг нь авна. Ийм нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Хамгийн гол нь орж ирсэн автобуснуудыг ямар компанид, ямар нөхцөлөөр өгөх, тухайн компаниуд уг автобуснуудыг хадгалах гарааш сав бэлэн үү. Улсаас өмнө нь авсан автобусныхаа төлбөрийг төлөхгүй бол өгөхгүй. Мөн тээвэр зохицуулалтын болон төлбөрийн программ хангамжийг хийх бэлтгэл зэргээр гэрийн даалгаврууд зөндөө бий. Энэ ажлыг хийж байна.
Тендерт хамгийн бага үнийн санал, хамгийн хурдан нийлүүлнэ гэснийг нь бид сонгон шалгаруулна. Орж ирсэн автобусаа яаж цааш нь нийтийн тээвэрт ашиглаж явах вэ гэдэг нь чухал асуудал. 2009 оноос хойш авсан автобусныхаа төлбөрийг одоо хүртэл төлөөгүй 10 аж ахуйн нэгж бий.
-Богино эргэлтийн автобус хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?
-Өчигдөр надад Нийтийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын арын гэр хорооллын өндөрлөг хэсгүүдэд байгаа айл өрхүүдийн гудамж дундуур 40-50 автобусыг богино эргэлтээр явуулах тооцоолол гаргаснаа танилцуулсан. Өндөрлөг хэсгээс богинын эргэлтийн автобус иргэдийг буулгаж ирнэ. Гол магистрал замуудад автобуснуудыг уртын эргэлт хийлгэхгүйгээр богинын эргэлт хийлгэж эхэлж байгаа. Жишээлбэл, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл автобуснууд богино эргэлдэж байх ёстой. Яг метро шиг заасан цагаар тасралтгүй явж байх ёстой. Энэ шугамууд дээрээс Хайлаастаас, Чингэлтэйгээс, Зайсангаас ирсэн чиглэлүүд зорчигчдыг үндсэн магистрал дээр авч ирж буулгаад буцаад зорчигчдоо авч явдаг байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчихын тулд Шархаднаас гараад Таваншар хүртэл уртын эргэлт явахгүй. Шар хаднаас Офицеруудын ордон дээр авч ирнэ.
Офицеруудын ордноос Таваншар хүртэл нэг шугамаар явна. Үндсэндээ очих газартаа хоёр дамжаад богино хугацаанд хүрдэг байх нөхцөлийг бүрдүүлэх гээд байгаа юм. Ингэхийн тулд автобуснууд нь хурдан эргэлт хийдэг байх хэрэгтэй. Хөдөлгөөний эрчим нэмэгдэх, замын сүлжээг ч эргэлдүүлэх төлөвлөлтийг хийж байна.
2023 оны аравнэгдүгээр сарын 03
Эх сурвалж: Өдрийн сонин
Х.Нямбаатар: Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй |
|