УИХ-ын чуулганы хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийг 2024 оны төсвийн хуультай уялдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулжээ.
Малчин, мал бүхий этгээд бэлтгэсэн үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10.000 төгрөгийн урамшуулал олгох зохицуулалтыг нэмж тусгахаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.
Төслийн талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн сарлагийн хөөвөрт урамшуулал олгох зохицуулалтыг нэмсэн бөгөөд 360 мянган тонн хөөврийг боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал бий ч үүний 20-30 хувийг л ашиглах түүхий эдийг нийлүүлдэг гэдгийг онцолж байлаа. Тиймээс төрөөс үүн дээр зохицуулалт хийж, бодлогын дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг дэмжих нь зүйтэй хэмээн үзжээ.
Түүнчлэн ирэх жилийн төсвийн төсөлд 78 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарын урамшуулалд төлөвлөж байгаа аж.
Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн тул тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сарлагийн хөөврийн кг тутамд 10 мянган төгрөгийн урамшуулал олгоно |
|