Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар өнөөдөр /2023.11.13/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг олгодог уламжлалтай. "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг тогтоож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад орнуудад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд олгодог. Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөнд амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудад тогтоосон харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай. Энэ жилийн Чингис хаан одонг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд олгохын өмнө олон нийтэд мэдээлдэг журамтай. Энэ дагуу төрийн дээд, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад хүртээх болсныг мэдээлж байна.
Морин хуурын чуулгыг 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголчуудын өв соёл түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамтлаг.
Нэг ёсондоо хүн төрөлхтний соёлын биет болон биет бус соёлын өв, монгол үндэстний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшигт судар болсон морин хуурыг дээдлэн хүндлэх Ерөнхийлөгчийн зарлигтай. Энэ дагуу өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд Морин хуурын чуулга идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн мэдэж байгаа.
"МОРИН ХУУРЫГ ОЛОН УЛСЫН СОНГОДОГ ХӨГЖМИЙН НЭГ БОЛГОХОД ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛЛАНА"
Соёлын сайд Ч.Номин:
-Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад олгохоор болсонд гүн талархал илэрхийлье. Морин хуурын чуулга нь 20 гаруй жилийн түүхтэй, Монголын сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж ирсэн. Морин хуур хөгжим монгол хүний оюун санааны илэрхийлэл, түүх соёл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Уг хөгжмийг хөгжүүлэх, авч явах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг Морин хуурын чуулга авч явдаг. Энэ утгаараа 2003 онд ЮНЕСКО-оос хүн төрөлхтний оюун санааны охь болсон энэ бүтээлийг ирээдүй хойчид зориулан бүртгэж авсан байдаг. Морин хуурын чуулга маань Соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлыг авч явдаг. Бид бүхэн улсын хэмжээнд сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг тэгш хөгжүүлэх бодлогыг баримталж буй. Үүн дотроо оюуны охь болсон морин хуурыг авч явах чиг үүргийг Морин хуурын чуулгад ногдож буй.
Дэлхийд Монгол Улсын язгуур хөгжим болсон морин хуурыг таниулах, олон улсын сонгодог хөгжмийн нэг болгоход илүү анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа олон улсын сонгодог томоохон тайзан дээр Морин хуурын чуулга очиж, тоглолтоо хийдэг.
Үүний нэг том жишээ нь 2021 оноос буюу Соёлын яам байгуулагдсан цагаас дэлхийд томоохонд тооцогдох Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн. Цаашид бид бүхэн Морин хуурын чуулгаар дамжуулан морин хуураа олон улсад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход илүү анхаарч ажиллана.
Морин хуурын чуулга одоогийн байдлаар 36 уран бүтээлчийн орон тоотой ажиллаж байна. Цаашдаа чуулгыг найрал хөгжмийн хэмжээнд өргөжүүлж, орон тоо, бүтэц зохион байгуулалт, материаллаг баазыг нь бэхжүүлэх чиглэлээр Соёлын яаманд чиглэл өгч ажиллаж байна. Ойрын үед тодорхой шийдвэрүүд нэмж гарна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Морин хуурын чуулгыг "Чингис хаан" одонгоор шагнахаар шийдвэрлэжээ |
|