АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус газраас "Ногоон автобустай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татахаар мөрдөгч саналаа нийслэлийн прокурорт илгээсэн. Албан тушаалын давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийтдээ 26 хүнийг яллагдагчаар татсан. Үүний 18 нь нийтийн албан тушаалтан, дөрөв нь гадаад улсын иргэн, дөрөв нь хувийн хэвшлийн албан тушаалтан.
Нүүрсний гэх тодотголтой хэргүүдийн 85 хувь нь шүүх рүү шилжсэн. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг мөрдөн шалгаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хэргийн улмаас улсад 44 их наяд төгрөгийн хохирол учирсан байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнтэй нь холбоотойгоор тухайн гишүүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан. Т.Доржханд гишүүн нүүрсний уурхайн ам болон хил дээрх үнийн зөрүүнээс 44 их наяд гэсэн тооцоолол гарсан гэсэн үндэслэлгүй тайлбар өгсөн. Мэдүүлгийнх нь дагуу шалгаад үзэхэд 44 их наядын хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржхандыг нүүрсний хэргийн талаар үндэслэлгүй тайлбар өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас мэдүүлэг авчээ |
|