Ням, 2024-11-24
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГ ТООНД БУС, ЧАНАРТ СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Даян дэлхийн Байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн “Түншлэлийн форум-2023” эхэллээ.
Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төслийн зорилтот нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг сая га газар нутаг бүхий 11 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, орон нутагт идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэн смарт программ хангамжийг нэвтрүүлж байна. Зорилтот бүс нутагт Баданга хүдэр, Халиун буга, Монгол тарвага, Улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг сэргээн нутагшуулж, тэдний амьдрах орчныг сайжруулах хүрээнд 4 нарны өргүүрт худаг, 48 булаг шандын эхийг хашиж хамгаалсан. 45000 га сэрүүн бүсийн болон заган ойн санд ойн цэвэрлэгээ, арчилгаа, өвчин шавжтай тэмцэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж, ойн мэргэжлийн байгууллага, боловсон хүчнийг чадавхжуулах практик сургалтыг зохион байгуулж тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгааг БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар нээлтийн үеэр дурдлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллөөс үүдэх байгаль орчны доройтлыг бууруулахад малчид хэрхэн хувь нэмрээ оруулах, дан ганц бэлчээрийн мал аж ахуйд тулгуурлан өрхийн амьжиргаагаа залгуулах бус үйлдвэрлэл, хоршоо хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлж, бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь эерэг нөлөөг онцолж байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Монгол орны байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, эко системийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн 13 суманд 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Зөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч орон нутгийн иргэд, малчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож, сайн туршлагаа хуваалцаж байна.

БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГ ТООНД БУС, ЧАНАРТ СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
2023-10-26 12:36:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0