Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Харин УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 13.4-т зааснаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа болон УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар нар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтэй ирүүлсэн байна. УИХ-ын гишүүн Н.Ганибал, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байгааг анхаарах хэрэгтэй. Малчид машиндаа хийх шатахуунгүй учраас явган явж төөрч, амь насаа эрсдэлд оруулж байна. Мөн шатахуунгүй учраас өвс, тэжээлээ өвөлжөөндөө буулгаж чадахгүй байна. Махны экспортод анхаарч, эргэлтийн хөрөнгийг шийдэх зэрэгт дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьша, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Сошиалын эмх замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хальж орлоо. Тиймээс УИХ анхаарал хандуулж, шийдвэр гаргах цаг боллоо, бидэнд засч залруулах чадамж байх ёстой гэв.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар, 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл хилээр дизель 95 300 тонн, А-92 түлш 50 400 тонн тус тус орж ирсэн байна. Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 000 тонн байдаг бол А-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим бий. ОХУ-ын Засгийн газраас дөнгөж хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан байна. Баруун аймгуудаар дизель түлшний хүрэлцээ хүндэрсэн байв. Харин тодорхой хэлэлцээрийн үр дүнд баруун аймгуудын боомтуудаар дизель түлш орж ирж, түлшний хангамж тогтворжсон гэв. УИХ-ын гишүүдийн анхаарал хандуулахыг хүссэн өвөлжилт болон шатахууны хүрэлцээний асуудлаар ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхээр товлов.
Түүний дараа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нарын гишүүд санаачлан, боловсруулан өргөн мэдүүлсэн ажээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, хөдөө аж ахуйн газар нь манай орны газар ашиглалтын уламжлалтай холбоотойгоор газрын нэгдмэл сангийн дийлэнх хэсгийг эзлэх боловч сүүлийн жилүүдэд гарч буй газар ашиглалтын хэлбэр, зориулалт нэмэгдэж байгаатай уялдан түүний хэмжээ ялангуяа бэлчээрийн талбайн хэмжээ байнга буурсаар байна. Манай орны хөдөө аж ахуйн газрын хэмжээ сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 15.0 орчим сая.га-аар буурсан байна. Хөдөө аж ахуйн газар нь байгалийн унаган төрх байдал, нөөц чавахиараа харилцан адилгүй тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүргээр нь бэлчээрийн газар, тариалангийн газар, хадлангийн газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар гэж хуваагддаг гээд 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамалын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0,1 гагаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллагаагүй бол 0,1 га-гаас илүү хэмжээгээр газар үнэ төлбөргүй эзэмших эрхгүй юм. Мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон тул сум, орон нутгийн иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт нь учир дутагдалтай байна. Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээлээ.
Төслийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд хууль санаачлагч болон Ажлын хэсгээс асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх талаарх заалтуудыг тодотгох, бэлчээрийг хашихгүй байх, иргэнд 1,5 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгоно гэснийг өрх гэж хуулийг хэлэлцэх явцад өөрчилж болох эсэх, тэрхүү га газарт тарих таримал ургамлуудыг заавал нэрлэх шаардлага байгааг тодруулахыг хүслээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, газрын асуудал олон хуулиудад заалт болон орж ирж байна. Нэгдмэл байдлаар зохицуулах санал хэлээд малчдын өвөлжөө, хаваржааны газарт 1,5 га-г эзэмшүүлэх хэмжээ бага байна. Эзэмшлийн газар гэдгийг тодотгож өгөхийг хүслээ. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Бат-Эрдэнэ, малчдад 1,5 га газар гэж хуульчлан, өөрийн эзэмшил гэдгийг л зааж өгч байгаа юм. Заавал энэ хэмжээндээ л баригдаад байх боломжгүй шүү дээ. Харин хадлангийн газраа хашаалахыг хориглоно. Газрын тухай хуульд 0,1 га газарт иргэнд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарихыг заахаар хуульчилсан байдаг. Энэ хуулиа баримтлаад явж болно. Малын тэжээл хомстож эхэлсэн учраас малаа тэжээх таримал ургамлаа тариалах, цаашдаа суурин мал аж ахуйд шилжихэд энэ хуулийн шинэчлэл дэмжлэг үзүүлж байгаа гэх зэргээр хариуллаа.
Мөн малчид өөрийн хэрэгцээнд зориулсан газрыг хуулийн дагуу эзэмших эрхийг нээж өгч байгаа тухай хууль санаачлагчдын нэг Н.Ганибал гишүүн тодрууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас холбогдох байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болов |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27