Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар тусгажээ.
Хууль, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох хууль тогтоомжид шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, оролцогч талуудын хүний нөөц, тэдгээрийн чадавхыг сайжруулах, ажил, үүргийн хуваарилалтыг тодорхой болгон харилцан уялдаатай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг даалгажээ.
Мөн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, үйлчилгээ үзүүлэгч талуудыг чадавхжуулах, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын арга зүйг нэн тэргүүнд нэвтрүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцооны бүхий л хүрээнд хүүхдийн оролцоог хангаж ажиллах дүрэм, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд оролцогч талуудыг сургахыг даалгахаар төсөлд тусгасан байна.
Хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүүхдийн дээд эрх ашгийг бүх нийтэд таниулан сурталчлах чиглэлээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг олгох, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа бусад арга хэмжээг зохион байгуулахыг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар төсөлд тусгажээ. Мөн хүний эрхийн боловсролын сургалт, хөтөлбөрийг чанаржуулан Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэх сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулга нь хүний эрхийн суурь мэдлэг, ойлголт, түүнийг эрхэмлэн дээдлэх хандлагыг бий болгоход анхаарах; хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, цогц байдлаар шийдвэрлэх нь ирээдүйд бий болох хүн амын нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн чанарын асуудалд чухал болохыг анхаарах; хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудлаарх хэвлэл мэдээллийн байгууллага, телевизүүдийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн төсөлд тусгасан байна.
Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн үнэлгээг зохион байгуулах зорилгоор хүүхдийн эрх хамгааллын тоон мэдээллийг тогтмол цуглуулах, дүн шинжилгээ хийх, нэгдсэн мэдээллийн сан ажиллуулах; салбар дундын хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зөвлөлийг байгуулан ажиллуулах, хүүхэд хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, аливаа бодлого, шийдвэрт хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд харгалзан үзэхийг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар төсөлд тусгасан байна.
Түүнчлэн хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд төрийн байгууллага, аж, ахуйн нэгж үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхдийн эрхийг дээдэлсэн төсөвлөлт хийх, хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнгийн талаар холбогдох байгууллагуудтай тогтмол хяналт тавьж ажиллах; аймаг, нийслэл, сум, дүүрэг, тухайн нутаг дэвсгэрийн нийт хүүхдийн дунд хүүхдийн эрхийн хэдэн улсын байцаагч ажиллавал зохих стандарт, судалгааг гарган тогтоож, зохих түвшинд ажиллуулах, шаардлагатай орон тоог шинээр нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийг дагнасан байдлаар ажиллуулахыг даалгахаар төсөлд тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, холбогдох тодруулгыг хийхэд Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт, тайлбар өгсөн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гарсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгж нь “Хамтарсан баг”-ийн үүргийг ТББ-ын дэмжлэгтэйгээр гүйцэтгэх, байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулах үүрэг өгөх, ийм тохиолдолд цэцэрлэг байгуулах стандартыг өөрчлөх, аливаа байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулсан тохиолдолд, нийгмийн үйлчилгээ буюу сургууль, цэцэрлэгт хандив өгсөн тохиолдолд, эсвэл ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрт дэмжлэг үзүүлбэл татварын хөнгөлөлт үзүүлэх гэх зэргээр тодорхой үүргийг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгах саналыг Ц.Мөнх-Оргил гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхтэй зөвшилцөн боловсруулж ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн гэв.
Төслийг боловсруулахдаа холбогдох суурь судалгаа болон Улсын дээд шүүхтэй хамтран баталсан шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг тус тус үндэслэжээ. Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэв.
Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг өөрчлөн байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулах нь оновчтой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгажээ. Энэхүү шүүх нь мөрдөн шалгах ажиллагаан дахь шүүхийн хяналтыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаануудыг болон бага үнийн дүнтэй иргэний хэрэг, зөрчлийн хэргийг харьяалан шийдвэрлэх юм байна. Ингэснээр дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 30-40 хувь багасаж, зохист хэмжээнд очно хэмээн үзсэн байна.
Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгаж, энэ төрлийн шүүхийг байгуулснаар дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 15-20 хувь багасана гэж тооцжээ. Харин орон нутагт гарч буй хэргийн тоо, төрлийг харгалзан энэ төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ тусдаа шүүх байгуулах шаардлагагүй хэмээн үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар орон нутаг дахь анхан шатны шүүх дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь нээлттэй байх нь зүйтэй хэмээн үзснийг Б.Энхбаяр гишүүн төсөл санаачлагчийн илтгэл танилцуулахдаа дурдав.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүх, тэдгээрийн байршлыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосны дагуу хэвээр үлдээх нь оновчтой гэж үзсэн байна.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан 21 аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгажээ. 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй байгаа аж. Одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан шатны 90 шүүх төслийн дагуу 61 болох юм байна.
Үргэлжлүүлэн тэрбээр давж заалдах шатны шүүхийн талаарх зохицуулалтын талаар танилцууллаа. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг хэвээр хадгалах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан одоогийн 21 аймгийн давж заалдах шатны шүүхүүдээс Орхон, Дархан-Уул аймгуудын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тусдаа байгуулагдсан байгааг бусад 19 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй адил зарчмаар тус хоёр аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэгтгэж, өөрчлөн байгуулахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байх асуудлыг тухайн шүүхийн зөвлөгөөн санал гаргаж, Улсын дээд шүүх шийдвэрлэхээр асуудал нээлттэй байгааг мөн дурдсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг нийслэлд нэг байхаар байгуулахаар тусгасан байна. Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 345,627,250.0 төгрөг зардлын тооцоо гарснаас хүний нөөцийн зардал 47,4 тэрбум төгрөг, шүүхийн барилга байгууламж буюу материалын зардал 297,3 тэрбум төгрөг, бусад зардал 900 орчим сая төгрөг байх тооцооллыг мөн Б.Энхбаяр сайд танилцууллаа.
Шүүхийн барилга, байгууламж шинээр барихтай холбоотой төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлсэн байна. Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх боломжит хугацааг Гэр бүл хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, тойргийн шүүх байгуулах заалтын тухайд 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, бусад шүүх байгуулах тухайд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих боломжтой гэж үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт өргөн мэдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх авлигын хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх өөрчлөлт зохицуулалтыг авлигатай тэмцэх бодлогын хүрээнд ердийн горимоор үйлчлэхээр тусгажээ.
Б.Энхбаяр сайдын танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал төсөлд туссан эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тодорхой саналаа холбогдох тооцоолол, эх үүсвэрийн хамт 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх” хэмээн тусгасан байгааг Б.Энхбаяр сайд хариулав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах” гэсэн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдгийг ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн дурдаад “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар Улсын дээд шүүхэд санал ирүүлсэн. Тухай бүр нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, саналаа өгсөн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн хувилбарыг яг энэ байдлаар Улсын дээд шүүх хэлэлцээгүй. Хамт өргөн мэдүүлсэн төсөлд холбогдох заалт тусгагдсан байгаа бөгөөд энэ нь хууль тогтоогчдын шийдвэр байх болно. Мөн хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах төслийн заалт байгаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах шатын журмаар хянан шийдвэрлэх өөрчлөлтийн талаар санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэлээ. Авлига, албан тушаалын хэрэг сүүлийн гурван жилийн байдлаар өсөлттэй байгаа бөгөөд 2022 онд улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 417 хүнд холбогдох 182 авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм байна. Давж заалдах шатны шүүхүүд мөн онд 296 хүнд холбогдох 100 авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэсэн нь 2021 оныхоос 3.5 дахин өссөн үзүүлэлт гэв. Хэрэв авлига, албан тушаалын хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэх шүүхийн харьяаллыг хяналтын шатны шүүхэд шилжүүлэх тохиолдолд ажлын ачаалалд нөлөө үзүүлнэ гэв. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг нь хамтран оролцсон хүний өөр, өөр хэлбэрээр бүлэглэж үйлддэг, авлигын хэрэг нь өгсөн, авсан аль аль нь шийтгүүлдэг онцлогтой. Тэгэхээр хэргийн тооноос гадна шүүгдэгчийн тоо шүүхийн ачаалалд нөлөөлдөг. Төсөл дэх зохицуулалтын үр дүнд эрүүгийн хэргийн танхимын шүүн таслах ажлын ачаалал 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа гэлээ. Дээрх тоо баримтууд авлигын нөхцөл байдлыг илэрхийлэхгүй гэдгийг шүүгч Б.Батцэрэн онцлоод “Албан тушаалаа урвуулж хөрөнгө завшсан хэргүүд шүүхийн практикт “өмчийн эсрэг хэрэг” буюу АТГ-ын мөрдөн шалгах харьяаллаас гадуур, гэмт хэрэг үйлдсэн газрын мөрдөх байгууллагууд шалгаж байна. Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийн шинжийг Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцад бүрэн нийцүүлэх, үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий” гэдэг хариулт, мэдээллийг өгсөн.
Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулж байгаа талаар, энэ шүүхэд өсвөр насны хүүхдийн хэрэг хэрхэн харьяалагдах, ачаалал ямар байгаа талаарх гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр хариуллаа. Төслийн тухайн зохицуулалтын талаарх саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн, саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна. Энэ төрлийн шүүх нь Гэр бүлийн хуулиар хянан шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн эрүүгийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны хүүхдүүдийн холбогдсон буюу хохирсон хэргийг харьяалан шийдвэрлэх юм байна. Гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн өсвөр насны, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдөх тохиолдол жил тутам өсч байгааг дурдаад “Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч хүүхдийн сэтгэл зүйд онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий хэмээн үзэж энэ төрлийн шүүхийг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 онд улсын хэмжээнд 117 буюу 1 хувийг эзэлж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 0.4 хувийг эзэлж байна. Үүний дотор хохирсон хүүхдийн тоо 441 байгаа гэв.
Төслийн хүрээнд авлигын шүүхийг тусад нь байгуулах саналыг Засгийн газраас ирүүлээгүй, судлах санал ирүүлснийг гишүүд онцолсон. Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд харьяалагдах хэргийг тодорхойлон, зааглах шаардлагын талаар мөн гишүүд санал хэлж байв.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХЗБХ: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27