Улаанбаатараас 533 км зайтай Монгол Улсын хамгийн том аймаг өмнийн хязгаарт бий. Нэр нь Өмнөговь. Газрын хэвлий дэх байгалийн баялгийн нөөцөөрөө ч дэлхийд дээгүүр эрэмбэтэй. Зэсийн олборлолтоор эхний тавд орох хүчин чадалтай Оюу Толгойн Гүний уурхайг энэ онд ашиглалтад оруулсан бол эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас хойш даруй нэгэн арван өнгөрчээ. Үндсэндээ ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний тэг дунд оршдог Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, бас өөрийн гэсэн дархлаатай уул уурхайн дэд бүтэц, ашиглалт, олборлолт нь бүхэлдээ төвлөрсөн бүс нутаг болох Өмнөговьтой дүйцэх аймаг манайд үгүй. Улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнгийн хэмжээ нь ч тэр хэрээрээ үлэмж.
Тийм болохоор л улстөрчдийн танигдах технологи, эх оронч эго- гоо тэжээж, тэтгэх гол нүүдэл нь бүрэн зураглалаараа энэ зүгийг чиглэх болсоор удлаа. Зөвхөн Оюу Толгойгоор “өвчилсөн” мэт дүр бүтээж, түүнийхээ хүчинд УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон нэгэн байхад Тавантолгой, түүнийг тойрсон дотоодын улс төр нь Монголыг хөгжлийн гол гацаа, зангилаа болж ирснийг ойлгоход 10 гаруй жилийг зарцуулж, дахин давтаж болохгүй гашуун сургамж гэдгийг түрүүчээсээ хүлээн зөвшөөрч эхэлцгээв. 10 жил гэдэг бага биш. Төмөр замаа бариад зогсохгүй түүнийг дагасан дэд бүтэц, адаглаад тав, зургаадугаар цахилгаан станцтай болох хангалттай хугацаа. Гагцхүү мөнгө нь, боломж нь, цаг хугацаа нь байсаар байтал яагаад төмөр зам бариулаагүй, ямар ашиг сонирхол ард нуугдаж ирснийг илчлэх, басчхүү тодорхой ойлголт төрүүлэх зорилготой нүүрсний хулгайн гэх Нээлттэй сонсголын үеэр Өмнөговь аймаг өөртөө засах хэмжээний “Тусгаар Улс” болтлоо нэгжийн зохион байгуулалтад орсон байж мэдэх мэдээлэл араасаа хөвөрч эхэллээ.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улс 21 аймагтай. Тэдгээрийн нэг нь Өмнөговь. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ашиг сонирхол нь өөр өөрийн хуваарилалттай ч “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтаар хязгаарлагддаг. Яг ийм агуулгаар өнгөрснөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй ордын нэг нь орон нутгийн өмчит буюу жижиг Тавантолгой ХК. 51 хувь нь орон нутгийн, 49 хувь нь хувийн хэвшилд өмчлөлтэй эл ордыг ашиглаж эхэлсэн цаг хугацаа нь аль 1966 оноос эхтэй ч УИХ-ын 29 дүгээр тогтоолын дагуу орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болгож өөрчилсөн нь 1999 он. Нийт 218 сая тн-ны нөөцтэйгөөс батлагдсан нь буюу А зэргийн 36.3 сая, бодитой нь 101.6 сая, боломжит нь 80 сая тн гэж үздэг. Гэвч цаасан дээрээ орон нутаг давамгайлсан уг компанийн удирдлагын зүй тогтол 2009 оноос УИХ-ын гишүүн Д.Бат -Эрдэнийн ашиг сонирхолд нийцүүлсэн байдлаар явж ирсэн нь Нээлттэй сонсголоор ил болов.
Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны тогтоолоор Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар сонгосноос хойшхи хугацааны томилгоо нь бүхэлдээ түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбогдож ирснийг шинжээчийн дүгнэлтэд дурджээ. Хуулиараа энэ нь хориотой, компанийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирлыг 51 хувийг эзэмшдэг аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой ч 2009 оноос 49 хувийнхан, тэр тусмаа жижиг хувьцаа эзэмшигчид томилж ирсэн нь эхний факт. Улмаар 2014-2021 оны хооронд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшууллыг ТУЗ-ийн гишүүдэд олгож иржээ.
51 хувийг эзэмшдгийн тухайд орон нутаг нь ТУЗ-ийн болон гүйцэтгэх удирдлагаа томилох ёстой байтал Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өөрсдөдөө, төлөөний нэгэнд давуу байдал үүсгэсэн нь хуулийн зөрчил мөн үү? мөн! Нүүрс тээвэр, худалдан авалтын бүх үйл ажиллагаанд жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо жин дарна гэдэг нь өөрөө ашиг сонирхлын бодит зөрчил.
Үүгээр зогсохгүй “Тавантолгой ХК” гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 га газар худалдаж авах тендер зарлахад гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 11 тэрбумын санал ирүүлсэн нь ил болов. Нэг ёсондоо 51 хувийн өмчлөлттэй Өмнөговь аймгийн ИТХ нь өөрийн нутаг дэвсгэрт нүүрсний талбайн зориулалтаар ашиглах газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас худалдаж авах эсэхээ шийдэж суугаа “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үгүйсгэснээс өөрцгүй юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглуулах зорилгоор газар олгодгоос бусдаар эзэмшүүлдэггүй.
Гэтэл 2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар олгосон нь шууд утгаараа Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болов. Товчоор өгүүлэхэд Монгол Улсын хууль, Үндсэн хуулийн дархлаа Өмнөговь аймагт л үйлчилдэггүйгээр барахгүй “Тусгаар Улс” болтлоо дур мэдэн шийдвэр гаргаж ирсэн нь “Тавантолгой ХК”, түүнийг тойрсон шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн тайлбараас гэрэл цохив. Гагцхүү өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд “Эцэг хууль”- иасаа давсан, бүр үгүйсгэсэн үйлдэл газар авч, гаарч байхад хууль, шүүхийн байгууллага нь, нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд төлөөлөл болсон ИТХ нь хараагүй, сонсоогүй, мэдээгүй явсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Учир нь, Монгол Улс бол нэгдсэн зохион байгуулалттай, нэг л Үндсэн хуультай, тусгаар улс. Хаана хууль зөрчсөн, түүнээс давсан үйлдэл байна тэнд хариуцлагын асуудал яригддаг л байх ёстой!
С.Сүлд
Өмнөговийн өөртөө засах “ТУСГААР УЛС” |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27