Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.12.13) хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 03, 04 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Тус Байнгын хорооны 03 дугаар тогтоолд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, ил тод байдлыг ханган үр ашиг, засаглалыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан бол 04 дүгээр тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн юм.
Байнгын хорооны хуралдаанд 03 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтын хэрэгжилтийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, 3, 4 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр танилцууллаа. Тогтоолын 3, 4 дүгээр заалтаар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах ажлыг эрчимжүүлэх, холбогдох журам, дүрмийг баталж хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэлдээ, Улсын Их Хурлаас баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хүрээнд 2022-2023 онд Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд зэрэг нийт 26 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийг нийтэд арилжаалах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Төрийн банкны 5.71 хувь, Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг амжилттай арилжаалаад байгаа юм. Төрийн банкны хувьцааг арилжаалах ажил цааш үргэлжлэх бөгөөд нийт 20 хүртэл хувийг хувьчлах аж.
Тэрбээр АЗЗА компаниудын бүтэц, үйл ажиллагаа, өмч хөрөнгийн байдал, санхүү, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийг товч танилцуулаад, тулгамдаж буй асуудлуудын талаар дурдав. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 12 АЗЗА компани үйл ажиллагаа явуулж, үндэсний автозамын сүлжээний нийт 112 мянган км замыг хариуцан ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний нийт замын 15.9 мянган км нь улсын, 96.1 мянган км нь орон нутгийн чанартай авто зам бөгөөд 900 орчим км тусгай зориулалтын авто зам бий.
Төрийн өмчийн 20 АЗЗА компани улсын чанартай автозамын 9100 орчим км-ыг хариуцдаг бөгөөд 2022 оны байдлаар 42.56 тэрбум төгрөгийн нийт орлого, 42.58 тэрбум төгрөгийн нийт зарлага, 4.9 тэрбум төгрөгийн авлага, 10.6 тэрбум төгрөгийн нийт өр төлбөртэй ажиллажээ. Улсын төсөвт авто замын засвар, арчилгааны зардалд 24.0 орчим тэрбум төгрөг тусдгийг төрийн өмчийн 20 АЗЗА компани хувааж авч, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллаж, бусад үед орон нутгийнхаа тендерт оролцох замаар ажил, орлого олж “амьдардаг” хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан юм. Тус компаниудын ажилчдын цалин хөлс, урамшуулал бага, тогтвор суурьшил муутай, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, зарим нь улирлаар ажилчин авч ажиллуулдаг, машин механизм, техник тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан, бүтэц менежмент, өр төлбөрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай зэрэг олон асуудал тулгамдаж буй аж. Мөн авто замын засвар арчлалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай норм, стандарт, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал шийдлээ хүлээж буй юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Улсын Их Хурлаас баталсан хувьчлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, Үндсэн хуульд заасан төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлох, өмчийн нэгдсэн бодлого, удирдлага, бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, олон улсын сайн туршлагын дагуу төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг зөвхөн биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэл баримтлан ажиллаж байгаа аж. Төрийн өмчийн АЗЗА компани тус бүрийг нээлттэй хувьцаат компани болгож, 34 хувийг олон нийтэд арилжаалбал амжилтгүй болох магадлалтай тул нэгтгэж, үндэсний хэмжээнд авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг удирдан явуулах 20 салбар бүхий, цомхон нэг удирдлагатай нэгтгэл болгон зохион байгуулаад, уг нэгтгэлийг олон нийтийн компани болгох нь үр дүнтэй гэж үзэж, Засгийн газарт энэ хувилбарыг оруулж шийдвэрлүүлээд байгаа ажээ.
Мөн тус газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөрүүлэх, нэгтгэх болдлого баримталж багаа аж. 2022 онд улсын төсөвт үйлдвэрийн 44 газар байсан бол 2023 оны 41 болгож, мөн төрийн өмчит үйлдвэрийн 26 газар байсныг 18, төрийн өмчийн 112 компанийг 85 болгон цөөрүүлжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан 2023 оны эхнээс нүүрсийг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалж эхэлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр танилцуулав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг мөрдүүлснээр экспортод гаргах нүүрс, төмөр, жоншны хүдэр, баяжмалыг Монголын хөрөнгийн биржээр арилжих эрх зүйн орчин бүрдээд байгааг тэрбээр дурдаад, АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоож эхэлснээр арилжааг олон улсын жишигт нийцүүлэхэд түлхэж болж буйг онцолсон юм. Монгол Улсын нүүрсний экспорт 2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар 64,7 сая тонн байгаагаас уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 1.7 тэрбум ам.долларын 11.7 сая тонн нүүрс арилжжээ. Үүний 8,4 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 1.8 сая тонныг “Тавантолгой” ХК, 1.5 сая тонныг “Энержи ресурс” ХХК, 140,8 мянган тонн “Хангад эксплорэйшн” ХХК арилжсан байна. Төрин өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд нийт борлуулсан нүүрснийхээ 31, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 81 хувийг тус тус биржээр дамжуулан арилжаалаад байгаа юм. Төмрийн хүдэр баяжмалыг 2023 оны есдүгээр сараас арилжаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газар нийт 46.6 сая ам.долларын 581.7 мянган тонн баяжмал арилжаалжээ. Цаашид төмөр болон жоншны экспортын арилжааг нэмэгдүүлэх үүднээс төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд биржээр арилжаалсан бүтээгдэхүүний тусгай гарцтай болох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга танилцуулгадаа дурдав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нэмж хэлэхдээ, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төрийн өмчийн компаниуд бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаална гэж заасны дурдаад, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр арилжаална гэдгийг тайлбарлалаа. Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг Засгийн газар биржийн ачаалалтай уялдуулан ээлж дараалан баталж байгааг мөн хэлж, өнөөдөр зэсийг биржээр арилжаалах шийдвэр гаргасан хэмжээн мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК бүтээгэхүүнийхээ 30 хувийг биржээр арилжаалж байгаа нь өмнө байгуулагдсан урт хугацааны гэрээ, тэдгээрийн хугацаа дуусах болоогүйтэй холбоотой гэсэн юм.
Б.Цэнгэл, М.Мэндбаяр нар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төрийн өмчийн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгохдоо знэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарах, АЗЗА компаниудыг нэгтгэснээс гарах сөрөг үр дагаьарууд юу байж болох, энэ оны долдугаар сарын 1-нээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль хэрэгжиж эхэлсэн хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төрийн өмчийн компаниудыг нээлттэй, хувьцаат өмчийн компани болгохдоо менежментийн бодлого чиглэлд нь оролцож чадах, хяналт тавьж чадах хэмжээний хувийг олон нийтэд санал болгох шаардлагатайг дурдаж, АЗЗА компаниудын нэгтгэл байгуулсантай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш биржээр арилжаалагдсан нүүрс нийт нүүрсний 17.9 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, биржээр арилжаалагдаж байгаа нүүрсний тээвэрлэлт, хүргэлтийн ажил хоцрогдолтой явааг шүүмжилж, эрчимжүүлэх шаардлагатай гэлээ. Мөн баяжуулсан болон боловсруулсан бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй, олон нийтийн компани болгох Улсын Их Хурлаас баталсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, төрийн өмчит компаний хувьчлалын асуудал яригдахад тухайн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх юм яваад байдгийг шүүмжилж, АЗЗА компаниудын тухайд хувийн аж ахуйн нэгжүүдэд түшиглэсэн тогтолцоогоор ажиллуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, хэн нэгэн Улсын Их Хурлын гишүүн, хэн нэгэн сайдын цүнх барьдаг нөхдүүд төрийн өмчит компани дээр очиж дураараа дургиснаас болж хулгай нүүрлэж байна гээд, үүнийг засахын тулд ард иргэд, хувийн хэвшлийнхэнд эзэмшүүлж тэдний хяналтыг төрийн өмч рүү оруулах нь хамгийн чухал гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг ард иргэдэд, 20 хувийг аж ахуйн нэгжүүдэд үн төлбөргүй хувьчлах тогтоолын төсөл санаачилж, холбогдох бүхий л тооцооллыг хийгээд байгаа ажээ.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт хариулахдаа, стратегийн ач холбогдолтой ордуудын талаарх хуулийн хэрэгжилтийг хангахад ихээхэн бэрхшээлтэй талаар ярьж, ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 2012 оноос өмнө төрсөн иргэдэд үнэгүй тараасан, цаашид хүн ам өсөхийн хэрээр түвэгтэй байдалтай болно гэсэн юм. Мөн тэрбээр, төрийн өмчит компаниудын засаглал нэлээд замбараагүй буюу зарим нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, зарим нь Компанийн тухай хуулиар зохицуулагдаж байгааг цэгцлэх шаардлагатай гэлээ.
Мөн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийнхаа менежментийг зөв хийх явдал хэмээн онцлоод, уул уурхайн биржийн үйл ажиллагаа сан эхэлж байгаа гэдгийг тэмдэглэн, төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулах, төрийн албаны сахилга, хариуцлага, манлайллыг сайжруулах бодлоготой нягт хамааралтайгаар авч үзэх учиртай гэсэн юм.
Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, жагсаалт хангалтгүй хэрэгжиж байгааг анхааруулж, тухайн бодлогыг анх боловсруулахдаа сайтар судлах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн, АЗЗА компаниудын нэгтгэл байгуулсан Засгийн газрын шийдвэрийг зөв зүйтэй гэж үзэхгүй байгаагаа илэрхийлэн, энэ талаар Засгийн газарт чиглэл өгөх бодолтой байгаагаа хэлэв. Түүнчлэн, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнүүдийг цэгцлэх, үнийн зөрүүг бууруулах шаардлагатайг санууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. Тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн ажлууд 98.4 хувийн, анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын ажлын гүйцэтгэл 10.4 хувьтай, цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 10.9 хувьтай байгааг танилцуулав. Лицензтэй технологийн байгууламжийн хувьд төслийн зээлийн шугамд оруулаагүй боловч ажил эхлүүлэх уулзалтууд хийгдэж байгааг тэрбээр дурдаж, харин төмөр зам, авто замын ажил бүрэн дуусаж ашиглалтад орсон, үйлдвэрийн хотхоны барилгын нэгдүгээр ээлжийн таван орон сууц, болон оффис үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 81 хувьтай, хоёрдугаар ээлжийн зургаан орон сууцын барилгын ажлын явц 28 хувьтай байгааг ярив.
Төслийн хөнгөлөлттэй зээлээс гэрээлэгчдэд төлбөр төлөх болон бүтээн байгуулалт шаардлагатай бараа материал техник тоног төхөөрөмжийг зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу татвараас чөлөөлөх зэрэг асуудлууд удааширсныг шийдвэрлэж, ажлыг хэвийн явуулж байгаа талаар Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээлэлдээ дурдаад, мөн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан буцаж гарах нөхцөлтэйгөөр импортоор оруулах техник, тоног төхөөрөмжийн гаалийн нутаг дэвсгэрт түр горимд байх хугацааг үйлдвэр барьж дуусах хугацаагаар зохицуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт оруулж шийдвэрлэхээр ажиллаж байгаа болон цар тахал болон бусад шалтгаанаар төслийн эхний үе шатны ажлуудын төсөвт өртөг нэмэгдэж, хугацаа удааширснаас үүссэн асуудлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж эхлээд байгааг танилцуулав.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал нар санал бодлоо илэрхийлж, мөн л Байнгын хорооны 04 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн байр суурийг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийг аль яам хариуцаад байгаа нь тодорхойгүй байгааг тодорхой болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн боловч одоо болтол шийдэгдээгүй байна гээд, үйлвэрийн бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орсныг хөдөлгөх санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгах асуудал мөн шийдэгдээгүйг дурдсан юм. Тамсагийн орд газраас үйлдвэр хүртэл газрын тос дамжуулах хоолойн ажил эхэлсэн боловч олборлогч компаниудтай гэрээ байгуулаагүй байгааг тэрбээр сануулж, газрын тосны хайгуул хийх компаниудыг яаралтай сонгон шалгаруулж ажилд нь оруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд анхаарал хандуулах шаардлагатайг анхааруулав. Түүнчлэн тэрбээр, энэ үйлдвэрээ нэн даруй барьж авахгүй бол хөрш улсууд хил, гаалиа хаах, нийлүүлэлтээ зогсоох тохиолдолд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бүх үйл ажиллагаа зогсоход хүрнэ гэлээ.
Уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр түүний асуултад хариулахдаа, тус үйлдвэртэй холбоотой дотооддоо байгуулах дэд бүтцийн ажлуудыг өөрсдөө хийнэ гэсэн шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргаж, Хөгжлийн банкнаас 100 орчим сая ам.долларын зээл авсан. Явцын дунд Хөгжлийн банк төслийн зээлийн хүүгийн хэмжээ 67.0 тэрбум төгрөгт хүрч, барьцаа хөрөнгө хангалтгүй болсон гэсэн үндэслэлээр 2023 оноос зээлийг зогсоосон. Төслийг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах боломжгүй байсан. Иймд төслийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн гэсэн юм. Мөн тэрбээр, Газрын тосны тухай хуульд, боловсруулах үйлдвэр барьж байгуулсан тохиолдолд нэн тэргүүн ээлжид тосоо нийлүүлнэ гэж заасныг Петрочайна компани мөрдөхөө илэрхийлсэн гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, үйлдвэрт нийлүүлэх газрын тосны үнэ ханш, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах нэмэлт орцуудын хангалт, хаягдалгүй үйлдвэрлэл явуулж дагалдах бүтээгдэхүүн гаргах талаарх урьдчилсан төлөвлөлт зэргийг асууж хариулт авав. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн захирал Д.Алтанцэцэг үйлдвэрлэлд шаардлагатай нэмэлт орцууд болох устөрөгч, химийн урвалжуудыг лиценз эзэмшигч компаниудаас нийлүүлэхээр гэрээ байгуулсан тухай ярив. Харин азот зэрэг бага хэмжээний химийн бодисуудыг үйлдвэр өөрөө импортоор оруулж ирэх аж. Үйлдвэр орчин үеийн шаардлага хангасан өндөр чанарын түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд дагалдах бүтээгдэхүүн нь мазут 100 стандартаас дээгүүр чанартай зуухны түлш байх аж. Дагалдах бүтээгдэхүүнээрээ үйлдвэр өөрийн цахилгаан станцыг тэжээж, илү гарах бага хэмжээний түлшийг гадаадын зах зээлд борлуулахаар төлөвлөжээ. Мөн цаашдаа үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр нэмүү өртөг шингэсэн өндөр чанарын тос тосолгооны материал үйлдвэрлэх боломжтойг Д.Алтанцэцэг захирал дурдлаа. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1,5 сая тонн түлш, шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Бүтээгдэхүүн сайн чанарынх байх учир 2027 он гэхэд дотоодын зах зээлийн 70-75 хувийг хангана гэж тооцож байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих ёстой төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгааг Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд анхааруулж, бодлого, удирдлагын бүх талын дэмжлэгийг таслахгүй байж үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатайг сануулав. Бүтээн байгуулалтыг гүйцээх, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ажлыг хүндрэл, чирэгдэлгүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатайг тэрбээр онцолж, инженер техникийн ажилтан, боловсон хүчин бэлтгэх, газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тухай мэдээллийг намрын чуулган завсарлахаас өмнө дахин сонсож, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-аас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-д одоогийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ТУЗ-өөс баталсан журмын дагуу 10,9 хувийн хүүтэй зээлээр олгоод байгаа аж. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх үүднээс Эрдэнэс Монгол” ХХК-аас Хөгжлийн банканд 8.0 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгөөд байгаа ажээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн дагуу Давст 31 талбайг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-д эзэмшүүлж, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үйлдвэр өөрөө олон улсын тендер зарлаж, гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай хамтран ажиллаж шийдвэрлэхээр зохицуулсан. Компани олон улсын тендер зарласан боловч санал ирүүлсэн компани байгаагүй тул Давст 31 талбайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үйлдвэр өөрийн ажлын хүрээнд зохион байгуулахаас аргагүй болоод байгаа ажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ҮББХ: Төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн бирж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27