Ням, 2024-11-24
МАН: 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.12.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Парламентад суудалтай улс төрийн намууд ярилцаж байна, Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдсан, сая бүлгээс 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй юм аа гэж үзсэн.Хэдэн мандаттай байх вэ гэдгээ хоорондоо уулзаж, зөвшилцөнө. Амжвал энэ долоо хоногтоо багтаагаад намуудтайгаа зөвшилцөөд нэг талдаа гаргана. Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэдэг байр суурьтай байна.

Манай намын зүгээс парламентад суудалгүй намуудтай ярилцаж зөвшилцөж байна. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийх саналыг зарим нам дэмжиж бана, зарим нь өөр байр суурьтай байна” гэлээ.  Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Бүсчилсэн тойрог гэхээр хэд, хэдэн аймаг нэгдэж, нэг тойрог болно гэсэн үг вэ?  

-Тойрог ,мандатыг бол өнөө маргааш улс төрийн намууд ярилцаад, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах, ийм шийдвэрийн төслийг бэлтгэж байна.

Монгол Улс одоогийн байдлаар таван бүстэй. Баруун, хангай, төв, зүүн,, говийн бүс гэсэн таван бүстэй.

Энэ бүсийг дотор нь үндсэндээ баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох болов уу.

Эцэслэж шийдээгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.  Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгжээ мөн бодолцоно.

-Дээрх хувилбар нь шинэ нэр дэвшигч танигдах боломж хомс, хуучин хүмүүс нь дахин УИХ-д сонгогдох магадлал өндөр гэдэг асуудал яригдаж байна. Сонгогчдын шинэчилсэн бүртгэлийг гаргаж амжих уу?

-Томсгосон тойргийн тухайд давуу тал, сул тал гээд яривал их олон зүйл бий. Хамгийн том эрх ашиг бол улс орныхоо эрх ашгийг бодъё. Аль нам ялах вэ гэдээс илүүтэй улс оронд хэрэгтэй сонгуулийн системийг авъя гэдэг үүднээс манай нам бүсчилсэн том тойрог нь зөв юм аа гэж үзэн, шийдвэрээ гаргаж байгаа юм. Шинэ нэр дэвшигчид халтай гээд ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр интернэт онлайн хүрээнд ямар ч сурталчилгаа хийх эрх бүрэн байгаа учраас заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах эрх бүрэн байгаа гэж үзэж байгаа.

Сонгогчдын нэрсийн жагсаалт гурван сарын өмнө гарах ёстой, хуульд зааснаар. Ямар ч асуудал байхгүй. Аймаг, аймгаараа, сум сумаараа жагсаалт гарна. Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байгаа, хүндрэл гарахгүй.

-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгоё гэж яриад байгаа нь үнэн үү?

-Манай нам тэгж ярьж байгаа. Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болговол яасан юм бэ. Нэгдүгээрт, үндэстний цөөнх.  Хоёрдугаарт, олон улсын нийтлэг зарчим ямар байдаг вэ гэвэл үндэстний цөөнхийн төлөөллийн зарчмыг заавал парламентад оруулах ёстой байдаг. Энэ зарчмын дагуу тэгж ярьж байгаа. Бусад намуудтайгаа ярилцахаар ямар болохыг мэдэхгүй байна.


МАН: 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ
2023-12-18 15:41:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0