Ням, 2024-11-24
БОАЖЯ Монголын морин спорт, уяачдын холбоотой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, холбооны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Алдарт уяач Ч.Хишигбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Монголын морин спорт, уяачдын холбооноос Монгол морийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлэхээр 2013 онд түмэн морьтны жагсаал зохион байгуулж, 4000 гаруй хурдан морь нэг дор уралдуулснаар хоёр төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон байдаг.
 
Тодруулбал 21 аймаг, 365 сумаас морьтон монголчууд наадмын ногоон дэнж Хүй долоон худагт цуглаж, нийт 11125 морьтны жагсаал зохион байгуулж, 4249 морь уралдуулсан нь дэлхий дахинд хамгийн олон морьтон цугласан болон уралдсан дээд амжилтыг тогтоож чадсан юм. Энэхүү хоёр амжилтыг өнөөг хүртэл хадгалж байгаа. Тухайн үед Монгол орны хүн, зон нийтээрээ моринд эрэмгий, 4 настай балчраас 80 настай буурал хүртэл морио унаж оролцсон нь Гиннесийн албан ёсны шүүгчдийн анхаарлыг татаж, онцолж байв.
 
Түүнчлэн Монгол түмэн морьтой холбоотой түүх, соёлын өв арвинтай. Үүнтэй уялдуулан адал явдалт аялал зохион байгуулах, морин уралдаан, үзүүлбэр бүхий хөтөлбөр гаргах өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт оруулах зэргээр хамтран ажиллах олон боломжууд бийг дурдаад "Морьтон дээдсийн энэ цагийн үр сад морь, морьтны соёлоосоо хөндийрсөөр байгаад санаа зовж байгаа"-гаа талууд илэрхийлж байлаа.
 
Үндэсний өв соёлоо хадгалсан ойрын зайн морин уралдаан, аялал зэргийг жуулчдын хөтөлбөрт оруулах, тусгай сонирхлын буюу морин спорт сонирхогчдод зориулсан хөтөлбөр гаргах зэрэгт хамтран ажиллахаар болов.
 

 


БОАЖЯ Монголын морин спорт, уяачдын холбоотой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана
2023-12-20 12:36:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0