Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхайгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 17 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 87 хувьтай байлаа. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон. Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.
Шинэ жилийн худалдааг 12 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийж байна
Мөн дүүргийн удирдлагуудыг өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. Энэ хүрээнд шинэ жилийн худалдааг 12 байршилд, мөсөн гулгуурын талбайг есөн байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийхээс эхнээсээ ашиглалтад ороод буй. Сүхбаатарын талбай болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 97 хувьтай байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 онд 34 удаа болж, нийт 512 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ.
Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна
Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.
Энэ үеэр Хотын дарга холбогдох албан тушаалтнуудаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн албадан газар чөлөөлөх журам боловсруулах ажлын талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Журам батлах Ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногт журмыг танилцуулна” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журмыг боловсруулж, НИТХ-аар баталсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр өгсөн. Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах ажлыг хийж байна. 2024 оны нийслэл, дүүргийн тохижилтын ажлын төлөвлөгөөний хүрээнд хийх дугуйн зам, явган хүний замын трассыг гаргасан” хэмээв.
Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна |
2024-11-27 11:51:50
2024-11-27 11:51:01
2024-11-27 11:49:42
2024-11-27 11:48:33
2024-11-27 11:47:46
2024-11-27 11:46:17
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11