Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэлд метроны төсөл хэрэгжүүлэх тогтоол гаргажээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийв.
Тэрбээр “Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарлаа. Жайка-гийн санхүүжилтээр 2013 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулах эрхийг Засгийн газраас өглөө.
Метро байгуулах ажил 19 жилийн өмнөөс хийгдэж ирсэн. Энэ бүхэнд үндэслэж, тендерийн бичиг баримт, ажлын даалгавруудыг боловсруулахаар төлөвлөж байна. Тендерийг 2024 оны 01 дүгээр сард багтааж зарлана.
Урьдчилсан ТЭЗҮ-д гурван хувилбар тусгагдсан.
1. Жайка олон улсын байгууллага өөрсдөө хийвэл 1.7 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх
2. Олон улсын нээлттэй тендер зарласан тохиолдолд гүйцэтгэгчид 1.3 тэрбум ам.долларын санал өгөх
3. Манай улс төслийн менежментээ хийж, зөвлөх үйлчилгээ авсан тохиолдолд 1.5 тэрбум ам.долларар гүйцэтгэх боломжтой гэсэн урьдчилсан ТЭЗҮ гарсан.
Үүнээс бид хоёр дахь хувилбар болох олон улсын нээлттэй тендерийг сонгож байгаа.
Метроны нийт урт нь 17.7 км. Үүнээс газар доогуур зам нь 6.6 км байна. Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотай байхаар төлөвлөж байна.
Жайка байгууллагаас 2007 онд нийслэлчүүдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдогийг судалгаагаар тогтоосон. Харамсалтай нь энэ тоо өнөөдөр 30 хувьд хүрэхээ больсон. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэл хийж чадаагүй, тээвэр зохицуулалт, хөдөлгөөний эрчим зэрэг олон шалтгаантай холбоотой.
Дэлхийн том хотуудын иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манай хотын нийт иргэдийн 50 хувь нь хувийн унаагаар зорчиж, нийтийн тээврийн үйлчлүүлэх иргэдийн тоо буурсаар байна" гэдгийг танилцууллаа.
Х.Нямбаатар: Метроны гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нэгдүгээр сард зарлана |
|