Лхагва, 2024-11-27
Ч.Хүрэлбаатар өөрийгөө Хятадын эрлийз биш гэв

Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье. 

 

Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа. Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү дуугарсан. Миний санахын Монголын олон улстөрчдийг, нэртэй зүстэй олон хүнийг хятад хэмээн Женкогийнхон цоллож, харлуулж ирсэн. Хятадаараа цоллуулсан тэд тайлбар хийлгүй дуугүй өнгөрөөсөн, олон нийт ч тэднийг хятад хэмээн итгэсээр өнөөг хүрсэн. Худал үнэнийг ялдаг, эвлүүлэг нь бодит баримтыг дийлдэг байж хэрхэвч болохгүй ээ. 

 

Би удам угсаагаа сайн мэднэ л дээ. Гэхдээ баримт үзүүлэн ярих нь зөв хэмээн шинэ оны ажлын эхний өдрийг хүлээсэн юм. Та бүхэнд Үндэсний төв архивын материалуудыг үзүүлж тайлбарлая. 

 

1. Ээж маань намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтартаа “…Миний төрсөн эцэг Хүүхээ нь Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайт гэдэг газар 1909 онд ард Баяны 2-р хүү болон төрсөн. Ингээд 1928 онд Увс аймгийн Давст сумын ард Хөхийн Цэндтэй суугаад 3 хүүхэд төрүүлэн амьдарч байсан юм. Миний эцэг Хүүхээ нь 1930-1934 онуудад сумын дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж явсан. 1938 онд нас барсан….учир өөрийн өвөг эцэг Баяны гар дээр хүмүүжих болсон юм… Миний өвөг эцэг Баян Увс аймгийн Давст сумын нутаг Хөндлөнгийн гол гэдэг газар 1883 онд ард Увшийн 1-р хүү болон төрсөн юм…” гэж бичжээ. Товчхондоо миний ээж Аажаагийн эцэг нь Хүүхээ ч эцэг нь нас барсны дараа өвөөгөөрөө овоглох болжээ. Ээжийн 3 үеийн намтарыг доор зургаар оруулав. 

 

2…1927 оны тооллогын бүртгэлийн 27-р хуудасны 213-р бүртгэлд: өрхийн тэргүүн Хүүхээ 20 настай, эрэгтэй, эцэг Баян, 43 настай, ах Жамба 44 настай, лам, Лэгшид 22 настай, лам, эх Түвшин 36 настай, хүүхэн Билэг 13 настай, хүүхэн Юнгэр 4 настай гэж бүртгэгдсэн байна. Энэ бүртгэл бол ээжийн эцэг Хүүхээ, өвөө Баян нарын тооллогын материал юм. Ээж маань энэ үед төрөөгүй байжээ. Энэхүү бүртгэлийг доор зургаар оруулав. Сонирхуулахад ээжийн талынхан энэхүү тооллогын 213-р бүртгэлд байгаа бол Цэдэнбал даргынх 189-р бүртгэлд, Өлзийтийн Бадрах сайдынх 164-р бүртгэлд байна лээ. Сайхан л санагдлаа. Зүстэй, нэртэй хүмүүстэй айл саахалт явж байжээ.

 

3. “…1933 оны тооллогын 58-р хуудсанд: өрхийн тэргүүн Увшийн Баян, 48 настай, эрэгтэй, монгол, ах Увшийн Жамба, 49 настай, лам, монгол, эхнэр Дорины Түвшин, охин Баяны Юнгэрэн, 9 настай, монгол гэж бүртгэжээ”. 1933 оны хүн амын тооллого дээр анх удаа монголчуудаа монгол, оросуудыг орос, хятадуудыг хятад, түвдүүдийг түвд, бусдыг нь бусад угсаатан гэж бүртгэсэн юм байна лээ. Ээжийн талынхан бүгдээрээ монгол гэж дээр бүртгэсэн байгааг анзаарна биз ээ. Жич: дээрх бүртгэлд буй лам Увшийн Жамбыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 7-р сарын 1-ний шийдвэрээр буудан алж, бүх хөрөнгийг нь хураан авсан байдаг бөгөөд Дээд шүүхийн 1992 оны 8-р сарын 15-ны шийдвэрээр цагаатгасан байдаг юм. Шүүхийн материалыг дэлгэц дээрээс утсаар авч бас доор оруулав.

 

4. “…1933 оны тооллогын бүртгэлийн 38-р хуудсанд: өрхийн тэргүүн Баяны Хүүхээ, 26 настай, эрэгтэй, монгол, ах Баяны Лэгшид, 28 настай, лам, монгол, эхнэр Хөхийн Хорлоо, эмэгтэй, монгол, охин Хүүхээгийн Юмсүрэн, 5 настай, монгол, охин Хүүхээгийн Тогтуур, 4 настай, монгол гэж бүртгэгджээ. Ээжийн 2 эгч төрчихсөн, ээж маань төрөөгүй л байжээ. Бүртгэл, лавлагааг зургаар оруулав. Жич: 1933 оны хүн амын тооллогоор Увсад 115 Баян нэртэй хүн бүртгэгдсэн байна лээ. Гүтгэгчид Увсад цор ганц Баян гэдэг хүн байсан гэж байсныг энд сануулъя.

 

5. “…1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 62-р хуудсанд: өрхийн тэргүүн Увшийн Баян, 59 настай, эрэгтэй, дөрвөд, Дорины Түвшин, 54 настай, эмэгтэй дөрвөд, Баяны Юмсүрэн, 16 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Тогтуур, 15 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Аажаа, 11 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Санжжав, 3 настай, эмэгтэй, дөрвөд гэж бүртгэгдсэн байна”. Энэ бүртгэл дээр миний ээж Аажааг өвөөгөөр нь овоглож бүртгэсэн байна. Бүртгэл, лавлагааг зургаар оруулав. Та бүгдэд архивын материалыг хүргэлээ. Ээж, ээжийн аав, ээж, өвөө, эмээ нар бүгдээрээ монгол, дөрвөд юм шүү.

 

Ээж маань 

Цасан дээр мөртэй

Цаасан дээр нэртэй нэгэн байсан юм шүү, бас 

Харахад зүстэй

Хазахад цустай нэгэн байсан юм шүү гэдгийг гүтгэж, доромжлогчдод хэлье. Би бол ээжээрээ бахархдаг, ээждээ хайртай хүү нь юм шүү гэдгийг төгсгөлд нь бас хэлчихье. Тэвчээртэй уншсан танд баярлалаа.

 

Ч.Хүрэлбаатар 

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Ч.Хүрэлбаатар өөрийгөө Хятадын эрлийз биш гэв
2024-01-03 10:58:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0