Манай улсын хувьд 2023 он хуримтлагдсан олон булхай асуудлыг дэлгэсэн, авлигатай тэмцсэн жил болж өнгөрч байна. Тухайлбал, Хөгжлийн банкны хуудуутай зээлийн асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа.
Оны босгон дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа. Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж чадлаа. Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар олон жил яригдсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдлаа. Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа. Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадлаа” гэсэн юм.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр Боомтын сэргэлтийн хүрээнд гэхэд ирэх 2024 онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орох гэж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт бүсчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого” салбар бүрт амжилттай хэрэгжиж эхэлсэн жил болов.
Ирж буй 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байхын төлөө ажиллах болно гэдгээ Засгийн газар зарласан.
2024 он орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. “Миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлнэ гэв.
2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно гэв.
2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно гэлээ.
Ийнхүү ужгирсан асуудлуудыг цэгцлэх гэж хичээсэн, авлигатай тэмцсэн, хариуцлагыг нэмэгдүүлсэн, тогтолцооны өөрчлөлт хийхийг зорьж, реформ руу зорьсон, Монгол Улс хөгжлийн шинэ зам руу орж буйг зарласан онцлох жил болж өнгөрч байна.
Б.НАРАН
2023 он: Ужгирсан асуудлыг цэгцэлсэн, тогтолцооны шинэчлэл рүү орсон жил болов |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27