Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай, тус компанийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүний дараа Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар Баягийн сангийн тухай хуулийг хамтран боловсруулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдэгдлийг хийсэн юм.
Тэрээр “Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.
Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Юуны өмнө, олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдсэн АН, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид хамтдаа зөвшилцсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулж, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр бүсчлэн явуулах өөрчлөлтийг хийж чадсан. Харин өнөөдөр олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзалгүй тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн энэ үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо.
“Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс-Оюутолгой”, цаашид ашиглах ордуудынашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар тусгалаа.
Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компаний засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх болно.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг дахин хатуу илэрхийлье.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэн 893,432 иргэдэд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн Эрдэнэс Тавантолгой компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох 116 мянга 535 төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.
2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэх болно. Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэдээрээ хяналт тавих, засаглалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох болно.
Туулай жилийн “5Ш” ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнд хүрлээ. Луу жилд Монголчууд баялагтаа шууд эзэн болно” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцааны ногдол ашиг 116535 төгрөгийг иргэдийн дансанд өнөөдрөөс шилжүүлж эхэлнэ |
|