-Ямартай ч олон жил яригдсан ч өнөөг хэр нь ажил болоогүй бүсчилсэн хөгжлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөндөж, хөдөлгөж чадлаа. Харин бүсчилсэн хөгжлийн автор нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газар болж үлдэх эсэх нь цаг хугацааны асуудал юм-
Монголын төр, засаг улс орноо бүсчлэн хөгжүүлэх ээлжит оролдлогоо хийж эхэллээ. Үе, үеийн Засгийн газар бүсчилсэн хөгжлийн талаар ярьж, хөнддөг ч тэр нь ажил хэрэг болсон удаагүй. Харин өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаад байна.
Тэрбээр “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд яригдсан, удаашралтай байсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хоёрхон жилийн дотор хийж магадгүй. Төсөв, хөрөнгө оруулалт ч гэсэн 330 хуваагддаг байсан бол бүсчлээд долоо хуваагдахыг үгүйсгэх аргагүй. Энэ нь төсөв, хөрөнгө оруулалтад маш их хэмнэлттэй зүйлийг авч ирж болох юм” хэмээн өчигдөр Төрийн ордонд болсон “Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр онцоллоо.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ, Засгийн газраас 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичгийг баталжээ. Тэгвэл 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байна. Харин үндсэн шалтгааныг нь тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоотой холбож тайлбарлалаа.
Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас зургаан бүсэд хэрхэн хувааж, хөгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
ХОЙД БҮС
Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нь улсын хэмжээнд үр тарианы 70, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангаж байна.
ГОВИЙН БҮС
Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг бүсэд нийт хүн ам 207 мянга, нийт ДНБ нь дөрвөн их наяд төгрөг байна. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.
БАРУУН БҮС
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг.
ХАНГАЙН БҮС
Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйд түшиглсэн, хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал чухал. Нийт хүн ам 295 мянга, нийт ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай.
ТӨВИЙН БҮС
Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгоно. Нийт хүн ам 535 мянга, нийт ДНБ дөрвөн их наяд 849 тэрбум төгрөг байна. Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.
ЗҮҮН БҮС
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгож, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангана. Нийт хүн ам 229 мянга, нийт ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг байна. Зүүн бүсэд нийт адууны 23 хувь, үхрийн 18 хувь байна. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлж байна. Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцд нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой.
Тэгвэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгажээ. Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлдэг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд илтгэлдээ тодотголоо.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТООС ХӨДӨӨГ ЗОРИХ ИХ НҮҮДЭЛ ЭХЭЛНЭ
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлсэн ч шаваа тавиад тэр чигтээ гацсан нь олон. Газрын тос боловсруулах үйлдвэр, Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хөгжилд нэн шаардлагатай төслүүд 30 жил яригдсаар өнөөдрийг хүрлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сонгогдсон тойрогтоо ахиухан тавиулахын төлөө ил, далд лобби, бие биеэ шантаажилсан улс төр, сонгуулиас сонгууль дамжсан амлалтуудын төлөөсөнд Монгол Улсын төсөв элсэнд асгасан ус шиг замхарч, олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно. Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ.
Т.ДОРЖХАНД: МАНАЙ НАМ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Дэлхийд 200 улс бий. Тэдний 40 орчим нь бүсчилсэн хөгжилтэй орон. Тэд зах зээлээ бий болгочихсон, эдийн засгийн шийдлүүдээ гаргаад хөгжжихсөн байна. Тухайн орон том газар нутагтай байх л юм бол төвлөрсөн зах зээл хэрэгтэй болдог. Гэтэл Монгол Улсын хувьд 3.5-хан сая хүн амтай, зах зээл байхгүй. Хөгжил төвлөрөлдөө л яваад байдаг, хөгждөггүй. Энэ байдал нь өөрөө өнөөдрийн асуудалд оруулж ирсэн байна. Бид эдийн засгаа тэлэх ёстой. Өөрсдөө бүс нутгийн хөгжилдөө шилжих ёстой. Богино, дунд хугацаандаа бид аж үйлдвэр рүүгээ мөнгөө хийх ёстой юм байна. Бид парламентын ардчилал чухал гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш сайн хийж чадсан. Одоо энийгээ эдийн засагжуулах л асуудал үлдээд байна. Нэгэнт ардчилсан тогтолцоогоо хамгаалж чадсан юм бол одоо ажлаа л хийе. Бид хий хоосон улстөржихгүйгээр илүү прогматик эдийн засгийн бодлого руугаа улс төрийн намууд нь хамтдаа тууштай байя. Улс орны эрх ашиг чухал. Бусад нь 30 дугаар асуудал тул бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг маш их дэмжиж байна.
Бүсчилсэн хөгжлийн автор Л.Оюун-Эрдэнэд үлдэх үү?! |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27