1958 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн үйлдвэрлэл хөгжиж эхлэх үeд үр тариа, төмс, хүнсний ногоог төрөл бүрийн өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч, хог ургамлаас хамгаалах, мөн бэлчээрийг хөнөөлт мэрэгч, царцаанаас хамгаалах зорилгоор байгуулагдсан тус хүрээлэн анх удаа өөрийн гэсэн судалгааны лабораторийн зориулалттай ажлын байртай болж байна. Зориулалтын судалгааны лабораторитой болсноор салбарын эрдэмтэн судлаачдын ажиллах нөхцөл сайжирч, эрдэм шинжилгээний арвин их бүтээл үйлдвэрлэлд нэвтрэн, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боломж, нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь хөдөө аж ахуйн /ХАА/ таримал ургамал /үр тариа, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримал гэх мэт/, бэлчээр, ой, ногоон байгууламжийн өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн тархалт, хор хөнөөлийг тогтоож тэмцэх дэвшилтэт технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. Мөн ХАА болон байгаль орчны салбарт ашиглагдаж буй ургамал хамгаалах бэлдмэл, пестицидийн чанар, үлдэгдлийг судлах, ургамал хамгаалах цогц аргыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургац нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгаа боловсруулалтын ажлуудын үр дүнд манай улс үр тариа төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэгцээгээ 60-80 хувь хангаж, улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй аюулгүй байдлыг хадгалан хамгаалахад чухал нөлөө үзүүлж байгаа аж.
Мөн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол суурь болох бэлчээрийг хөнөөлт мэрэгч, царцааны хөнөөлөөс хамгаалах туршилт, судалгааны үр дүн, технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бэлчээр хамгаалах, авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд бодит үр нөлөөгөө өгсөөр байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхи санаачлагтай оролцож, ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, эрүүл үр суулгацаар хангах, тариалангийн талбайг хамгаалах-агро ойжуулалт байгуулах зэрэг ажилд тус хүрээлэнгийн судлаачид ажиллаж байгаа тухай судалгааны лабораторийн нээлтийн үеэр удирдлагууд нь хэлж байлаа.
Монгол орны хүнсний хангамж, аюулгүй байдал, бэлчээр хамгаалал, ой хамгааллын салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнг судалгааны лабораторийн зориулалт бүхий цогцолбор байртай болгоход анхаарч ажилласан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хүрээлэнгийн үе үеийн ахмад буурлууд болон мөн одоо ажиллаж байгаа эрдмийн хамт олон талархаж байгаа илэрхийлсэн юм.
Судалгааны лаборатори анх БШУЯ, ШУА-ийн санаачлагаар “Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхимын барилга” нэртэйгээр баригдаж эхэлсэн бөгөөд барилга баригдах явцад нэлээд өөрчлөлтүүд гарч 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжүүлжээ. Уг барилгын талбайн хэмжээ нь 3232 м2 бөгөөд судалгааны лабораториуд, ажлын өрөөнүүд, бивар болон хөргүүрийн өрөө, спорт заал бүхий 4 давхар барилга ажээ. Барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: БШУЯ
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн судалгааны лабораторийн зориулалттай ажлын байртай болов |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27