Бямба, 2024-11-23
Бүсчилсэн хөгжлийн тухай дэлхийн монголчуудын үг, төсөөлөл

Засгийн газар Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарлаад байна.  Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн.  Бүсчилсэн хөгжлийн  бодлогыг шинэ өнцгөөр харах,  эргэлтийн цаг үе ирсэн гэдэгт эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байна. 


Аливаа  улс орны хөгжил тухайн улсын иргэн бүртээ салшгүй холбоотой байдаг.  Тиймээс “Зууны мэдээ” сонин гуравдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй монголчуудаа урьж, бүсчилсэн хөгжлийн тухай байр суурийг нь сонслоо.   Тэд маань хүний газрын хөгжлийг гайхан биширч явахдаа ч “Эх орондоо үүнийг  хэрэгжүүлчих юм сан, Монгол минь хөгжөөд удахгүй үүнээс ч сайхан болно” гэсэн хүсэл мөрөөдөл, цагаахан атаархал тээж авдаг биз ээ.  Тэгэхээр ирэх жилүүдэд хэрэгжих бүсчилсэн хөгжлийн бодлого улс оронд тун чухал  байна. 

 

Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого Монгол Улсын хувьд шинэ ойлголт биш л дээ. Товч түүх өгүүлэхэд, Манай улс 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Түүний дараа 1990 оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулж, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2001 оноос хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг парламент баталсан.  Гэвч одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд  “Мянганы зам”-ын төслөөс бусад нь тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм.  Харин одоо Засгийн газраас дэвшүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биелэлээ олохыг цаг хугацаа харуулах биз ээ.   Ийнхүү бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай Дэлхийн монголчуудын төсөөллөөр “Зууны мэдээ” сонины “Үзэл бодлын чөлөөт талбар" хэрхэн үргэлжилснийг хүргэе. Энэ удаа дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид гээд 30 иргэний байр суурийг хүргэх болно. 

 

 

Асуулт:

  • 1. Энэ жил Монголын нийгэм, улс төрийн салбарт бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл дахин хүчтэй яригдах боллоо.  Энэ талаар иргэн та ямар төсөөлөлтэй байна вэ?

  • 2. Ер нь улс орны хөгжлийн тухайд ямар ойлголттой байдаг вэ. Амьдарч байгаа улс, хотынхоо хөгжлийн сайн жишээнээс хуваалцахгүй юу? 

 

 

 

М.Дэлгэржаргал: Олон жил яригдсан чөлөөт бүсүүдийн хөгжил урагшлаасай

МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч

-Би БНХАУ-ын Шаньси мужийн Ши-Ань хотод амьдарч байна. Энд Ши-Ань Жиаотун их сургуульд Шинэ медиа, олон нийтийн засаглалын чиглэлээр докторын хөтөлбөрт суралцдаг. Мөн МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч хийдэг. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй.  Хүн ам тархан суурьшсан учраас дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж бүс нутаг бүрд харилцан адилгүй. Тэнцвэртэй байдлыг хангах, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн тулд бүсчилсэн хөгжил маш чухал. Хот хөдөөгийн, амьжиргааны түвшний зөрүүг арилгахад эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн бүс нутаг бүрд байгаа эдийн засгийн нөөц боломжийг ашиглаж, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд том түлхэц болно.  Гэхдээ яригдаад л байдаг, яриа бус ажил хэрэг болоосой. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн нэгэн сумын дунд сургуулийн хичээллэж буй нөхцөлийн талаар мэдээ харсан. Тэнд сурч байгаа хүүхдийн авч буй боловсролыг нийслэлийн өндөр төлбөртэй, гадаад хэлний сургалттай хувийн сургуулийн сурагчийн авч буй мэдлэгтэй харьцуулахад хэцүү. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж ч ялгаагүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлого яах аргагүй чухал. Энэ бодлогыг зөв хэрэгжүүлж, нэн түрүүнд хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмжийн ялгааг арилгах талаар зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээр, цаашлаад бүс нутгийн өрсөлдөх чадварыг  нэмэгдүүлэх бодлого амжилттай хэрэгжих үндсэн суурь болох болов уу.


-БНХАУ-ын хувьд дэлхийн дээгүүрт орох томоохон эдийн засагтай, үйлдвэрлэгч орон ч гэлээ “хөгжиж буй” улс. Энд хотын амьдралын чанар, хөдөө тосгоны амьдралын чанар тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж ялгаатай. Гэсэн хэдий ч төр засгийн зүгээс “Ядуурлаас ангижрах бодлого, бүс нутгийн хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг дэмжих” төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлсээр байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар БНХАУ-ын ДНБ 5.2 хувиар өссөн ч, хүн амын тоо, үүн дотроо төрөлт буурсан.  Эдийн засаг нь ерөнхийдөө цар тахлын дараах сэргэлтийн үедээ байгаа ч 2023 оны эхэнд ДНБ-ийг 5 хувиар өсгөнө гэсэн зорилтдоо хэдий хүрсэн ч Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурсаар байгаа учраас бүс нутгууд  хөрөнгө оруулалтыг татах төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн. Тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 18 чөлөөт худалдааны бүсийг байгуулан, бүс нутгийн онцлогийг хэрхэн хөгжүүлэх, үүндээ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар худалдааны чөлөөт бүсүүд биенээсээ туршлага суралцаж, боломж, сул талаа харилцан нөхөх замаар ажиллаж байна.

 

Б.Тамир: Бүс нутгийн хөгжлийг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломжтой

Шанхай хотын зам харилцааны дээд сургуулийн докторант

-Намайг Б.Тамир гэдэг. ОХУ-ын Орёл хотын Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжлээр төгссөн.  Мөн тухайн сургуульдаа Хуулийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор БНХАУ-ын Шанхай хотын зам харилцааны дээд сургуулийн Төрийн захиргааны удирдлагын менежментийн сургуульд Олон нийтийн аюулгүй байдлын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцдаг. Сүүлийн үед “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын талаар яригдах болсон. Иргэний хүний хувьд энэ асуудлыг дэмжиж байгаа.  Бүс нутгийн хөгжил гэдэг нь тухайн улс орны тодорхой бүс нутгийг хөгжүүлэх хүчин чармайлтын шошго бөгөөд ихэвчлэн нийгэм эдийн засгийн утгаар ойлгодог. Жишээлбэл, өнөөгийн байдлаар зарим аймгуудын хөгжил эрс ялгаатай байгаа нь аймгаас аймгийн хооронд болон аймгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хийхэд ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, саяхны нэг судалгаанд Уул уурхай хөгжсөн Өмнөговь аймаг руу Дундговь, Говь сүмбэр аймгуудаас иргэд шилжин амьдарч байгаа талаар уншсан. Энэ нь уул уурхай дагасан олон ажлын байртай шууд холбоотой болов уу.  Угтаа бол бүс нутгийн хөгжлийг кластер хэлбэрээр хөгжүүлээд явбал иргэд төрсөн нутагтаа ажил хөдөлмөр эрхлээд амьдрах боломжтой гэж хардаг. 


-Улс орны хөгжлийн тухай ойлголтыг нэг хоёр өгүүлбэрээр тодорхойлох нь амаргүй байх. Хөгжил гэдэг зүйлийг би нийгэм эдийн засаг, иргэдийн аж ахуйг одоо байгаа түвшинээс дээшлүүлэх боломж гэж ойлгодог. Мэдээж үүнд нөлөөлөх маш их хүчин зүйлс байгаа. Би нийгэм эдийн засгийн хөгжлийг нэн тэргүүнд тавихаас урьтаж хувь хүний хөгжлийн талаар анхаараасай гэж хүсдэг. Хагархай цонхны онол гэж байдаг. Тэр онолыг хүн болгон мэдээсэй гэж хүсдэг. Хэн нэгэн хуучин үйлдвэрийн цонхыг хагалахгүй л бол тэр цонх бүтнээрээ байдаг бөгөөд нэг л цонх хагарахад хажуугаар нь гарах хүн болгон юу ч бодолгүй тэр цонхыг хагалж эхэлдэг. Тиймээс хувь хүний хөгжил сахилга бат, бие биедээ хүндэтгэлтэй хандаж хийж байгаа зүйлээ их бага гэлтгүй зүтгэлтэй хийвэл бид илүү сайхан хөгжилтэй эрүүл нийгмийг бүтээж үлдээх байх. Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн философитой ард түмэн шүү дээ. Бид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаад эхэлвэл гудамж хоггүй болно. Амьдарч байгаа орчин цэвэрхэн болно ердөө жижиг гэлтгүй зүйлсээсээ хувь хүмүүс хичээгээд явъя. 

 

Ц.Ариунаа: Бүсчилсэн хөгжлийн зорилтууд удахгүй бидэнд мэдрэгдэх байх

ХБНГУ-ын Мюнхен хот, сошиал медиа хариуцсан менежер 

-Бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар хараахан сонсож амжаагүй байна. Хэрэв тийм бодлого шат дараалалтай, зорилго зорилт сайтай бол хэрэгжилт нь тун удахгүй Монголд байгаа иргэдэд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа бидэнд мэдрэгдэх байх. 


-Улс орны хөгжил ер нь их энгийн зүйлсээс эхэлдэг юм байна гэж суугаа улсынхаа соёлоос суралцах явцдаа ойлгож авсан. Хүн бүр математикч болох албагүй гэдэг шиг Германд хүн бүр дээд боловсролтой болох гэж зүтгэдэггүй. Тавдугаар ангиас нь эхлээд шууд гурван чиглэлд хувааж, яваандаа ерөнхий суурь боловсрол эзэмшсэнийхээ дараа дээд боловсролтой болох, нарийн мэргэжил олгох сургалтад хамрагдах аль эсвэл үйлчилгээний салбарт ажиллах гэдгээ эртнээс шийдчихсэн байдаг нь манай сургалтын системээс өөр байсан. Сурах сонирхолгүй, стресс багатай тайван ажил хийж амьдармаар байгаа хүнийг үгүй ээ чи заавал дээд боловсролтой хуульч бол гэж шахдаггүй нь эргээд нийгмийн стресс, ажиллах хүч, эдийн засагтаа ч эергээр нөлөөлж байна.  Үүнээс гадна Германы эрүүл мэндийн салбар үнэхээр гайхалтай. Үүнийг одоо хүмүүс ер нь л мэддэг байх. Маш олон жишээн дээр Германы даатгалын систем дурдагддаг шүү дээ. Цалингаасаа эрүүл мэндийн даатгалд төлж байгаа хувь хэмжээ нь цалингийн 14.6 хувь. Үүнээс талыг нь ажил олгогч нь төлдөг.  Мэдээж Монголд дөрвөн хувь татварын талыг нь өөрөө төлдөг байснаа бодвол хэцүү байсан ч гэсэн эргээд авч байгаа үйлчилгээгээ бодвол харьцуулалтгүй. Хагас жил тутамд шүдний эмчид, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх үүрэгтэй.  Жилд нэг удаа нарийн шинжилгээ хийлгэх эрхтэй. "Зайлшгүй шаардлагатай биш" гэж үзсэн эмчилгээнээс бусад нь үнэ төлбөргүй байдаг. Тэгэхээр нэг бодлын эрүүл мэндийн үзлэгт байнга орох үүрэгтэй болчихоор аливаа өвчний эрт илрүүлэлт, түүнийгээ дагаад эмчилгээний үр дүн хялбар болдог болов уу. Ер нь хувь хүн эрүүл байхаас л цаашлаад нийгмийн эрүүл мэндийн асуудал, улс орны хөгжил дэвшил яригддаг юм биш үү дээ. 

 

Ч.Болорчулуун: Өвлийн спортоор дамжуулж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой

БНСУ-ын Канвон мужид оршин суугч

-Бүсчилсэн хөгжлийн бодлого маш чухал байна. Канвон мужийн хувьд гурван сая хүн амтай. Гэхдээ энэ муж далайн хотууд ихтэй учир аялал, жуулчлал өндөр хөгжсөн. Мөн өвлийн олимпын байгууламжуудыг энэ муждаа барьсан учраас Сөүл хотоос илүү их аялал жуулчлал хөгжсөн. Өвлийн олимпыг хоер ч удаа зохион байгуулж, тэр хэрээр орон нутгийн аялал нэмэгдэж байна. Мөн олимпын наадмын дараа байгууламжийг бусад арга хэмжээ зохион байгуулахад ашиглаж байгаа учир маш их давуу талтай. Хавар, зуны турш олон улсын арга хэмжээг зохион байгуулладагаараа бусад мужаас ялгаатай. Иргэд далайд ирэхээр бусад арга хэмжээнд оролцох учир давуу талууд ч их байна. Ингээд харахаар  Монгол Улс  Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад аялал жуучлалаа татах хэрэгтэй. 2023 онд Эрдэнэт хотод өвлийн спортын наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан. Энэ нь маш их ач холбогдолтойг харуулсан байгаа. Монголд Буянт-Ухаа дахь уран гулгалтын ордон, Зайсан дахь “Скай ресорт” цанын баазыг ашиглан өвлийн спортын олимпын эрхийн том тэмцээнийг хийж, олон улсад танигдах ёстой. Ингэсэн нь аль аль талдаа ашигтай. Монголд  өвлийн спортоор дамжуулж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой юм байна. Энэ хамгийн сайн хувилбар. Яг энэ Канвон муж зундаа далай, өвөлдөө өвлийн олимпын тэмцээн уралдаан, аялал жуулчлалыг хийж улсдаа асар их эдийн засгийн эргэлтийг авчирч чадаж байна. Бидэнд давуу тал их байна. Өвлийн улирал урт болдог учир мөн уулын цана, уран гулгалт гээд олон улсад хүчтэй хөгжиж байгаа спортын төрлүүдээ дэмжин ажиллах нь чухал. Олимп зохион байгуулах гэхээсээ илүүтэй олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг зохион байгуулах нь хамгийн сайн гарц болно. 

 

А.Ууганцэцэг: Бүсчилсэн хөгжлөөр өрхийн амьжиргааг дэмжих боломжтой

БНХАУ-ын Бээжин хотын Бизнесийн удирдлагын докторант 

-“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын эхлэх цэгийг өөрийн онцлог статустай, хөгжлийн түвшин болон хүн амын боломжоороо ялгаатай аймгуудыг бүсчлэн нэгтгэснээр эдийн засгийн ба зах зээлийн боломжийг өсгөх, нэгдсэн систем дор илүү шуурхай мэдээлэл, үйлчилгээгээр хангагдах, нийслэл хотын төвлөрлийг бууруулах, иргэд илүү нээлттэй боломжоор хангагдах юм байна гэж харсан. Ер нь гаднын орноос Монголынхоо улс төр, нийгмийн бодлогыг харахад ихэнх тохиолдолд шинжлэх ухаанч, шинэлэг, инновацын дэвшилтэт шинжтэй байдаг боловч яг өнөөгийн бодит байдалд зохицон нийцэж чадаж байна уу гэдэг нь хамгийн чухал. Гэнэтийн тэсрэлттэй өөрчлөлт гэхээсээ илүү удаан хугацааны тогтвортой өсөлттэй, ногоон менежменттэй, зах зээлийн бодит тооцоололтой, бүх салбарын хөгжлийг тусгасан байгаасай гэж хүсэж байна. Өөрийн нэгэн жишээг хуваалцахад би Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллаж байхдаа тэнд эдийн засаг, зах зээлийн боломжийн зөрүү их байдгийг мэдсэн. Суманд ажлын байр хомсоос цалин бага, өрхийн орлого бага байхад өргөн хэрэглээний бараа Улаанбаатар хотоос очдог тул тээврийн зардал нэмэгдээд хотод зарагддагаас илүү үнэтэй байсан. Сумандаа ганцхан айл л гэртээ боорцог хайрч зардаг байсан нь хүрэлцээ муугаас гадна тогтмол ажиллагаатай байгаагүй. Ингэхээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжтой гэж харж байна.         
-Хятад улс нь газар нутгийн хэмжээгээр том, хот мужуудын цаг агаар, байгалийн бүтэц онцлог болон хүн ам, эдийн засгийн хөгжлөөрөө харьцангуй өөр. Иймээс бүсчилсэн хөгжлийг ихэд дэмжин хэрэгжүүлдэг. 14 дэх таван жилийн бодлого болон 2035 он хүртэлх хэтийн төлөвлөгөөндөө нарийн тусгасан байдаг. Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний дагуух эдийн засгийн бүс, Гуандун-Хонконг-Макао зэрэг онцлог шинжээр нь бүсчлэн хөгжүүлэх зорилго нь хөгжлийн тэнцвэрийг цогцлоон сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх гэж үздэг. Хятад улс нь коммунист нам гэх нэг гоц намтай, ардчилсан дэглэмт социалист улс. Энд  амьдарч байхад нам нь бүгдийн дээр байх бөгөөд ард түмнээ чирч чиглүүлж явдгийг төвөггүй анзаарах боломжтой. Иймээс төрийн аливаа бодлого нь урт хугацааны тогтвортой шинжтэй байдаг.  

 

Г.Мөнх-Эрдэнэ: Хөгжил гэдэгт ойлголтгүйгээр хүрэх боломжгүй 

Их Британийн Оксфордын их сургуулийн докторант

-Би Их Британийн Оксфордын их сургуульд Хүмүүний газар зүйн чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж байна. Шинэ он гараад эрх баригч нам “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэгчийг эрчимтэй ярьж байна. Би энэ санаачилгыг сонгуулийн өмнөх яриа төдий зүйл  гэж харж байна. Саяхан болсон форум зэрэгт оролцсон хүмүүс нь яг бодит судалгаа хийдэг бус сайхан ярьдаг л улс харагдсан. Хэний ч аманд багтаад яригдаад байгаа зүйл эргээд юу ч биш, болж бүтэхгүй байх талтай. Яг л Эгийн голын усан цахилгаан станц барина гээд 30 гаруй жил олон төслийн нэгж байгуулж, олон арван хүн цалинжуулж, судалгаа хийлгэж байна гэх зэргээр үр ашиггүй мөнгө зарчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй, юу ч болоогүй юм шиг ярьж байсан зүйлээ дахин ярьдагтай адил.  Тэртээ 2001 онд анх батлагдаж байсан энэ санаачилга гэнэт одоо хэрэгжээд эхэлнэ гэдэг юу л бол.    


-Бид үнэндээ улс орноо яаж хөгжүүлэх тухай хангалттай их ярилаа. Гэвч хөгжил гэх энэ ойлголтыг мэдэхгүйгээр яриад юунд ч хүрэхгүй гэдгээ ухаарч байгаа хүн хэр их олон байдаг юм бол. Улсын хөгжлийн тухай хэнээс ч асуусан өөдөөс “Хөгжсөн улсын шилдэг туршлага, олон улсын байгууллага тэгж зөвлөсөн” гэж хариулах хүн олон болжээ. Ямар сайндаа л “Улс орныг хөгжүүлэх хүмүүс чинь таксинд яваад байгаа юм биш үү” гэсэн онигоо гарах вэ дээ. Би Австралийн Мэльбурны их сургуульд Хөгжил судлалын (Development Studies) чиглэлээр магистр хамгаалсан. Судалгааны чиглэл маань ч энэ талыг голчилдог болохоор энэ чухал асуултад ийм амархан буюу “хөгжсөн улсын шилдэг туршлага” гэж хариулдаг байдалд үнэхээр дургүй. Хөгжилд хүрэх ч ийм амархан биш. Бидний хөгжлийн тухай ойлголт, бодлого, санал, шийдэл одоо яг ийм байгаа тул улсын хөгжил гэж яриад ч нэмэргүй санагдана. 

 

Н.Ганчимэг: Эх оронч, мэдлэгтэй боловсон хүчин чухал

Япон улсын Такикава хотод амьдардаг

-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөв хийж чадвал маш эвтэйхэн зөв хөгжих боломжтой чухал бодлого. Манай улс бүсчилсэн хөгжлийг улсын хэмжээнд цогцоор нь харж алсын хараатай төлөвлөн, хоорондын уялдаа холбоог сайн хийж өгөх хэрэгтэй санагдаж байна. Монгол Улс аливаа улсын хөгжлийн шат дамжлагын дагуу хөгжиж байгаа гэж боддог. Гэхдээ хөгжлийг улам хурдасгах, алдаагаа дахин давтахгүй байхад эх оронч хийгээд мэдлэгтэй боловсон хүчин олон байх шаардлагатай байна. 


-Би Японд ХАА-н салбарт ажилладаг. Японы хөдөө аж ахуйн салбар бол байгаль цаг уур, хүн ам дээр суурилсан бүсчилсэн хөгжлийг маш амжилттай хэрэгжүүлж буйн сайн жишээ. Тухайн бүсийн цаг уурт тохируулан мал аж ахуй эрхлэх үү, газар тариалан эрхлэх үү, үйлдвэрлэл эрхлэх үү, газар тариалан дотроо ямар таримал хаана тарихад илүү зохимжтой байна гэдгийг хуваарилсан байдаг. Түүнийгээ зах зээлийн эргэлтэд оруулах тээвэр, ложистик-г улсаас шийдэж өгсөн. 

 

О.Мөнхзаяа: Хамтдаа хөгжих гарц, хүний эрхийг хамгаалах дэвшил бий болгоно 

АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Ази, Номхон далайн бүсийн бизнесийн захирал

-Би Вашингтон ДС хотод ажиллаж амьдардаг. Одоогоор Шинэ Зеландын Оэклэнд хотод ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжин хүлээж авсан. Монгол Улс нэгдмэл улсын бүтэцтэй нэг бодлогоор явдаг улс орон боловч сонгуулийн тойргийн тогтолцооны улмаас аймаг, дүүргээрээ талцах, хүн амыг амьдарч буй газар орноор нь, олгож буй төсвийн хэмжээгээр төрөөс ялгаварлаж буй мэт бодлого хэрэгжиж байсныг бүсчилсэн хэлбэрт шилжүүлж буй нь хамтдаа хөгжих гарцыг, хүний эрхийг хамгаалах дэвшил бий болгох ач холбогдолтой. Биднийг Монголдоо аймаг аймгаараа талцан сууж байх хооронд дэлхийн улс орнууд бүсээрээ хамтран хөгжиж байна. Бүсийн хөгжлийг хүний эрхтэй холбон жишээ авъя. Бүс нутгийн хүний эрхийг хамгаалах тогтолцооны хувьд Европ, Америк хоорондын систем нь хүний эрхийн зөрчлийг, ялангуяа эрүүл мэндийг хамгаалах эрхийг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа, төрийн холбогдох үүргийн нэгдлийн түвшинд хүлээн зөвшөөрдөг хамгийн дэвшилтэт систем юм. Харин хүний эрхийг хамгаалах чиглэлд хамгийн буурай хөгжилтэй байгаа нь Ази Номхон далайн бүс юм. Европын орнууд бүсчилсэн хөгжилд анхаарснаар агаарын бохирдлыг бууруулах нэг стандарттай болж орон бүрд ижил хэрэгжүүлж байна. Европын Хүний эрхийн шүүх өнөөдрийг хүртэл байгаль орчны 300 гаруй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс тогтоосон гол зөрчил нь агаартай холбоотой эрүүл байх, эрүүл орчинд амьдрах эрхтэй холбоотой байна. Манайд агаарын бохирдлын улмаас иргэд, хүүхдүүд олон зуугаараа өвчилж, нас барж байхад засаг төр нь яндан зуухнаас хальж шийдэхгүй байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор явснаар илүү далайцтай бодлого хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна.


-Хүндээ ээлтэй амьдрах орчин бүрдүүлсэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх зэрэг гол суурь эрхүүд хангагдсан байдал хэр түвшинд байгаагаас улс орны хөгжлийг тодорхойлох болов уу. АНУ-д бусад улс орны адил сайн, саар бүхий л зүйл байна. Миний хувьд сургуульд сурч байхдаа Үндсэн хуулийг нь түлхүү судалсан. Манай улсаас ялгарах гол зүйл нь Улсын дээд шүүх нь бодлогын шүүхийн үүрэг гүйцэтгэж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилтэй холбоотой хэргүүдээс л түүвэрлэн сонсож, шийдвэр гаргадаг. Тэдгээр шийдвэр нь улс орны хэмжээний шийдвэр болж үйлчилдэг. Манайд Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн цэц гэж байх боловч хүний эрхийн зөрчилтэй холбоотой иргэний маргааныг хүлээж авдаггүй нь их гайхалтай. 

 

Б.Лхамсүрэн: Бүсчлэх нь хөгжлийн ялгааг арилгана

Японы Саппоро хотод амьдардаг

-Бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар урьд нь яригдаж байгаад чимээгүй болсон ч энэ жилээс дахин ярьж эхэлж байгаад баяртай байна. Миний хувьд манайх шиг өргөн уудам газар нутагтай улсад аль болох төвлөрлийг нэг цэгт бүгдийг нь биш, тухайн бүс нутагт нь байршлын онцлогт тааруулан бүсчилж төвлөрүүлэх нь улс даяарх хөгжлийн ялгааг арилгах, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлал гээд хүмүүсийн аж амьдрал улс орны хөгжилд үзүүлэх нөлөө их болов уу гэж бодож байна. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн урсгал болон цэгц бодлого дагаад илүү олон боломж бололцоо нээгдэх байх гэж бодож байна.


-Миний хувьд Японы  Хоккайдо мужийн Саппоро хотод амьдардаг ч ажилладаг компани маань 1000 орчим километрийн зайд Токио хотод байрладаг. Би ихэнхдээ гэрээсээ онлайнаар ажилладаг. Хамт ажилладаг хүмүүс маань Нагоя, Улаанбаатар, дархан зэрэг амьдарч буй газруудаасаа онлайнаар ажилладаг.  Энэ нь нэг үгээр хэлбэл, заавал нэг газраа бүгдээрээ цуглаад ажиллах биш тухайн амьдардаг орон нутгаасаа ажлаа хийгээд явж байгаа нь бүсчилсэн хөгжлийн бас нэг хэлбэр болов уу. Хоккайдо арлын Саппоро хот нь Японы бусад хотуудтай харьцуулахад хүн ам болон цаг агаар зэрэг олон зүйлээрээ Улаанбаатартай ойролцоо. Жилийн дөрвөн улирал нь Монгол шиг, хавар нь шуураад зун нь цэцэг навч дэлгэрээд намар нь шарлаж унаад өвөл нь цав цагаан болдог. Ийм байдлаар нутаг орныхоо онцлогийг давуу тал болгоод бүс нутгийнхаа хөгжлийн төлөө болгож чадаж байгаагийн нэг жишээ энэ болов уу. 

 

Х.Болор-Эрдэнэ: Хотын хуучин хэв шинжийг хадгалж үлдэх хэрэгтэй

Франц улсад амьдарч буй зохиолч

-Би Францын Touraine  мужид амьдардаг. Францын төв муж бөгөөд  дөрвөн хоттой. Арав  гаруй жилийн өмнө л бүсчилсэн хөгжлийн  асуудал яригдаж байсан.  Гэтэл одоо дахин ид яригдаж эхэлж байна гэхээр хэцүү л санагдаж байна. Манай улсын хувьд төр нь хүн рүүгээ хандсан хөгжил харагдахгүй байгаа. Тиймээс хүний ухамсар, ёс суртахуун, харилцаанд чиглэсэн хөгжлөөс эхэлмээр санагддаг. Манай улсын тулгамдсан том асуудал харилцааны хөгжил гэж харж байна. Хөгжлийн тухай  яриад  технологи, үйлчилгээний салбар,  дэлгүүр нээхээс илүүтэй харилцааны соёлыг  суурь боловсролын системдээ суулгаж өгөх хэрэгтэй. 


-Францад сайн байна уу, баярлалаа, баяртай, уучлаарай гэдэг үгийг хэлж мэдэхгүй гурван настай хүүхэд байдаггүй. Хүүхдийг цэцэрлэгт   сурч байхаас нь эхлээд нь харилцааны соёлд сургадаг.  Гудамжинд ойрхон  зөрсөн хүмүүс хүртэл хоорондоо мэндэлдэг.   Мөн хотын төвөө  1800-1900 оныхоор буюу хуучин  хэв шинжээр нь хадгалж үлдэх бодлого баримталдаг. Хотын 70 хувь хуучны барилга, байшин. Архитекторууд нь хэдэн  жилээр  хотын төлөвлөлтөө буулгасан байдаг.  Хотын төвд өндөр байшин, шинэ орон сууц  бариулдаггүй. Зарын самбар байхгүй, Бүх албан байгууллагын хаяг жигд. Бичгийн шрифтийн хэлбэрийг ч өөрчлөх боломжгүй. Тамхины мухлаг, хоолны газар гэхэд бүгд нэг стандарттай. Манай амьдардаг хот нэг сая орчим оршин суугчтай. Орон сууцыг өндөр олноор нь барьдаггүй. Хамгийн дээд тал нь 16 давхар хороолол байдаг. Энэ хороолол нь  ихдээ долоон  л бий.  Машины түгжрэл байхгүй. Дугуйны замыг машины замтай адил жигд хийсэн байдаг. Хараагүй хүн уулзвар дээр ирэхэд уулзвараас мэдээлэл ямар гэрэл асаж байгаа гээд  автоматаар мэдээлэл өгдөг. Гял цал болсон  хөгжил байхгүй мөртлөө хүн рүү чиглэсэн бүх хөгжил байдаг.

 

Ч.Төрболд: Эх орон минь авлигагүй болоосой

Швед улс, Стоколм хотод ажиллаж, амьдардаг

-Бүсчилсэн хөгжил гэж том бодлогын талаар төдийлөн мэдээлэлгүй байгаа. Гэхдээ энд ирээд иргэдийн амьдрах орчин нөхцөл, амьдралын хэв маяг гэх мэт зүйлс манай улсаас маш ялгаатай. Тийм болохоор эх орон минь аль болох хурдан хөгжиж цэцэглээд авлига хээл хахуулгүй сайхан болоосой л гэж бодож байна. 


-Швед улс бол маш сайхан орон. Улс орны хөгжлийн хамгийн гол зүйл нь иргэдийн сэтгэл ханамж юм байна гэдгийг анзаарсан. Энд ажиллаж амьдрахад бүх л нөхцөл боломж нь бүрдсэн. Ямар ч стресс уурлаж бухимдах зүйлгүй. Монголд байхад би замын түгжрэл хамгийн их стресс авдаг зүйл байсан. Харин энд метро явдаг болоод бараг л хагас зуун өнгөрчихсөн байх жишээний. Энэ нь иргэдийнхээ өдөр тутмын амьдрал ямар ч дараа болохгүй маш сайн зохицуулалт юм. 

 

Э.Мөнх-Уянга: Бүсчилснээр тэгш хөгжих боломжтой болно

Австрали улсын Сидней хот, оюутан 

-Би  Австрали улсын Сидней хотод сурахаар ирээд  жил гаруй болж байна.  Хөгжлийн ялгаатай байдалд атаархах, сониучирхах, суралцах, харьцуулах байдлаар

Бүсчилсэн хөгжлийн тухай дэлхийн монголчуудын үг, төсөөлөл
2024-03-06 13:58:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0