“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Та бүхэн өнгөрсөн хугацаанд хуулийг уландаа гишгэж, түмний мэдэлд байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг бусдад шилжүүлж, барилгажууллаа. Нийслэлээс жил бүр цэнгэлдэх хүрээлэнд засвар хийдэг. Гэтэл тус байгууллага нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоосоо нийслэлд ногдол хуваарилдаггүй. Нийслэлийн төсвөөр тохижуулсан талбайг дур мэдэн хашаалж, төлбөртэй зогсоол болгосон. Түүнээс гадна анх нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд Т.Нямдаваа нь хүрээлэнг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой гэдгийг хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна” гэв.
Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээ, тэдгээрийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлсэнийг онцлоод “Газраас бусдад шилжүүлсэн зөрчлөөс гадна барилга барьсан компаниуд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын хооронд ямар хэлэлцээр байсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ” гэв.
Ташрамд, дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлсэн байна. Үүнд:
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27