Сонгууль: Ардчилал, Эзэн эрх ба Тусгаар тогтнол
Монгол улс МАН-ын, МАН-ын даргын хуваарьгүй засаглал, эзэгнэлийн босгон дээр ирээд байна. Эдүгээгийн дарга нь 2050 он хүртэл засаглах санаархлаа ч аль эрт ил тод тунхагласан. МАН-ын даргын авторитари дэглэмийн бэлтгэл бараг бүрэн хангагдсан. Төрийн байгууллын хувьд ч, улс төрийн системийн хувьд ч намын даргын авторитари дэглэм бараг бэлэн болсон.
Төрийн байгууллын хувьд саад тотгор нь Монгол улсын Ерөнхийлөгч, ялангуяа түүнийг Монголын ард түмэн нийтээрээ олонхоороо (50+1) сонгодог явдал. Улс төрийн хувьд өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүн. МАН-ын өмнөх даргын багаас одоогийн Ерөнхийлөгчид үнэнч хэвээр үлдсэн хэсэг саад. Үндсэндээ Монгол улсын Ерөнхийлөгч МАН-ын даргын хуваарьгүй засаглалын гол саад.
Энэ саад тотгорыг арилгах арга, замаа МАН-ын дарга аль эрт бэлдсэн. Гэвч санаснаа хийж, сарвайснаа авахын тулд Оюун-Эрдэнэ нэг даваа давах ёстой. Тэр даваа нь энд удаагийн сонгууль. Сонгууль нь Монголын ард түмэн эзэн эрхээ эдлэн, төрөө барин, хүсэл зоригоо илэрхийлэн төрийн эрх мэдлээ хэнд түшүүлэхээ шийдэх үндсэн арга. Тиймээс Оюун-Эрдэнийн давах даваа нь Монголын ард түмэн, бүр тодруулбал Монголын ард түмний эзэн эрх. Эзэн нь учир энэ өдөр Монголын ард түмэн хэнд төрийн эрхээ бариулахаа хэлдэг юм. Тиймээс энэ сонгууль бүхнийг шийднэ. Монголын ард түмэн МАН-ыг сонгож, төрийн эрхээ Оюун-Эрдэнэд түшүүлбэл түүний санаархал биелж тэрээр Монголын Ким Жон Ун болно.
Оюун-Эрдэнийг сонговол энэ сонгууль Монголын ард түмний сүүлчийн сонгууль байх болно. Бүх сонгууль устана. Монголын ард түмэн эзэн эрхээ алдана. Оюун-Эрдэнэ “сонгодог парламентын засаглалаа” төгөлдөржүүлж Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгоно. Ерөнхийлөгчөө сонгох Монголын ард түмний эзэн эрхийг хурааж байгаа нь энэ.
УИХ-ын сонгууль гэж явагдах ч, Хүрэлсүх “ялах” нь тодорхой байсан шиг МАН “ялах” нь үргэлж тодорхой, “сонголтгүй сонгууль” байх болно. Цэдэнбалын жилүүдэд МАХН-ын дэгэлдэг байсан сонгууль гэдэг шоу иргэж ирнэ. Тиймээс сонгууль дахиж болохгүй. Төрөө барин хэнээр төрөө түшүүлэхээ сонгох эрхээ эдлэх боломжгүй бол эзэн эрх үгүйтэй адил. Тиймээс энэ удаагийн сонгууль эзэн эрхийн тухай сонгууль. Хэн Монголын төрийн, Монгол улсын, Монгол орны, Монголчуудын эзэн байх вэ гэдэг сонгууль. Оюун-Эрдэнийг сонговол тэр эзэн болж, сонгуулийг устгах, үгүйсгэх замаар Монголын ард түмний эзэн эрхийг хураана. Эзэн, албатын байр солигдоно. Тиймээс энэ сонгууль Монголын ард түмэн эзэн байх уу эсвэл МАН-ын дарга эзэн болох уу гэдгийг шийдэх сонгууль! Үүсээд байгаа нөхцөл байдлыг Монголын ард түмэн, олон нийт, сонгогч олон, хэвлэл мэдээлэл, улс төрчид, улс төрийн намуудад хүргэх, ухааруулах, нүүрлээд байгаа аюул заналхийллийг анхааруулах, түүнийг зогсоох, тасалдуулах, бүрмөсөн устгах арга замыг хамтдаа эрэлхийлэхэд хэрэг болох болов уу гэж энэ нийтлэлийг яаран тэрлэв. Нийтлэлийн эхний хэсэг улаантны Монголыг засаглах зорилготой байгуулсан колонийн аппарат хэрхэн Монголын эх орончдын нэгдэл, Монголын тусгаар тогтнолын нам болон төрөл арилжаад буйг өгүүлнэ. Дараагийн хэсэг эзэн эрх, тусгаар тогтнол, ард түмний эрх, эрх чөлөө, ардчиллын тулгуур байгууламжуудын уялдаа холбоо, учир холбогдлыг өгүүлэх болно. Удаах хэсэгт МАН Монголын ардчиллын тулгуур байгууламжид хэрхэн эрээ цээргүй халдан, нурааж улс орныг МАН-ын даргын хуваарьгүй авторитари засаглалын босгон дээр аваачаад буйг өгүүлнэ. Эцсийн хэсэгт нүүрлээд байгаа аюул заналхийллийг бүрмөсөн устгах, ардчиллаа сэргээх, ард түмэндээ эзэн эрхийг жинхэнэ утгаар нь эдлүүлэх хууль болсон арга замыг санал болгох болно. Та бүхэн тэвчин уншиж, болгоон тунгаана уу.
Төрөл арилжих: Колонийн аппаратаас Тусгаар тогтнолын нам
Эх орончдын өдөр мэндэлж, Тусгаар тогтнолын ордонд орших МАН Монголын эх орончдын нэгдэл, Монголын тусгаар тогтнолын нам хэмээн сурталдах. Гэвч хэрэг дээрээ эх орончдын гэх өдөр нь их урвалтын өдөр, тусгаар тогтнолын гэх нам нь Монголыг засаглах зорилгоор Москвагийн байгуулсан, 1990-ээд оныг хүртэл Москвагаас удирдаж ирсэн, Монголын эх орончдын эрлэг байсан байгууламж. МАХН Монголынх ч байгаагүй, ардынх ч байгаагүй. Хэрвээ намыг бид үзэл санааны нэгдэл, эрх чөлөөт иргэдийн тэгш эрхт эвлэл гэж үзвэл МАХН нам ч байгаагүй, харин захиргааны аппарат л байсан.
Тодруулж хэлбэл Монголыг эрхэндээ оруулах, дэглэмээ тогтоох, дагуул, бамбай, хавсарга орон болгох зорилгоор улаантнууд МАХН хэмээх аппаратыг байгуулсан бөгөөд 1990-ээд оныг хүртэл удирдаж, түүгээр дамжуулан Монголыг хуваарьгүй захирч ирсэн юм. Зорилго нь Монголын тусгаар тогтнол, эзэн эрхийн эсрэг учир Монголын эрх ашгийг урдаа тавьж бие даасан хандлага, бодлого цухалзуулсан хэн бүхний эрлэг нь МАХН байв.
Монголын тусгаар тогтнолыг сэргээх зорилготой МАН гэж нам байгуулагдсан нь үнэн. Харин 1921 оны 3 сарын 1-нд Оросын нутагт Тройцкосавскт бус, 1920 оны 6 сарын 25-нд Монголын Нийслэл Хүрээнд. “Шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” хэмээн тангараглаж модон тамгаараа батламжилсан билээ. Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх үзэл санааны нэгдэл учир эх орончдынх ч, өргөсөн тангараг нь бүгдэд нэгэн адил тул тэгш эрхт эвлэл ч байв. Уг хэрэгтээ улаан Оросоос тусламж хүсэхээр Богдын бичгийг авч тэдний 7 нь 1920 оны зун умар зүгт зорчив. Харин улаантнууд тэдэнд (тэнгэрийн) бошгыг халах, Богдын засгийг устгах, ардын засаг тогтоох хувьсгалт буюу үндсэндээ коммунист нам болох нөхцөлийг тавив. Очсон долоо санал хуваагдав, хоорондоо ч муудалцав. Гудамжны хоёр талаар харилцан царай үл өгөн алхав. Улмаар Бодоо нар буцаж, Данзан нарын “ардын хувьсгалт бүлгийн төлөөлөгчид” цааш явав. Улаантнууд “ямар ч байсан (Монголын) үндэсний хувьсгалт элементүүдийг нь зохион байгуулж, тэднийг удирдах ажлыг гартаа авч, Монгол дахь нөлөөллөө бэхжүүлэхээр” шийдчихсэн байв. Энэ завсар улаантанд хөөгдсөн цагаантан 1920 оны намраас Монголд орогнох болов. Тэдний нэг, Барон Унгерн, Монголчуудын дэмжлэгтэйгээр Хятад цэргийг Хүрээнээс 1921 оны 2-р сарын эхээр хөөж, Жалханз Хутагт Дамдинбазараар тэргүүлүүлсэн Засгийн газраа Богд 2-р сарын 22-нд байгуулснаар, Монгол тусгаар тогтнолоо сэргэв. Бодоо ч “Унгерний … гараар гаминг зайлуулах бодлого тавьж” цагааны цэрэгт зүтгэж тусгаар тогтнолоо сэргээх хэрэгт зүтгэж явав.
Тусгаар тогтнол сэргэснээр Данзан нарын явдал утгагүй болов. Харин цагаантны Монгол дахь ноёрхол улаантны хувьд аюул, заналхийлэл. Цагаантныг устгах, нөлөөгөө тогтоохын тулд улаан цэрэг Монголд орох хэрэгтэй байв. Цагаантантай нөхөцсөн Монголын засгийн газар улаантныг урихгүй нь тодорхой, урилгагүй Монголд орвол улаантнууд БНХУ-ын нутаг дэвсгэрт халдсан болох нь илэрхий байв.
“Монголын ардын хувьсгалт урсгалыг тогтвортой намын хэлбэрт оруулахаар” нэгэнт шийдсэн байсан улаантнууд ЗОУ-ын тусламжийг хүлээн авч, Монголын нутаг дахь цагаантныг устгаж, Богдын засгийг түлхэн унагаж “бүгд найрамдах журамтай,” “ардын эрх бүхий засгийг байгуулах,” “байгуулсан засаг нь Зөвлөлт засаг бүхий Орос улсын хамгаалалд итгэн түших” буюу улаантны дагуул дэглэм Монголд тогтоох зорилго бүхий ардын хувьсгалт нам гэгчийг байгуулав. 1921 оны 3-р сарын 1–3 нд Оросын Тройцкосавск хотод ёслов. Монголыг эзлэх, Монголд улаан Оросын дагуул дэглэм тогтоох зорилготой МАХН хэмээх байгууллага ийнхүү байгуулагдав. Монголчуудад зориулсан фасад нь Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг нэр, Монголчуудад зориулсан нүүр царай нь Данзан нар байсан ч үүсгэн байгуулагч, эрх баригчид нь улаантнууд, тухайлбал, Н. Буртман, Ф. Гапон, Б. Шумяцкий, С. Борисов, Д. Цэдэн-Иш (Гочитский) нарын коммунистууд байсан бөгөөд Элбэгдорж Ринчино, Ж. Цэвээн, Ц. Баламсуу (Ванчиков) нарын Буриадууд ч оролцов. Байгуулсан зүйл нь Монголчуудын үзэл санааны нэгдэл ч байсангүй, Монголчуудын тэгш эрхт эвлэл ч байсангүй. Харин улаантны дэлхийн хувьсгалын машины өргөтгөл, салбар, Монголд хяналтаа тогтоох аппарат л байв. Зүйрлэвэл 1914 онд Сибирийн худалдааны банкны (Сибирский торговый банк) байгуулсан, Петроградад төвтэй Монголын үндэсний банк (Монгольский национальный банк) гэдэгтэй ижил зүйл. 1924 оноос эхлэн МАХН мэндэлсэн өдрөө тэмдэглэх болж, 2004 оноос МАН түүнийг эх орончдын баярын өдөр гэх болов. Улмаар улаантнууд Монголын хууль ёсны Засгийн Газраас “засгийн эрхийг булаан авах” зорилгоор “автономит Монголын Түр Засгийн Газар байгуулах шаардлагатай” гэж шийдвэрлэн 1921 оны 3 р сарын 13-нд Ардын Түр Засгийн Газар (АТЗГ) хэмээгчийг мөн байгуулав. “Оросын Засгийн Газраас томилсон Засгийн Газар” гэж харагдуулахгүй, харин Монголын юм шиг харагдуулахын тулд “уг Засгийн Газарт нэр хүнд бүхий хүмүүсийг оролцуулах” шаардлагатайг улаантнууд онцлон цохов. Гэхдээ Бүх Цэргийн Зөвлөл (Военный совет) хэмээх хүчирхийллийн бүх эрх мэдлийг атгасан Зөвлөлт дэглэмийн байгууллагыг байгуулж, түүний тэргүүлэгчээр Оросын харьяат Элбэгдорж Ринчиног томилов. Чухам Цэргийн зөвлөлийн тэргүүний хувиар 1924 он хүртэл Ринчино Монголын диктатор байв. Рыскулов ирж эрх мэдлийг нь булаасан юм.
Улаан Оросууд байгуулсан Засгийн газар гэгчдээ нэр хүнд бүхий хүмүүсийг оролцуулах зорилгоор Монголын Засгийн Газрын Ерөнхий сайд Дамдинбазарт бичиг явуулан “Барон Унгернийг Монгол газраас үлдэн гаргах”, “танай бие ба Хичээнгүй гүн (Цэрэндорж), Дүйнхарын Да Лам та гурав буюу, эс бөгөөс тэргүүн хоёр хүн яаран өдөр шөнөгүй довтлон ирж найрамдалтайгаар хэлэлцэх хэрэгтэй” гэх зэргээр ятгаж ч, шаардаж ч үзэв. Улаантнууд Цэрэндорж зартай урвагч гэдгийг маш сайн мэдэж байв. Гэтэл нэгэнт Монголын тусгаар тогтнол сэргэсэн учир Нийслэл Хүрээний нөхөд ч Данзан нарыг буцаж ирэхийг уриалсан нь ч тусыг эс олов.
Улаан арми улаантнуудын байгуулсан МАХН, АТЗГ-ийн хүсэлтээр “Өргөө рүү аян дайн” (“поход нар Ургу”) хийж, Нийслэл Хүрээг эзэлж, Монгол улсын засгийн газрыг татан буулгаж, засгийн эрхийг булаан авав. Богдыг ширээнд нь үлдээсэн ч, эрхийг нь хязгаарлаж засгийн хэрэгт хамаагүй болгов. Бодоог Ерөнхий сайд болгож, Да лам Пунцагдоржийг ч Дотоод яамны сайд, Магсар хурцыг Шүүх яамны сайд болгож Орост байгуулсан засгийн газраа Монголд суулгаж, Монголын юм шиг ч болгов. МАН нэрийг ч Монголчуудын хэрэглээнд түр үлдээв. Улаантнууд ийнхүү МАХН-ыг Монголд амжилттай суулгав. Данзан, Дамбадорж, Бодоо нар нүүр царай, хөсөг болж өгөв.
Гэвч Бодоо, Пунцагдорж ч бүү хэл, Данзан, Чагдаржав нар ч улаан хувьсгал ч хийх, улаантны сүүл ч болох бодолгүй байв. Эсрэгээр Бодоо мэт нь тусгаар тогтнолоо тунхаглаж, дэлхийн олон улстай нээлттэй харилцана гэж Хаалган дахь Америкийн консул Сокобиныг хүртэл урьж Хятад, Монголын хооронд зуучлуулах тухай дээрээ хүрэв. Тусгаар тогтносон Монгол бус харин Зөвлөлтийн дагуул л улаантанд хэрэгтэй, үнэндээ тусгаар тогтновол Зөвлөлт Оросын хувьд Монгол алдагдах нь ч тодорхой байв.
1922 онд Бодоо, Пунцагдорж, Чагдаржав нарыг буудав. Газар дээр нь зохион байгуулсан нь мэдээж Бүх Цэргийн Зөвлөл, түүний тэргүүлэгч Ринчино байсан бол Данзан, Сүхбаатар, Баваасан нар ч оролцов. 1924 онд Данзан, Баваасан нарыг буудав. Мөн л Ринчино зохион байгуулж Дамбадорж нар Бодоог устгахад Данзан нарын гүйцэтгэсэн үүргийг гүйцэтгэв. Мөн оноос эхлэн Москва, Коммунист интернационалаас МАХН-ыг Монголд газар дээр нь нягт удирдуулахаар Коминтерны төлөөлөгч гэгчийг томилов. МАХН-ыг Рыскулов, Амагаев, Райтер, Черномордюк, Кучумов нарын коммунистууд дараалан удирдав. Эд нар нь бүтэлгүйтсэн үед Москвагаас Шмераль, Элиава нарын этгээдүүд удаа ирж газар дээр нь асуудлыг шийдэж байв. Тэд Ленины 1921 онд Орост тогтоосон улаан намын засаглалыг МАХН-ын нэрээр тогтоов. Өөр бусад нам гарахыг хориглов. Оросын улаан нам Монголыг засаглагч цорын ганц улс төрийн хүч болон засаглалын монополоо тогтоов. МАН нэрийг арчиж, МАХН-ыг албажуулaв. Рыскуловын бичсэнээр “Коминтерны бүрэн эрхт төлөөлөгч МАХН-ын Төв Хороог удирддаг, харин Төв Хороо нь төр улсаа жинхэнэ ёсоор удирддаг” дэглэм тогтов. Ийнхүү улаантнууд МАХН-ын нэрээр Монголыг хуваарьгүй засаглах болов. Большевик суртлыг үл дагагчдыг системтэйгээр “цэвэрлэх” дайн өрнүүлж, баруунтан, зүүнтэн хэмээх ангилал нэвтрүүлж, 1928 он гэхэд Дамбадорж нарыг төдийгүй Цэвээнийг хүртэл баруунтан болгож “цэвэрлэв”. Ингэж МАН-ынхан, тэр бүү хэл 1921 оны 3-р сарын 1-ний МАХН-ынхан ч бүгд устгагдав, цэвэрлэгдэв. Улаантнууд шинэ утсан хүүхэлдэйнүүд элсүүлж, бэлтгэв. Өөрийн үнэт зүйлс, үзэл бодол нь төлөвшөөгүй, тиймээс дуулгавартай, боловсруулах, удирдахад хялбарыг нь тооцож ядуу хоосон, гэнэн залуу, эрдэм боловсролгүйг хөдөөгийн ардын дундаас түүв. Хэлэмгий доломгой хэдэн нөхдийг сонгож, өөд нь татсан нь Гэндэн, Бадрах, Шижээ, Лааган, Элдэв-Очир мэтэс бөгөөд заримыг нь КУТВ хэмээх Коммунист их сургууль зэрэгтээ сургаж сурталдаа боловсруулав. Зүүнтэн нэр хайрлаж тэднийгээ МАХН-ын Монгол шинэ нүүр царай ч болгов. Амагаев, Шмераль нар газар дээр нь гардан зохион байгуулав. Үүнээс хойш МАХН-ын Монгол удирдлагыг үргэлж дээрх шалгуураар бүрдүүлдэг болсон бөгөөд тэр нь ч МАХН-ын зохион байгуулалтын ДНК (DNA)-д буюу “генэнд” нь шингэсэн юм.
Чухам энэ байдлыг ч, МАХН-ын нэрээр улаантны тогтоосон дэглэмийн мөн чанарыг ч Монголын сэхээтнүүд гашуунаар мэдэрч,
“Түүх ёс төр шударга ухаан бүхнийг бас
Түлхэн унагаад хүнийг мал мэт болгож байна
Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж
Эсэн бусын ховч доншуучдыг урьж авчраад
Өөрсдөө мал мэт сажиллаж байна
Эрийгээ үхсэний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж Оросын өлмийг долоож байна” гэж буулгасан байдаг.
Хуваарьгүй засаглалаа тогтоосон МАХН Монголын нийгмийг улааны сурталд тохируулан өөрчлөх төдийгүй, улааны сурталд үл нийцэх буюу МАХН-ын, хувьсгалын, ядуусын дайснуудыг устган хөнөөв. Зүүнтнүүд анхны Монгол улаан коммунистууд төдийгүй улаантны Монгол дахь хуваарьгүй засаглалыг хэрэгжүүлэгчдийн анхных нь ч байв. Улаантны хуваарьгүй засаглал хувьсгалын эсэргүү хэмээх бослого, Лхүмбийн, Гэндэн, Дэмидийн гэх мэтээр үргэлжлэх их хэлмэгдүүлэлт, сэхээтний төөрөгдөл, Төмөр-Очир, Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Цэнд нарын зэрэг хэргүүдийг дагуулав. Эдгээр нь Монголоо гэсэн бүхнийг залхаан цээрлүүлж, даран сөнөөсөн МАХН-ын гэмт хэргүүд. Ардын засгийн дайсан, хувьсгалын эсэргүү, намын эсрэг, намын дайсан гэх мэт тулгасан ял зэм нь хүртэл хэний эсрэг, хэн аллага, хядлага, цэвэрлэгээ явуулсныг хэлээд өгөх. Монголыг Зөвлөлтийн дагуул, бамбай, хавсарга болгохын тулд Монголд дэглэмээ тогтоох зорилгоор улаантнууд МАХН-ыг байгуулж, түүгээр дамжуулан Монголыг захирч ирсэн болно.
Зорилго, засаглалаа хэрэгжүүлэхийн тулд МАХН Монголын эх орончдыг системтэйгээр цэвэрлэн устгахын хамт суртал номлолоо дэлгэрүүлж Монголчуудыг ч номлолдоо оруулан улааны хувьсгалчид болгон хүмүүжүүлсэн юм. МАХН гаднын, улаантны, Зөвлөлтийн улс төрийн байгууллага, Монголыг Зөвлөлтийн дагуул, бамбай, хавсарга болгох зорилготой байгууллага, Монголд Зөвлөлтийн дэглэм тогтоосон, Монголд Зөвлөлтийн засаглалыг хэрэгжүүлсэн байгууллага.
Байгуулснаас 1990 он хүртэл МАХН-ыг Москва байнга удирдаж ирсэн бөгөөд түүний дотор 1940 он хүртэл газар дээр нь шууд удирдаж байсан бол, 1940-өөд оноос хойш улаан Монголчуудаар дамжуулан удирдаж, Монголыг засаглаж байсан юм. Монголд улаан Оросын засаглал, дагуул дэглэмийг тогтоож, Монголын тусгаар тогтнолыг бусниулж, Монгол эх орончдыг хөнөөсөн улаантны байгууллага бол МАХН. Чухам эл учир тусгаар тогтносон Монголд орших учиргүй, устгалд орох ёстой байгууллага. Гэтэл энэ байгууллага эдүгээ Монголын эх орончдын нэгдэл, Монголын тусгаар тогтнолын нам болон дүрээ хувиргаж. МАХН нэрээ халж, МАН нэртэй болж. Гэвч мэндэлсэн өдөр нь хэвээр, Оросын Тройцкосавск хотод улаан коммунистуудын байгуулсан МАХН-ын өдөр. Бүр эх орончдын өдөр болгон хуульчилж. Эдүгээгийн МАН өөрсдийгөө эх орончид, тусгаар тогтнолын нам гэж сурталдаж буй хэрэг. Их урвалтын өдөр эх орончдын өдөр, эх орончдын эрлэг эх орончид болж, Монголын тусгаар тогтнолыг бусниулагч тусгаар тогтнолын нам болж. Төрөл арилжиж.
Нэрээ МАН болгосныг нь харвал 1920 оны 6-р сарын 25-нд Нийслэл Хүрээнд байгуулагдсан нам гэх гэж гэж тааж болох. Гэвч энэ тийм биш. Монголын түүхчид муу ч МАН нэрийг сэргээ гэчхээд МАН-ын байгуулагдсан өдөр 1921 оны 3-р сарын 1 гэх нь нэг ч үгүй. Тиймээс МАХН нэрээ МАН болгосон нь өөр учиртай нь ойлгомжтой. Хувьсгалт гэгч коммунист л гэсэн Монгол үг.
Ардчиллын жилүүдэд Монголын сонгогч олон коммунист дарангуйлал, коммунистуудыг үзэн ядах болсон. Чухам энэ учир л коммунист биш гэх гэж л хувьсгалт гэдгээ хаясан төдийгүй зүсээ хувиргаж эх орончид, тусгаар тогтнолын нам гэж төрөл арилжсан хэрэг. Зөвлөлт улс задарч, улаантнууд бууснаар МАХН зоргондоо хаягдаж, нэгэн үе хоосон чанар энэ тэр гэж нисэж яваад буусан нь тусгаар тогтнол, эх орон биз. Үзэл онол, суртлын хувьд коммунизмаас зугтах гэсэн нь л тэр. Хэрвээ хэн нэгэн түүхч зөвлөсөн бол МАХН-ын эрх баригчид 1921 оны 3-р сарын 1-нийг мэдсээр байж сонгосон хэрэг. Монголын эх орончдыг тохуурхан доромжлох, Данзан нарын их урвалтыг магтан дуулах гэсэндээ бус харин улааны суртлыг умартсан ч, улаан Оросын зохиож өгсөн үлгэрт биширдгийнх нь байх. Угаасаа байгуулагдсан, уламжлал болгон тэмдэглэж ирсэн өдөр нь ч, нам нь ч тэр улааны байгуулсан МАХН, уламжлал, улс төрийн хүч хоёр нийснийх биз. МАХН-ын жишээ бол нам, бүлэг гэгч аппаратаар дамжуулан улс орныг хөндлөнгөөс засаглаж, үзэл номлол, суртлаар улс үндэстнийг мунхруулж ирсний гашуун түүх. Энэ гашуун түүхээс сургамж авч, ийм нөхцөл байдал үүсэх үүд, сүвийг хаах нь эцсийн эцэст Монгол улсын, Монголын ард түмний эрх, эрх чөлөөг хамгаалах төдийгүй Монголын ард түмэн өөрсдийн хэргээ өөрсдийн эрх ашгийн үүднээс өөрсдөө шийдэж, өөрсдийн эх орондоо, хувь заяандаа эзэн байх явдлыг хангах тухай асуудал юм.
Шийдвэр гаргах эрх мэдэл: Эзэн эрх, Эрх чөлөө, Тусгаар тогтнол
Тусгаар тогтносон байхын, өөртөө эзэн (sovereign) байхын амин сүнс нь шийдвэр гаргах эрх мэдэл. Ардчилсан дэглэмд ард түмэн төр улсын эзэн байх ёстой бөгөөд ард түмний шийдвэр эцсийн, дээд шийдвэр байх учиртай. Энэ нь ард түмэн хэдий чинээ эрх чөлөөтэй байна, төдий чинээ өөртөө эзэн байж, улс орон төдий хэрээр эрх чөлөөтэй, тусгаар тогтносон байна гэсэн үг. Тиймээс ардчилсан улсын хувьд амь мэт эрхэмлэн хамгаалaх учиртай зүйл нь ард түмний эрх, эрх чөлөө. Ард түмэн эрхтэй, эрх чөлөөтэй байх, эзэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр, арга зам нь үндсэн хуульт дэглэм. Үндсэн хуулиар ард түмэн эрх, эрх чөлөөгөө хуульчлах төдийгүй, төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хувааж, тус бүр өөр өөр байгууллагад хуваарилж, тэдгээр байгууллагыг эрх мэдлийн хувьд нэг нь нөгөөдөө захирагдахгүй байхаар харилцан хамааралгүй болгон салгаж, улмаар нэгийг нь нөгөөгөөр нь харилцан хазаарлаж, эрх мэдлийг нь тэнцвэржүүлэх замаар төрийн эрх мэдэл нэг байгууллага, нэг этгээдийн гарт төвлөрөх боломжийг хаах замаар уг эрх, эрх чөлөөгөө батлан хамгаалдаг. Тиймээс үндсэн хууль нь ард түмний эрх, эрх чөлөөний биелэл, баталгаа.
Үндсэн хуулийн өөр нэг үндсэн функц нь ард түмэн эзэн эрхээ ардчилсан зарчим, арга замын дагуу хэрэгжүүлэх төрийн болон улс төрийн тогтолцоог байгуулж, ард түмний шийдвэр төрийн шийдвэр болж байх явдлыг хангах явдал. Тиймээс үндсэн хууль нь ард түмэн эзэн эрхээ хэрэгжүүлэн засаглах үндсэн байгуулал. Ардчилсан улсын хувьд үндсэн хуульт тогтолцоогоо улам бүр ардчилах замаар Монголын ард түмэн эзэн эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь эцсийн эцэст Монгол улс тусгаар тогтнол, эзэн эрхээ батлан хамгаалж байгаа хэрэг.
Ард түмэн эзэн эрхээ хэрэгжүүлэн өөрсдөө өөрсдийгөө засаглаж, өөрсдийн хэргээ өөрсдөө эрхлэх үндсэн арга нь өөрсдийн дундаас зохих этгээдийг тодорхой хугацаагаар сонгож, эрх мэдэл олгон, өөрсдийн хэргийг итгэмжлэн бариулах, сахиулах, эрхлүүлэх явдал. Тиймээс сонгууль хэдий чинээ ардчилсан байна, төдий чинээ Монголын ард түмэн эзэн эрхээ хэрэгжүүлж, тэр хирээр ард түмэн шийдвэр гаргаж, тэр хирээр Монголын тусгаар тогтнол хангагдсан, хамгаалагдсан байна. Эл учир ард түмэнд эзэн эрхээ аль болох эрх чөлөөтэй эдлэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд сонгуулийн тогтолцоогоо ардчилах нь Монгол улсын амин эрх ашиг. Эрх чөлөө, ардчилал нь өөрөө үзэл бодол, гүн ухаан, шашин, ёс суртахуун, соёл, уламжлал, зан заншил гэх мэтийн эрх чөлөө, ардчиллыг төрүүлдэг учир аливаа эрх чөлөөт, ардчилсан нийгэм үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагын олон ургал, олон төрөл зүйлийн өлгий байдаг. Чухам үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагын эрх чөлөө, ардчиллын улмаас улс төрийн нам бүлэглэлүүд ч үүсдэг. Улс төрийн нам, бүлэглэлүүд нь ард түмэн төрийн эрх барих, эзэн эрхээ хэрэгжүүлэх суваг болох тул аливаа ардчилсан улс орон тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, эзэн байхын тулд энэ суваг аль болох дардан, чөлөөтэй байх ёстой юм. Чухам эл учир эрх чөлөөтэй ардчилсан улс оронд иргэн бүр үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэх, жагсан цуглах эрхтэй, эрх чөлөөтэй байх, улмаар энэ суурь эрх, эрх чөлөөг хангасан улс төрийн системтэй байх ёстой.
Эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол, эзэн эрх эрхэмлэдэг хэн бүхэн энэ суваг, системийг аль болох, дардан, чөлөөтэй байлгахын төлөө байх ёстой. Учир нь энэ нь иргэдийн улс төрийн эрх буюу иргэд, ард түмэн эзэн эрхтэй байх эсэхийн тухай асуудал юм.
Үгээ хэлэхгүйгээр, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа илэрхийлэхгүйгээр, нэвтрэлцэхгүйгээр үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагын эрх чөлөө, ардчилал, энэ утгаараа улс төрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, эзэн эрх орших боломжгүй. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй бол үзэл бодол, итгэл үнэмшил, эрх чөлөө үгүйтэй адил. Энэ үгүй бол ард түмэн, иргэд, сонгогчид, улс орон үгүйтэй адил. Учир нь үгээ хэлэлцэж, үзэл бодлоо нэвтрэлцэж, солилцож байж нийгмийн, ард түмний нийтлэг үзэл санаа, чиг хандлага тогтох. Чухам ард түмэн оршихын тулд, эрх чөлөөтэй, ардчилсан байхын тулд л иргэд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах эрхтэй, эрх чөлөөтэй байх. Иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нэвтрэлцэх үндсэн хэрэгсэл нь хэвлэл, мэдээлэл. Тиймээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөө нь ардчилсан, эрх чөлөөт нийгмийн тулгуур инститүц. Эл учир хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг бэхжүүлэх хамгаалах нь Монголын суурь эрх ашиг. Үндсэн хууль, ардчилсан сонгууль, олон нам бүхий улс төрийн систем, эрх чөлөөт хэвлэл мэдээлэл энэ бүхэн нь эцсийн эцэст улс үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнол, эзэн эрхийн асуудал юм. Эл учир эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, эзэн байна гэдэг нь бүх талаар, бүрэн утгаар улаантны Монголд МАХН-аар тогтоосон дагуул дэглэмийн эсрэг байна гэсэн үг. Тиймээс Монгол улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх чөлөө, эзэн эрхийг эрхэмлэгч Монголын улстөрч бүхэн, Монголын улс төрийн нам бүхэн ардчиллыг аль болох хөгжүүлэх, хамгаалахын төлөө байх ёстой юм. Тэр тусмаа одоо манай эх оронч, тусгаар тогтнолын гэх нам энэ бүхнийг хэрхэн хамгаалж, хэрэгжүүлж буйг харж МАН үнэхээр Монголчуудын эх орон, Монголын тусгаар тогтнол, Монголчуудын эзэн эрхийн төлөө байна уу үгүй юу гэдгийг харья.
Төр бусниулах
МАН ялбал Л.Оюун-Эрдэнэ Ким Жон Ун болно
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27