Сүүлийн 30 жилийн монголын улс төрчдийн онол суртахууны үндэс нь төрийг жигших үзэл байсан гэхэд хилсдэхгүй. Төр өмчтэй байж болохгүй, төр бизнес хийж болохгүй, төр бол дарангуйлагч гэх үзэл санааг хүчтэй сурталчилж бүх нийтийн оюун санаанд шингээж амжив. Төрийн өмчийн тухай асуудлыг одоо их шүүмжилдэг болж.
Тэгвэл: Төр муу менежер гэдэг уриан дор өмчийг эзэнтэй болгоно гэж их, бага хувьчлал явуулсан. 1990 онд 110 мянган ажилчинтай 1000 шахам үйлдвэр ажиллаж тухайн үед жилд бэлтгэж байсан 5-6 сая арьс ширийг 100% бүрэн боловсруулж, жилд 3,5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас, 200 мянган нэхий дээл, эдлэл үйлдвэрлэж, хаягдлыг 100 хувь дахин боловсруулж байлаа. Одоо хаачив. Өмч эзэнтэй болов уу? 255 нэгдэл, 52 САА, тэжээлийн 20 аж ахуй, эмчилгээ-тэжээлийн 250 цэг, нэгдэл дундын амралтын газар 50, цагаан идээний 51 үйлдвэр, сүү-тосны 400 завод, эхчүүдийг амраах, амаржуулах 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа саравч 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан 25-ыг хувьчилсан байна. Бас хайчив.
Сүүлийн үеийн асуудлууд л гэхэд:
Нийслэлийн зорчигч тээврийн асуудлыг хувийн хэвшлийн автобус компаниуд яаж баллаж, хөрөнгө оруулалтыг яаж гажуудуулж байсан нь саяхнаас ил тод болж байна. Барилгын хувийн компаниуд улс төрчид, төрийн албан хаагчдыг хахуульдаж яаж дураараа аашилж нийслэлийг сургууль цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолгүй, чанарын баталгаагүй бетонон ширэнгэ болгосныг нийтээрээ шагшин ярьж л байгаа биздээ. Түгжрэлийн үндэс нь энэ шүү дээ. Хувьд очсон шатахуун импортлогчид үгсэн хувалдаж улс төрийн тоглоомд оролцож болдгийг бид бас хальт харсан. Дотоодын нефть импортлогчид хөнгөлөлттэй зээл авч хугацаагаа сунгуулах зэргээр туйлдаг хэрнээ Засгийн газарт улс төрийн зорилгоор шахалт үзүүлж, зохиомол хомсдол үүсгэсэн тухай саяхан бид ярьцгааж л байсан. Газрын хэвлийн баялгаа лиценз нэрээр хувьчилснаас юу болж байгааг бүгд л сонсож мэдэж суугаа.
Одоо гурил үйлдвэрлэгчдийн асуудал яригдаж эхэллээ. 1 тн улаанбуудайг 900 сая төгрөгөөр авсан гурил үйлдвэрлэгчид 3000 төгрөгөөр борлуулж байна. Гурил үйлдвэрлэгчид тариалах, үйлдвэрлэх бүх шатандаа монголын төрөөс хөнгөлөлт тусламж авсан хэрнээ төрийг ард түмэнтэй нь дарамталж байна. Эмийн компаниудын хуурамч эмийн асуудал ч босч ирэх юм шиг байна.
Тэгтэл бүх намын мөрийн хөтөлбөрт төрд юу ч үлдээхгүй хувьчлах асуудал яригдаж байна. Эрх баригч намын дарга, өнөөгийн Ерөнхий сайд, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй гэж дуугарах боллоо. Энэ бол төр ард түмэндээ үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр болохоос бизнес биш шүү. Төрийн мэдлийн үйлдвэр аж ахуйн газрын ажилтнууд бол төрийн үйлчилгээний албан хаагчид. Төрийн өмчинд байсан аж үйлдвэрлэлийн зорилго бол мөнгө ашиг олох явдал огт биш байсан юм. Харин өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах, хүмүүсийг ажил орлоготой, улс орон өөрийн бие даасан үйлдвэрлэлтэй, гаднаас хараат биш байлгах нь л гол зорилго, гол ашиг нь байсан юм. 100 сая төгрөгийн зардал гаргаад 100 сая төгрөгийн орлоготой байвал төрийн өмчийн үйлдвэрлэл яах ч үгүй ажилчид нь цалингаа аваад л, хэрэглэгчид нь бүтээгдэхүүнээ хэрэглээд л хэвийн ажилласаар байна. Харин үйлдвэр хувийн өмчинд байвал мөнгөн ашиг эзэнд нь унахгүй учраас үйл ажиллагаагий нь зогсооно. Ийм шалтгаанаар хувьчлагдсан үйлдвэрүүд дампуурч олон мянган хүн ажилгүй болж ядуурлын ангалруу унасан.
Дэлхийн олон оронд стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл, үйлчилгээ нь төрийн мэдэлд байдаг юм билээ шүү. Хувийн хэвшилд очсон үйлдвэр аж ахуйн дотоод хэрэгт төр оролцох боломжгүй. Тиймээс тэд хүчрэгдэхгүй дураар авирлаж байна. Харин төрийн мэдлийн албан хаагчидаа бол захирах бүрэн боломжтой.
Төрийг мөнх байлгах тухай онол огт байхгүй. ШУКО-ын гол суурь нь төр мөхөх тухай онол юм шүү дээ. Түүнийг нь энэ хичээлийн МУИС-д заадаг байсан С.Зориг л мэддэг байсан. Үйлдвэрлэл хөгжиж, баялаг нэмэгдэж, нийгэм дэх шударга бус байдал арилж иргэдийн ухамсар дээшлэхийн хэрээр төрийн үүрэг алгуур аажмаар буурч бүх нийтийн өөрөө удирдах ёсонд шилжинэ гэсэн онол байдаг юм. Шударга бус байдал ноёрхсон өнөөгийн нөхцөлд төр харин ч хүчтэй байх ёстой. Төрийг мөхөхийг хүлээлгүй устгах гэж зүтгээд байгаа нь өөр зорилготой. Төрийг өмчгүй, хүчгүй болгох нь хэнд хэрэгтэй вэ гээд бодоод үзээрэй.
Д.Энэбиш
Төр өмчтэй, хүчтэй байх ёстой! |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27