Гадны мэдээ мэдээллийн агентлагууд хоёр өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдыг АНУ-ын Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан гэх мэдээллийг нэг өдөр нэг цагт зэрэг шахуу цацав.Түүнийг нь манай дотоодын ТВ, сайтууд өлгөн авч, санаатай санаандгүй буруу зөрүү орчуулан нийтэлсэн нь хоёр хоног олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Нэг талаас манайхан тэрийг мэдээ гэдэг талаас нь харсан байх. Харин нийтлэхдээ уг мэдээлэл үнэн үү, хаанаас ямар зорилгоор хэн тараав, энэ нь хэнд ашигтай вэ, юунд зориулсан мэдээлэл вэ гэдгийг шалгаж нягтлах сэтгүүлзүйн зарчмаа орхигдуулчихав. Эсвэл хандалтын төлөө улайраад тоосонгүй юу, ямартай ч нягтлах шалгахад анхаарсангүй.
Хэвлэлийн хуудсыг эргүүлж, он цагийн түүхийг сөхөж харвал, сүүлийн жилүүдэд гаднын хэвлэлд бичигдсэн Монгол Улстай холбоотой мэдээлэл дунд Сү.Батболдын талаар цөөнгүй мэдээ гарчээ. Англид байр худалдаж авсан, оффшор данстай гэх мэдээг гаднын хэвлэлүүд 2016 оноос хойш үе үе давтамжтайгаар дэлгэж, түүнийг нь дотоод хэвлэлүүд шүүрэн авч улстөржиж ирсэн.
Мэдээлэл гарч ирж буй цаг хугацааны давтамжийг харвал Монгол Улсын Их Хурлын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэж байдаг нь сонирхол татна. Цаашилбал, үүний цаана тусгаар тогтносон улс орны сонгуульд гаднын хэвлэлүүдийг ашиглаж буй ноцтой асуудал ч цухалзаж буйг ажиглаж болохоор.
Нэг жишээ дурдъя, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Нью-Иоркийн шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор дансны асуудлыг “Эрдэнэт” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гомдлоор шалгаж байгаа тухай дуулиан дэгдэж байв.
Гэвч хоёр сар үргэлжилсэн энэ дуулианд цэг тавигдсан. Монгол Улсын иргэн, “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах ажилтан Ж.Майзориг тэргүүтэй нөхөд 492 хуудас гүтгэлэг цуглуулан өндөр төлбөртэй, АНУ-д төвтэй хуулийн фирмд өгсөн. АНУ-руу ниссэн гэх гүтгэлэгт Нийслэлийн Прокурорын газрын Орлогч прокурор хүртэл оролцсон болох нь илэрч байв. Дэлхийн нэр хүнд бүхий хуулийн фирм ийнхүү төлбөртэй л бол мэдээллийг нягтлалгүйгээр түгээдэг болохоо харуулсан.
Одоо дэгдээд буй дуулиан ч дээрх технологийн үргэлжлэл болох нь тодорхой байх шиг. Тухайлбал, Сү.Батболд Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр ч орон сууц худалдаж авсан болохыг мэдээлсэн гэх АНУ-ын эрх баригчид мэдээллээ нотолсонгүй. Өнөөдөр АТГ болон цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах газруудад Сү.Батболд гэдэг улстөрчтэй холбоотой ямар нэгэн хэрэг шалгагдаагүй байна.
Эндээс Сү.Батболдын хууль бус байрууд Нью-Йорк хотод байдаг бол нотлох баримтыг яагаад Монгол Улсын хууль хяналтын байгууллага, АТГ, УЕП, Мөрдөн шалгах тусгай албадад өгөөгүй вэ гэдэг асуулт гарна. Хамгийн түрүүнд хянаж, шалгах ёстой газарт мэдэгдэх ёстой атал яагаад хэвлэл мэдээллээр түрүүлж цацаад байна вэ гэдэг сонин. Арай барууны орнууд, хэвлэл мэдээллүүд нэг улсын дотоод хэрэгт оролцоод байгаа юм биш биз?
Хэдхэн сарын өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухай хуурамч мэдээлэл гаднын хэвлэлээр гарч байсан. Энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Монгол Улсын нөлөө бүхий улстөрчийг барууны хэвлэлүүд ямар өнцгөөр хараад байна вэ? Зуун жилийн өмнө Монголын улстөрчдийн хувь заяаг харь оронд шийддэг байсан бол одоо дахин гадаадад шийддэг болж, байр сууриа өөрчилж байгаа юм биш биз. Барууны хэвлэлд гарсан болгон үнэн байдаг хэрэг үү гэсэн олон асуулт дээрх хэрэг явдлыг даган гарч ирж байна.
Бид яг одоо дэлхийг хамарсан үзэл суртлын томоохон дажин дунд амьдарч буй. Дэлхийн дэг жаягт гарч буй өөрчлөлтийг дагасан талцал хуваагдал, тэнцвэргүй мэдээллүүд гаднын хэвлэлүүдээр өдөр бүр цацагдаж байгаа. АНУ, Хятадын худалдааны тэмцэлээс эхлээд НАТО, БРИКС-ийн байр сууриуд, Орос-Украины нөхцөл байдлыг өгүүлсэн мэдээллээс үнэнийг хайхад бэрх болсон. Хэвлэлүүд өмнөхөөсөө илүү үзэл сурталжиж, нийгэм, улс төрийн хагаралыг дэвэргэж, худал мэдээлэл тараах эх үүсвэр болох нь түгээмэл ажиглагдах болсныг мөн хэлэх хэрэгтэй байх.
Иймэрхүү хэт нэг талыг барьсан баригдмал мэдээлэлд зөвхөн монголчууд л итгэж суугаа юм биш биз. Хил давуулан шидсэн чулуу, хуучирсан, олон нийтэд ил болсон технолгийг дахин дахин ашиглах сонирхол хэнд байна вэ. Барууны хэвлэлд гарсан бүхэн үнэн гэдэгт хэдий болтол итгэх вэ? Аливаа асуудал, элдэв мэдээллийг дагаж хошуурахын өмнө хувийн зүгээс ингэж “тестэлж” үздэг болчихвол бид худал мэдээлэлд тархиа угаалгахгүй. Талцал туйлшралын золиос болохгүй сэн.
Гадны хэвлэлд гарсан бүхэн үнэн гэдэгт итгэсээр байх уу! |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27