УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.04.03) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан хэмээжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага болон олон улсын сайн туршлагыг тандан судалсны үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анхдагч хуулийн төслийг дараах байдлаар боловсруулжээ. Үүнд:
Хуулийн төслийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд нийт 5 бүлэг, 16 зүйлээс бүрдэх аж.
Нэгдүгээр бүлэг. Хуулийн зорилт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан.
Хоёрдугаар бүлэг. Үндэсний баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх буюу Улсын Их Хурал, Засгийн газар болон төрөлжсөн сангийн шууд удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг зохицуулсан.
Гуравдугаар бүлэг. Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн төвлөрүүлэх, түүний зориулалт, зарцуулалтын талаар нарийвчлан зааж, мөн сангийн орлогыг төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийн зохион байгуулалтын зарчмыг тодорхойлон үндэсний баялгийн сангийн тогтвортой байдлыг хангах зохицуулалтын талаар тусгасан.
Дөрөвдүгээр бүлэг. Сангийн нягтлан бодох бүртгэл, ил тод байдал, хяналт хэрэгжүүлэх журмын талаар тусгасан.
Тавдугаар бүлэг. Бусад зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон хууль хүчин төгөлдөр болох тухай зохицуулсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27