“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэллээ.
Түр хороо өнгөрөгч оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, гурван хоногийн үйл ажиллагааны хөтөлбөр, сэдвийн дараалал болон эдгээр сэдвүүдийн хүрээнд хөндөх асуудлыг нэг бүрчлэн танилцууллаа. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэг, бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Сонсголд ажиглагчаар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар оролцож байгаа юм. Урилгаар сонсголд Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. Үүний хүрээнд хүртээмж, эмийн үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримт, гэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт тайлбар авч байна.
Сонсголыг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Түр хороо хяналт шалгалтын ажлынхаа хүрээнд хэрхэн ажилласан талаар товч танилцуулгыг хийв. Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн www.emiinsonsgol.mn, www.parliament.mn цахим хуудсууд болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авсан байна. Үүний хрээнд иргэдээс эдгээр асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 ширхэг файл болжээ. Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллах бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр Эм зүйн салбарын ерөнхий мэдээллийг шинжээч танилцуулж, хүртээмж, үнэ болон эмийн чанарын талаар иргэн Н.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга, мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ж.Даваалхам, нийгэмд үйлчлэх “Наран ижий заяа” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Ариунаа, “Элэгний B, D вирустэй тэмцэгчид” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэрмаа, B, D вирустэй иргэдийн төлөөлөл Б.Буянтогтох, эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн М.Өлзийбаяр, уналт таталттай өвчтнүүдийн төлөөлөл О.Хонгор, чихрийн шижинтэй өвчтнүүдийн төлөөлөл Г.Жаргалсайхан нар тайлбар өгч байна.
Түүнчлэн өнөөдрийн сонсголоор эм зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэх үйл ажиллагаанд гарч буй гажуудлын талаар Энэрэл сургуулийн жишээн дээр хянан шалгагч тайлан дүгнэлт хийнэ. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон эдгээр зохицуулалтуудад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, мөн төрийн байгууллага дахь эм хангамж эрхэлсэн байгууллагын хамаарлын талаарх тайлан дүгнэлтийг хянан шалгагч нар танилцуулж хэлэлцүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Эмийн үнийн өсөлтийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр 41 гэрчийг сонсоно |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04