Хүн бүр геополитик мэдэх албагүй. Гэхдээ монголчуудын хувьд арай өөр. Учир нь мөнхийн хоёр хөрштэй. Орос, Хятадын дунд хавчуулагдсан газар зүйн байрлал геополитикийн нэн чухал онцлогийг үүтгэдэг. Тийм болохоор монголчууд геополитик мэдэх албагүй ч мөнхийн хоёр хөрштэй гэдгээ ядаж санах учиртай.
Мэдээж маргаан дагуулдаг сэдэв. Монголчууд хятадуудад дургүй. Хойд хөршдөө дуртай тал бий ч хэт найзархах бололцоогүй, тэдэнд биднийг боох, барих өндөр ашиг сонирхол бий. Ийм ч болохоор мөнхийн хоёр хөршийг чухалчлан ярих бүрд нэг бол “Путлер”, эс бөгөөд “Хужаагийн эрлийз” нэр зүүх нь элбэг.
Харин ямар хүмүүст монголчуудыг мөнхийн хөрштэй нь дайсагнуулах эрх ашиг байж болох вэ. Тэд бол ирээдүйн хувь заяанд “Путлер”, “Хужаагийн эрлийзүүд”-ээс ч хор хөнөөлтэй хүмүүс гэдгийг харин тийм нэр зүүгээд ч хамаагүй хэлж, сануулж баймаар.
“No Naadam”-аас “No War” луу
Ковид-19 цар тахлын дараа наадам хийхгүй гэж “No Naadam” хөдөлгөөнийхөн гарч ирсэн. Талбай дээр суулт хийгээд л. Жаал морьтой улс жагсаад л. Түүнээс хойш “No” тодотгол бүхий “No War”, “No Double Standard” нэртэй хөдөлгөөн улс төрийн шинжтэй активизмд гаршсан.
Тэдний хамгийн идэвхэжсэн үе нь ОХУ Украин руу дайрснаар эхэлсэн байдаг. Украины далбаа барьсан хэсэг хүмүүс үе үе жагсаал, цуглаан хийх болсон. Үндсэн үйл ажиллагаа нь энэ гэж харагддаг. Харин заримдаа ардчилал, хүний эрх ярьдаг. Гэхдээ ярих бүрдээ үндэсний ашиг сонирхолд халтай үг хавчуулж байдаг.
Нэг үгээр Украины талыг дэмжигчид гэсэн үг. Нөгөө үгээр ОХУ-ын эсрэг байр суурь баримтлагчид. Үүгээрээ ардчилалд үнэнч үзэл санаатнууд тэднийг гэнэхнээр дэмжих талтай.
“No Naadam” анх наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байв.
Дараа нь “No Double Standard” нэрээр жагсахдаа Засгийн газрын эсрэг дуугарч эхэлсэн. Гэхдээ бодит шалтгаангүй. Харин дуугарах бүрдээ хойд хөршийг муулах талтай. АН-аас Д.Монголхүү оройлон оролцож, хөдөлгөөнийг анх олны анхааралд оруулж өгсөн. Харин олонд танигдсан хөдөлгөөний хэрэг чухамдаа Украины дайн дэгдсэнээр гарсан.
“No War” латин үсэгт шилжих талаар ярьж, жагсаалд турхирах болов
Цар тахлаас хойш бага багаар эрчимжсээр Украин руу ОХУ дайрсны дараа “No War” хөдөлгөөний залуус санхүүжилттэй гэмээр бэлтгэгдсэн уриа лоозон барьж, олон өдөр хоног ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсав. Дипломат харилцаанаас гадуур хэлбэрээр, Украинчуудад мөнгө цуглуулах санаачилга гаргасан. Гэрэл зургийн үзэсгэлэн ч нээсэн.
Хэрсүү хүмүүс “No War” хөдөлгөөний лоозон, постер, гэрэл зургийн үзэсгэлэнгийн хаяг реклам зэрэг нь бэлтгэгдсэн стандартын дагуу мэт хийцтэй, “Mongolia” гэж заавал онцлон бичдэг гэж ярьдаг. Дизайн талдаа шүү дээ, хэсэг залуусын санаачилж, өөрсдөө хийж загварчилж байгаа ажил гэхээсээ тогтсон стандарттай, ханган нийлүүлэлттэй мэт харагддаг.
Сүүлдээ хачин сонин юм дуугарах болсон. Жишээ нь, нэг удаа “No War” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийхдээ “Үндэсний гашуудлын өдөр маргааш болно” гэж яриад, түүнийгээ хийгээгүй. Дараа нь нэг ярихдаа, “Кирилл үсэг гадаад ертөнцөд бидний онцлогийг илэрхийлж чаддаггүй. Гадаадууд хараад орос үсэг байна гэдэг. Тэгэхээр бид одоо латин цагаан толгойд шилжих нь зүйтэй” гэж эрс мэдэгдсэн.
Дайны үед дайны сэдвээр танигдчихаад энгийн үед бичиг үсгийн агуулгаар ярьж, кириллээс татгалзаж латинд шилжих хэрэгтэй гэж омойтсон нь тухайн үед гайхшрал төрүүлж байлаа. “No War” хөдөлгөөнийг ид бичиг үсэг ярьж, барагтай долоо хоногт заавал нэг удаа хэвлэлийн бага хурал хийдэг болох үеэр “элийрэгч” хочтой Г.Уянга эгнээнд нь нэгдсэн байдаг.
Д.Монголхүүгийн ээж АНУ-д олон жил амьдарч байна. Харин Г.Уянга Америкт очиж, Д.Монголхүүгийн ээжтэй уулзаж ирэнгүүтээ Монголд жагсаал зохион байгуулна гэж мэдэгдсэн нь 2023 оны арванхоёрдугаар сард юм. Г.Уянга тэр үед АНУ дахь IDU гэж байгууллагын хуралд суусан. Тэр байгууллага нь “Монголд ардчилал гажуудаж, үнэгүйдэж байна” гэсэн агуулгаар ТОГТООЛ баталсан байдаг. Энэ тогтоолыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр хуудастаа мэдээлэн сурталчилсан удаатай. Г.Уянга, Д.Монголхүү хоёр ийн жагсана гэж мэдэгдээд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зургийг тавьж зар тараасан ч жагсаагүй, олны анхаарал татаж чадаагүй.
С.Эрдэнийн хүү Э.Одбаяр л хөдөлгөөний тэргүүн мэтээр хэвлэлд ярилцлага өгдөг. Баривчлагдаад ч гарч ирсэн удаатай. Тэр бол хөдөлгөөнөө “Гаднын санхүүжүүлэгчгүй” гэж хэлдэг. Гэхдээ ямар ч улс төр, активизмын карьергүй явсан Э.Одбаяр, Д.Монголхүү нарын хүмүүс гэнэт яагаад гарч ирэв. Хөдөлгөөн байгуулав. Урт хугацаанд тогтвортой, идэвхтэй байж чадав. Үүнд нь баруунаас санхүүждэг гэж хардагддаг “элийрэгч” Г.Уянга, бүр Ц.Элбэгдоржийн ч дэмжлэг “үнэртэх” болов гэдэг нь анхаарал татсаар ирсэн.
Жижиг орнуудад активизм хийх барууны нөлөө
Хүйтэн дайнаас өмнө дэлхий хоёрхон туйлд хуваагдаж байлаа. Гэвч ЗХУ бутран унаж, АНУ дэлхийн тавцанд ялалт байгуулсан. Мэдээж их гүрний жанжлах бодлого нь бий, тэдэнд ямар ч үнээр хамаагүй Зөвлөлтийг ялах туйлын ашиг сонирхол байв. Тийм болохоор өмнө нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудыг ОХУ-ын эсрэг турхирах, өөртөө татах, тэнд ардчилсан (АНУ маягийн ардчилал) үзэл санааг зориудаар сурталчлах дэлхийн хэмжээний кампанит ажил өрнүүлсэн. Гол бай нь мэдээж Украин байв. ОХУ хэдий өргөн уудам газар нутагтай ч далайд гарцтай байх ганц боломж нь Крым дэх боомт (Оросын бүх боомт жилийн ихэнх улиралд хөлдүү байдаг). Иймд тавьж явуулж чаддаггүй. Харин АНУ Украинд үүрээ зассан. НАТО-д Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудыг элсүүлэх замаар нэлээд шахсан. Харин Украин өөрөө НАТО-д элссэн явдал ОХУ-ын хувьд улаан зураасыг давсан явдал болов. Ингээд дайрсан, гэвч амжилтгүй.
Нэг үгээр хүйтэн дайнаас хойш АНУ-ын тогтоон барих бодлого (коммунизмыг түгээн дэлгэрүүлэхгүй байх) манайх шиг орнуудад нэлээд хэрэгжсэн. Хүйтэн дайны дараа Милтон Фридман “Түүх төгслөө. Одоо дэлхийд Америкийн либерилизмаас өөр үзэл санаа, замнал үлдээгүй. Тийм болохор түүх төгссөнөөр өөрцгүй” гэж зарласан. Улмаар хөгжиж буй орнуудад АНУ-аас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ТББ байгуулах замаар өөрсдийн үзэл санааг суулган, сурталчлах болов.
Мөн ташрамд, ардчилал түгээх нэрээр дайн хийдэг гэж АНУ сүүлийн 30 жилд хамгийн ихээр буруутгагдаж байна.
Энэ жишиг манайхыг тойроогүй. Хэдийгээр 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж, гадаад бодлогоо бие даан явуулдаг болсноор сая нэг тусгаар тогтносон улсын хэв шинжтэй болсон ч яг энэ цаг хугацаанд дээрх түүх зэрэгцэн өрнөж байсныг санууштай. Гэтэл Монгол бол ОХУ-тай бүр хөрш зэргэлдээ орон. Иймд Ардчилсан хувьсгал өрнөх шинж дөнгөж мэдэгдэж эхэлснээс эхлээд л АНУ бидэнд илтэд анхаарах болж, барууны орноос элч төлөөлөгчид айлчилж ирэх болсон.
Украины дайныг эхлүүлсэн гол хүн гэгддэг Виктория Нуланд л гэхэд 1989 онд Монголд ирчихсэн явж байсан. Тэр үед Украин зүгийн хүн байв. Харин Украины ард түмний сонгуульд ялалт байгуулан сонгогдсон Ерөнхийлөгчийг түлхэн унагах, оронд нь Володимир Зеленьский суухад чухал үүрэгтэй оролцсон. Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын дэргэд ажиллах болсон хүн. Ноднин хавар Виктория Нуланд Монголд дахиад нэг ирсэн. Ирээд “No War” хөдөлгөөнийхөнтэй уулзсан гэдэг мэдээлэл бий.
Одоо ардчиллын “хараацай”-нуудаас зарим нь зүгээр л Оросыг муулагч, либерализмыг сурталдагч болж үлдсэн нь Д.Сосорбарам мэт юм. Тэр Украины дайны үеэр л ил гарч, нүүр лүүгээ гурил цацуулан барин Оросын эсрэг дуугарч байсан. Украин намжлаа, чимээгүй.
Төрийн тэргүүн явсан Ц.Элбэгдорж саяхан л олны анхааралд ороод буй болохоос дотоодын улс төрд ер байр сууриа илэрхийлэхээ байсан. Харин жиргээ бүрийнх нь агуулга Оросын эсрэг чиглэж, Америкийн байр суурийг хамгаалж байдаг. Гадаадад ийм концепцтэй хурал, зөвлөгөөнүүдийг ч ихээр хэсдэг экс Ерөнхийлөгч.
Сонирхолтой нь, "No War" Украины талыг дэмжин анхны томоохон жагсаал хийдэг өдөр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчуудыг төлөөлөн, мэдэгдэл хийсэн давхцалтай. Мэдэгдэлдээ "Бид үргэлж Украины талд" гэж дурдсан.
Эхэнд тавьсан асуултаа дахиад тавихад, Монголыг мөнхийн хөрштэй нь дайсагнуулах ашиг сонирхол хэнд байж болох вэ. Яагаад улс төрийн активизм хийхдээ тэд заавал ОХУ-ын эсрэг хурцаар дайрдаг вэ. Заавал барууны талыг идэвхийлэн дэмждэг вэ. Тэнцвэр, геополитик, манай улсын үндэсний ашиг сонирхол бөгөөд аюулгүй байдал хаана нь яригдах вэ гэдэг асуулт үүснэ.
Адагт нь үүссэн асуудлыг тухайн цаг үеийн эрх баригчид л нуруун дээрээ үүрнэ. Дипломат асуудлыг шийдвэрлэх гэж оролдоно. Гэвч гудамжинд жагсагч, эсвэл хилийн чанадаас жиргэгч экс Ерөнхийлөгч нарын хэн нь ч хариуцлага хүлээхгүй юм.
Төрийн тэргүүн аснаас "No War" хүртэл: Ардчиллын нэрээр Монголыг барууны өгөөш болгох эрсдэлүүд |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27