Ням, 2024-11-24
Шинэ Хархорум хотод Ерөнхийлөгчийн ордон барина

Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоожээ.

Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийн нуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Түүнчлэн тус газрын хөрсний судалгаа, инженер геологийн судалгаа хийж байна.

Мөн Хархорум хотын ундны хэрэгцээг хангах усны судалгааны ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Нийслэлээс шинэ Хархорум хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах шугам болон шинэ нисэх буудал байгуулах байршлыг сонгон тогтоожээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, шинэ Хархорум бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаатай хамтран шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зарлахад нийт 54 улсын 428 баг оролцохоор бүртгүүлээд байна.

Эдгээр баг долоодугаар сарын 16-ны өдрийн дотор өөрсдийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулж ирүүлэх бөгөөд наймдугаар сарын 01-ний өдрийг хүртэл олон улсын нэртэй архитектурч, төлөвлөгч нараас бүрдсэн үнэлгээний багаар үнэлүүлэн, нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтийн саналыг авна. Эдгээр багуудаас 5-ыг сонгож, шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулна.

Шинэ Хархорум хотын төв цэг болох төв талбайн тохижилтын ажил, Ерөнхийлөгчийн ордны цогцолборын зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, ногоон, ухаалаг, хүн төвтэй шинэ хотыг төлөвлөж байгуулснаар эртний нийслэл Хархорум хотыг дэлхий дахинд шинээр таниулах соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод, хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс орон нутагт шинээр бий болгох, хүн амын хэт төвлөрлийг бууруулах зэрэг ач холбогдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн юм.

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулбал 3 дахин том бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын бүс 9200 га юм байна.

Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж.

Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөжээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулсан гэлээ. Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.


Шинэ Хархорум хотод Ерөнхийлөгчийн ордон барина
2024-05-22 15:18:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0