Баасан, 2025-05-09
Элчин сайд Хорхе Феррер Родригес: Монгол, Куб улсын найрсаг харилцааны ачаар 150 орчим залуус Кубийн их, дээд сургуулиудад үнэгүй суралцсан

Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригестэй ярилцлаа.


-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Юуны өмнө ярилцлага авах гэж байгаад баярлаж буйгаа илэрхийлье. Би Кубийн Их Сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Дипломатч.Миний хувьд Элчин сайдаар ажиллаж байгаа анхны улс нь Монгол юм.

-Та өмнө нь ямар улс орнуудад алба хашиж байсан бэ?

-Монголд ирэхийн өмнө дөрвөн удаа гадаад улс оронд ажилласан. Пакистан, Канад мөн Швейцарийн Женевт хоёр удаа олон улсын байгууллагуудын өмнө суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байв. Эхний удаад нь шилжилт хөдөлгөөн, хүний эрх зэргийг хариуцсан бол хоёр дахь удаад буюу 2005-2010 оны хооронд Элчин сайдын яамны дэд тэргүүн, мөн Дэлхийн Худалдааны байгууллага, НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурал болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудыг хариуцсан Эдийн засаг худалдааны хэлтсийн даргаар ажилласан. Хамгийн сүүлд 2013-2021 оны хооронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй хөгжиж буй орнуудыг дэмжих сан болох Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, дэд гишүүнээр ажилласан байдаг.Нийт дөрвөн удаа гадаад дахь улсынхаа Элчин сайдын яаманд,хоёр удаа Женевт Олон улсын байгууллагуудын өмнө суугаа Элчин сайдын яаманд ажилласан.

-Монгол Улс Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж онцлох ажлуудаа танилцуулахгүй юу?

-Энэ оны арванхоёрдугаар сард Монгол болон Куба улс 1960 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн найрсаг дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү харилцааны ачаар 150 орчим монгол залуус эмч, шүдний эмч болон бусад мэргэжлүүдээр Кубын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцаж төгссөнийг дурдах нь зүйтэй болов уу.

Ойн хүрээнд хэд хэдэн энгийн бөгөөд даруухан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Учир нь манай Куба баян улс биш, харин тусгаар тогтнол, бүрэн эрхт замаа сонгосныхоо төлөө дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ-аас 1962 онд оноосон түүхэнд хамгийн удаан үргэлжилж байгаа эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригт өртсөн улс. Бид Монголын зарим их сургуулиуд дээр уулзалт, лекц, семинарыг явуулж Хосе Мартийн нэрэмжит нийслэлийн 52 дугаар сургуулийн сурагчдын урлагийн номеруудыг үзүүлэх, мөн куба уран сайхны кино гаргах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

-Куба улс руу аялахад ямар сонирхолтой газруудыг үзэх боломжтой вэ?

-Диваажингийн гэмээр далайн эргүүд болон жижиг арлуудаас гадна Кубад үзэж харах зүйл их бий. Олон жилийн турш аялагчид Кубийн Варадеро далайн эргийг дэлхийн хамгийн шилдэг 10 далайн эрэгт багтаасаар ирсэн. Куба нь дурсгалт газруудаа хадгалж хамгаалсныхаа ачаар 11 дурсгалт газраа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн бөгөөд үүгээрээ Латин Америкт дөрөвдүгээрт, дэлхийн 190 орноос 26-д ордог. Хуучин Хавана болон түүнийг хамгаалах цайз бэхлэлтүүд, Сьенфуэгус болон Камагуэй хотуудын түүхэн төвүүд, Тринидад болон Лос Инхениусын хөндийнүүд мөн Сантъяго дахь Сан Педро де ла Рока дель Морро цайз зэрэг нь Кубийн Дэлхийн өвд багтсан газрууд юм.

1519 онд үүсгэн байгуулсан Хавана хот нь 2016 онд Дэлхийн долоон гайхамшигт хотын нэгээр шалгарсан бөгөөд Америк тивийн хамгийн өргөн хүрээтэй түүхэн архитектурын цогцолборуудын нэг. Хавана хотод 1774 онд байгуулагдсан Америк тивийн хамгийн том бэхлэлт цайз Сан Карлос де ла Кабанья мөн 1577 онд байгуулагдсан Америк тивийн хамгийн эртний бэхлэлт цайз болох Кастиюу де ла Реал Фуэрза бий. Тус бүс нутгийн хамгийн эртний бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй 1838 онд байгуулсан Хаванагийн “Гран театр, Алисиа Алонсо” тус хотод байдаг. Түүнчлэн Францын дараа орох Наполеоны хамгийн чухал музей болон магадгүй Америкийн зохиолч Эрнест Хэмингуэйн хамгийн шилдэг музей Кубийн нийслэл Хаванад бий. Хавана хотоос 454 км зайд байрлах 1514 онд үүсгэн байгуулсан эртний Тринидад хот нь Америк тивийн архитектурын үнэт эрдэнэсүүдийн нэг бөгөөд Кубийн Музей хот гэж тооцогддог. Мөн тус хот нь 2019 онд ЮНЕСКО-гоос Гар Урлалын Бүтээлч Хот шагналыг авч байсан бөгөөд 2018 онд Дэлхийн гар урлалын хот хэмээх цолыг хүртэж байв. Тринидад хотод бүх зүйл бий. Бүгдийг татагч түүхэн төв гудамжнууд, Кояантесийн Топес Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнтэй ойр орших уул, ой мод болон хүрхрээнүүд, мөн хэдхэн километрийн зайд байрлах усанд шумбаж загасчлах боломжтой Анкон далайн эрэг.

Усан доорх ургамал, амьтны аймагт дурлагчдын хувьд 400 гаруй км урттай дэлхийн хоёр дахь том шүрэн хад Кубад байдаг. Кубийн арлын хойд талд байрлах энэхүү шүрэн хадыг маш сайн хадгалж хамгаалсаар ирсэн бөгөөд энэ нь далайн олон төрөл зүйлийн гэр орон болдог.

-1989 он шиг санаж байна, “Үнэн” сонинд “Гранма” сонины эрхлэгч зочилж байсан. Кубийн хэвлэл мэдээллийн агентлагийн тухайд танилцуулахгүй юу?

-Кубийн “Гранма” (Gran­ma) сонин одоог хүртэл тасралтгүй гарсаар байгаа. Гранма бол Кубын тэргүүлэгч үндэсний хэвлэмэл сонин бөгөөд 1996 оноос хойш давхар онлайн хэлбэрээр гарч байгаа. Онлайн нь испани, англи, франц, португал, герман болон итали хэл дээр гардаг. “Гранма” сонинд улс төр, эдийн засаг, спорт, соёл, шинжлэх ухаан болон технологийн салбарын үндэсний болон олон улсын мэдээ, ярилцлага, нийтлэл, редакцад илгээсэн захидлууд гардаг. Гранма сонин бол 1965 онд зүүний чигийн хоёр сонин нэгдсэний үр дүнд байгуулагдсан Кубийн засгийн газар, эрх баригч намын албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллага юм.

Мөн Пренса Латина (Prensa Latina) мэдээллийн агентлаг буюу Латин Америкийн мэдээллийн агентлаг одоог хүртэл үргэлжилж улам өргөжиж байгаа. Пренса Латина бол 1959 онд Хорхе Рикардо Масетти, Эрнесто Че Гевара хэмээх хоёр аргентин Куба, Латин Америк болон дэлхий дахины тухай үнэнийг түгээх зорилгоор үүсгэн байгуулсан, төв байр нь Хавана хотод байрладаг олон улсын мэдээллийн агентлаг юм. Орос, Хятад, Энэтхэг, Мексик, АНУ, Франц зэрэг 35 оронд байнгын сурвалжлагчтай, мөн гадаадын олон улс орны ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтын ажиллагаатай. Тус агентлаг нь испани, англи, франц, орос, португал хэл дээр төрөл бүрийн сэдвээр 24 цагийн турш өдөр бүр 350 гаруй мэдээг бэлтгэн түгээдэг. Мөн өөрийн 30 гаруй хэвлэл, дижитал хэвлэл, радио, телевиз болон сурталчилгааны мэдээллийг 17 вэб сайтад нийтэлдэг. Пренса Латина нь гадаадын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудтай 100 орчим хамтын ажиллагаа болон мэдээ мэдээлэл солилцох гэрээ байгуулсан бөгөөд 2019 онд тус агентлагийн ерөнхийлөгч Луис Энрике Гонзалес Улаанбаатарт хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын үндэсний мэдээллийн төв байгууллага болох МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

-Монголын хөдөө орон нутгаар яваад Монголын ёс заншил, малчдын амьдралтай танилцаад төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Бусад улс орнуудын адилаар Монгол Улс өөрийн гэсэн өвөрмөц тогтоц, дахин давтагдашгүй байгалийн онцлогтой. Хязгааргүй үргэлжлэх тал нутаг, зэрлэг ан амьтад, нүүдэлчид хэрхэн хонь малаа чөлөөтэй бэлчээж байгааг харахад үнэхээр сайхан байдаг.

-Тун саяхан Та зочид хүлээн авч өөрийн гарын хоолоор дайлсан. Та сайн тогооч уу?

-Би зочдоо өөрийн гарын хоолоор дайлах дуртай, энэ нь тухайн зоогийг илүү онцгой болгодог. Гэхдээ тогооч бүрийн жор гэдэг бол улсын нууцтай адилхан хэлж болохгүй зүйл. Үүнээс гадна хоолныхоо жорыг харалгүй хийдэг болоод удаж байна, учир нь үндэсний хоол гэдэг байнга хийдэг хоол учир хэмжилгүйгээр хийчихдэг. Гэхдээ нэг сайхан куба хоол хийе гэх юм бол мах болон шошоо урьд орой нь бэлдэх хэрэгтэй. Кубүүд бид зууханд болгох махаа сармис, сонгино, орегано, гоньд, перц, нимбэг, исгэлэн жүрж, аль эсхүл алимны цуу зэргээр амталдаг. Зууханд болгох том бүхэл махыг гадна талаас нь амтлахаас гадна бэлтгэсэн амтлагчаа дотогш нь шингээж амт оруулдаг. Энэ л миний туршлага юм даа.

-Ажил амралтын цагаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Дэлхийн хойд хагасын ихэнх улс орнуудын адилаар миний амралт зун болдог. Зуны улиралд сургууль, цэцэрлэг амардаг энэ үед ажил багатай тул ерөнхийдөө зундаа амардаг. Кубийн хөх тэнгэр дор орших оюу цэнхэр тунгалаг ус, цагаан элс бүхий далайн эрэгт очиж амрах хамгийн сайхан мөч.

-Монголын үндэсний дээл танд их сайхан зохисон харагдана…

-Тийм ээ, монгол дээл бол маш дэгжин, өнгөлөг, сайхан үндэсний хувцас. Зарим улс орны үндэсний хувцаснууд адилхан байдаг. Харин дээл бол өнгө, загвар, дизайн гээд олон зүйлээр ялгардаг.

-Авлигын талаарх таны бодол…

-Авлига бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд үүнтэй тэмцэх ёстой. Авлигач хүний хамгийн муу зүйл бол бусдыг завхруулдаг. Ерөнхийдөө авлигыг хүмүүсийн боловсролын түвшинтэй холбох шаардлагагүй, учир нь хамгийн ихээр авлигад идэгдсэн хүмүүс боловсролтой хүмүүс байдаг. Энэ бол тухайн хүн өссөн гэр орон, сурсан сургуульдаа хангалттай ёс суртахуун, ёс зүйг олж аваагүйг илтгэнэ. Эдийн засаг, улс төрийн байдлаа ашиглан хууль зөрчиж, бусдын, ард түмний компаниудын эрх ашгийг хохироох эрх хэнд ч байх ёсгүй.

-Таны сонирхол хобби юу вэ?

-Миний хувьд Кубийн хөдөөгийн сайхан болон далайн эрэг, түүний амар амгалан байдал, цэвэр агаар, олон янз байдал, мөн жилийн турш ногооноороо байх байгалийг харахаас илүү сайхан зүйл байхгүй. Америк тивийг нээсэн Кристофер Колумб анх Кубад ирээд энэ бол хүний нүдээр харж байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй газар гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш байв.

Мөн магадгүй ХХ зуунд уран бүтээлүүдийг нь хамгийн их хүн уншсан Америкийн зохиолч Эрнест Хэмингуэй Куба улсад хайртай гэдгээ ил тодоор зарлаж амьдралынхаа 20 гаруй жил (1939-1960)-ийг Куба улсад амьдарч өнгөрүүлсэн. Тэрээр Хавана хотын ойролцоох жижиг тосгон, Кохимарын загасчдаас санаа авч Пулицерийн шагналт “Хэний нь дуудаж, хонх цохив” болон “Өвгөн тэнгис хоёр” зэрэг сонгодог романуудаа бичсэн.

Кубийн өвөрмөц хосолсон соёл, хоол, сэтгэл хөдөлгөм коктейль, дуу хөгжим, түүх, байгалийн үзэсгэлэнт газрууд, хөл хөдөлгөөнтэй гудамжнууд, найрсаг ард түмэн, дулаан уур амьсгал мөн Кубийг тойрсон далайн эрэг, түүний наран шарлагын газрууд бол миний хобби. Хэмингуэйн хувьд ч тийм байсан байх.

-Залуу үеийнхэнд өгөх таны сургамж зөвлөгөө гэвэл юу хэлэх вэ?

-Хичээнгүйлэн суралцаж, шударга, эгэл даруу байж өөрийн эх орон болон дэлхийн бусад хэсэгт болж буй асуудал, шударга бус зүйлийн өмнө мэдрэмжтэй, эв нэгдэлтэй байгаасай гэж захимаар байна. Мөн эх орноо хайрладаг, дэлхийн бусад улс орнуудын ялгаатай байдлыг үл харгалзан улс орнуудын найрамдал, энх тайвныг хамгаалдаг байгаасай. Энэ нь хүмүүс, улс орнууд хооронд зохицон амьдрах хүн төрөлхтөнд хүч болох хамгийн сайхан үнэт зүйл юм.

Ярилцсан Ц.Отгонсүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин


Элчин сайд Хорхе Феррер Родригес: Монгол, Куб улсын найрсаг харилцааны ачаар 150 орчим залуус Кубийн их, дээд сургуулиудад үнэгүй суралцсан
2025-05-07 11:11:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ