Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын Монгол Улсын Их хуралд суудалтай 5 намын төлөөллөөс бүрдсэн 41 гишүүний хамтран санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их хуралд өргөн барьсан. Тус хуулийн төслийнх нь зорилго, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Энэ өргөн барьж байгаа хуулийн тань гол үзэл санаа, концепц нь юу вэ?
Монгол Улсад өнөөдөр хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ажлын байр болчхоод байна. Ажил эрхлэлт багассан, хөдөлмөр эрхлэх хүн хүчний дутагдалд ороод эхэлчихсэн. Эдийн засаг яг ийм байдал руу ороод ирэх юм бол маш том гацаанд ордог. Энэ байдлыг цаашид улам газар авахаас тодорхой хэмжээнд сэргийлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой гурван гол өөрчлөлтийг эдийн засгийн тооцоо, хууль, эрх зүйн судалгааны багуудын дүгнэлтэд үндэслэн нэлээн удаан хугацаанд ажиллаж, нухацтай боловсрууллаа.
Нэгдүгээрт, хүн хувиараа ажил, үйлчилгээ эрхлэхэд хамгийн том саад болж байгаа нэг хүчин зүйл нь нийгмийн даатгалын шимтгэлийн зохист бус ногдуулалт болж байна. Өөрөөр хэлбэл хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ үзүүлж, хэнд ч саадгүйгээр өөрийн ур чадвараараа амьдралаа залгуулдаг. Эдгээр гэрээгээр зохицуулах харилцаа нь хөдөлмөрийн харилцаа бус, бизнесийн харилцаа байдаг. Гэтэл одоо мөрдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтаар хэнд ч харьяалагдахгүйгээр бие даан ажил, үйлчилгээ эрхлэгч эдгээр хүмүүсийн гэрээний орлого болгоноос нь албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл авах ёстой. Тэдэнтэй гэрээ байгуулсан иргэн, ААН ч тус хуулиар мөн ажил олгогчид тооцогдон шимтгэл төлөх үүрэгтэй. Тодорхой жишээгээр тайлбарлавал, иргэн Б нь А компанид бензин түлш, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, ажлын хувцас, хоолны зардал зэрэг шаардлагатай бүх зардлыг оролцуулаад 10,000,000 төгрөгт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл 10 тонн ачаа тээвэрлэх гэрээ байгууллаа гэхэд аливаа зардлыг хасахгүйгээр Б болон А компанийн байгуулсан гэрээний нийт дүн болох 10,000,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд А компани 1,150,000 төгрөг, Б өөрөө 894,960 төгрөг тус тус, нийт 2,044,960 төгрөг төлөх юм. Үлдсэн хэсгээс татвар төлнө. Бизнесийн харилцааны талууд энгийн логикоор ч, хууль зүйн хувьд ч ажилтан, ажил олгогч бололцох боломжгүй юм.
Төр энэ хүмүүсээс татвар авахдаа уг орлогыг нь цалин бус үйл ажиллагаа буюу бизнесийн орлого байна шүү хэмээн татвар ногдуулж, жилийн орлого нь 50 сая хүрэхээр НӨАТ төлөгчөөр бүртгэн авч орлого бүрээс нь 10 хувиар НӨАТ авдаг. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа “Энэ орлого чинь цалин гэсэн үг юм аа” гээд бизнесийн харилцааг хөдөлмөрийн харилцаатай хольж, хутгах нь зүйд нийцэхгүй байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж байгаа, бизнесийн гэрээгээр ажиллаж байгаа тэр хүмүүс чинь орлогоосоо 11.3 хувийн нийгмийн даатгал төлнө. Дахиад Хүн амын орлогын албан татварт 10, тэгээд шаардлага хангавал НӨАТ-т 10 хувийг төлнө. Гэрээний нөгөө тал ч хувь хүний шимтгэл илүү төлөх сонирхолгүй тул хувь хүнтэй гэрээ байгуулахаас татгалздаг. Ингээд энэ бүхэн нь ажлын байрыг алга болгож байна. Шахалтад орсон хувь хүмүүс компани байгуулна, илүү өндөр хариуцлага хүлээнэ, ашгаасаа ААНОАТ төлөөд ногдол ашиг байдлаар хэдэн төгрөгөө авахаар давхар татвар төлөх байдалд орох гэх мэтээр маш олон янзын шахалтад гэрээний аль аль талыг оруулж буй юм. Үр дүнд нь хүмүүс орлогогүй, ААН-үүд хувь хүнээс боломжийн үнээр ажил, үйлчилгээ авах боломжгүй, улс тэдгээр гэрээний орлогын татвараа авч чадахгүйд хүрч байна. Нөгөө талдаа хуулиас гадуурх далд эдийн засгийг бий болгож байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийсэн гэрээний талууд гэрээ байгуулахгүй байх, гэрээний орлогоо татварт мэдүүлэхгүй байх хувилбарыг сонгох нь цөөнгүй. 2024 оны байдлаар улс энэ шимтгэлд 43.4 тэрбум төгрөг л төвлөрүүлсэн байдаг. Гэтэл сөрөг нөлөө нь эдийн засагт багагүй хэмжээтэй байна
Хоёрдугаарт, ажил олгогчоос ажилтандаа олгосон хоол, унаа, түлээ түлш, орон сууц ашиглалтын зардлын төлбөр, хөнгөлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй байхад чиглэсэн өөрчлөлтийг хуульд оруулахаар төсөлд тусгасан. Эдгээр чинь хүний ажил, хөдөлмөр эрхлэх наад захын хэрэгцээ, нийгмийн баталгааны нэг хэсэг. Хууль батлагдвал зөвхөн энэ хэсгийн нөлөөгөөр 2025-2027 онд 2,479 шинэ байнгын ажлын байр бий болох тооцоо бий.
Гуравдугаарт, өнөөдрийн байдлаар манай улсад ажил олгогчийн нийгмийн даатгал шимтгэл төлөх дээд хязгаар байдаггүй. Ажил олгогч ажилтандаа шагнал урамшуулал, ээлжийн амралтын мөнгө, цалин гээд нэг сард 15 сая төгрөг олгоход энэ дүнгээс шимтгэл тооцох зохицуулалттай. Харин ажилтанд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу сард 792,000*10=7,920,000 төгрөгийн хязгаартай. Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээнд ажилтныхтай ижил хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэхтэй тэнцэх хэмжээний хязгаар тогтоохоор хуулийн төсөлд тусгасан. Зөвхөн энэ өөрчлөлтийн нөлөө нь даатгуулагч, улсын төсөвтэй холбоотой л гэхэд 2025-2027 онд нийт 14,371 шинэ ажлын байр нэмэгдүүлж, ажлын байрны өсөлтөөс бий болох нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 53 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татварын орлого 50 тэрбум, ажлын байрны өсөлтөөс бий болох цалингийн орлого 558 тэрбум төгрөг байх эдийн засгийн тооцоо гарсан. Ажил олгогчийн хувьд ч маш сонирхолтой эерэг үзүүлэлтүүд судалгаагаар гарсан.
Хуулийн төсөлд дурдсан өөрчлөлтүүдийг хийхгүй орхисноор Монголд ил тод бизнес хөгжих боломжийг хязгаарласан хэвээр үлдэх юм. Тиймээс энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эдгээрийг өөрчлөхөөр зорьсон.
Бид өнөөдөр нийгмийн даатгалын сангаа нэмье, орлого олъё гэж яриад байдаг. Энэ нь нэг талдаа зөв. Гэхдээ аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр түүнийгээ бүр устгачихдаг. Тэгэхээр нийгмийн даатгалын хэмжээг нэмье гэвэл зохистой хэмжээн дээр очих ёстой, зүй зохистойгоор зөв зүйлдээ зөв ногдуулах ёстой. Ер нь үүнийг өсгөнө гэж бодох нь ч буруу юм шүү дээ. Яагаад гэхээр хүн өөрөө л хүсээгүй бол түүнийг нь механикаар өсгөж яах гээд байгаа юм. Энэ бүхэн чинь өөрийнх нь л ирээдүй төлөө шүү дээ. Харин өөрийнх нь ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломжгүй, ямар ч ажил эрхлэх сонирхолгүй болгох, эрх чөлөөг нь боомилох хуулийн зохицуулалтууд байгаа учраас үүнийг нэгдүгээрт нэн яаралтай өөрчилье гэж байгаа юм. Хоёрдугаарт, манайх шиг улс орнууд дотоод эдийн засгаа дэмжих ёстой. Бидний тооцоогоор улс орны хөгжилд нөлөөлөх олон үзүүлэлтүүд эерэг тооцоотой гарсан. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд ажилтны гар дээрх орлого өснө, ажил олгогч цалингаа өсгөх, шинэ ажлын байр нэмэх, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг бууруулах, эргээд тэр бүрийнх нь шимтгэл, татвар төсөвт орлого болон орох гэх мэтээр алхам тутамд нөлөөгөө үзүүлэхээр байна. Эдгээр эерэг үр дагаврууд гарснаар Монгол Улсын эдийн засаг тэлж, далд эдийн засаг ил болоход нөлөөлж, тэр хэрээр эдийн засгийн эргэлт сайжирч, татварын суурь өргөжиж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх гээд иргэн, хуулийн этгээд, төсөвт бүгдэд нь эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.
-Та сая тооцоо, судалгаа эш татаж, судалгаанд нэлээн ач холбогдол өгч буй нь анзаарагдлаа. Тооцооллоор эдийн засгийн үзүүлэлт нэлээн эерэг гарсан бололтой. Үүнийг хаанаас үзэж болох вэ?
Мэдээж тооцоо, судалгаагүйгээр нийтлэг эрх ашгийг зохицуулах хууль тогтоомжийг өөрчлөх боломжгүй юм. Тиймээс бид үүнд багагүй цаг хугацаа, хүн хүч зарцуулж, эдийн засгийн олон модель дээр, олон хувилбараар бодож, тооцоолж ажилласан. Эдийн засгийн үзүүлэлтүүд бүх түвшинд эерэг үр дүнтэй гарсан. D.parliament.mn цахим хуудаст өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэсэгт бидний өргөн барьсан хуулийн төслийн хууль зүйн болон эдийн засгийн дүгнэлт, тооцоо, судалгаанууд ойрын өдрүүдэд бүрэн эхээрээ орчих байхаа.
-Нийгмийн даатгалын сангийн хэмжээг багасгаж болохгүй гэдэг шүү дээ?
Манайхан яг л ингэж боддог. Яагаад гэхээр тэтгэвэр, тэтгэмж багасна гээд байдаг. Үгүй шүү дээ, харин ихэсгэх бодлого баривал тэжээгчээ устгах буюу шимтгэл төлөгчийнхөө тоог бууруулна. Бидний судалгаанд Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл 1 хувь өсөх 1 хувь хуурахаас эхлээд аливаа хөдөлгөөнд ороход түүнээс хамааралтайгаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн тоо, шимтгэлийн хэмжээ хэрхэн өөрчлөгддөг, эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар судалгааны ажлынхаа эхэнд сонирхуулсан байгаа. Шимтгэлийн хэмжээ өсөхөд бусад үзүүлэлт богино хугацаанд өсөж буй мэт харагдах боловч дунд хугацаандаа сөрөг үр дүн харуулж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг зохистой хэмжээнд л байлгах хэрэгтэй. Үүнийг ихэсгэх, бууруулах нь төрийн бодлого биш. Харин яаж зохистой хэмжээнд байлгах вэ гэдэг л асуудал байгаа юм. Олон хүмүүс шударгаар төлдөг болж, цар хүрээ нь нэмэгддэг. Түүнээс биш механикаар нэмчихээр цар хүрээ нь багасаж байна. Шударгаар төлөхөө больж байна шүү дээ.
-Ажил олгогчдоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэл дээр нэлээд ярьдаг. Энэ асуудлыг хуульд юу гэж тусгасан бэ?
Олон улсад олон хувилбараар энэ шимтгэлийг авч байна. Тухайн харилцааны онцлог болон зохицуулалтаас ч энэ шалтгаална. Аль нэг талаас нь шимтгэл авах нь байна. Жишээлбэл ажилтнаас нь суутгаж аваад нийгмийн даатгалаа төлүүлдэг нэг хэсэг байна. Үгүй бол ажилтнаас нь авалгүйгээр ажил олгогчоос нь авдаг ч тал бий. Харин манайх хоёулангаас нь авдаг. Ийм жишигтэй улс орон цөөнгүй. Гэхдээ манайх чинь нийгмийн даатгалын нэг системээс нөгөө рүү шилжсэн байхгүй юу. Өмнө нь тэтгэвэрт гарчихсан байгаа хүмүүс хуримтлалын сангүй, зүгээр л тэтгэвэрт гарах ёстой гээд төсвөөс санхүүждэг байсан. Гэтэл тэр мөнгө нь байхгүй. Харин энэ байхгүй цоорхойг нөхөхийн тулд байгууллагаас шимтгэл авч байна гэж болохоор байгаа юм. Авахдаа дээд хязгааргүйгээр авч байна. Сая ч гэсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад байгууллагаас авдгийг байхгүй болгоод өгөөч гэх хүмүүс ч байсан. Шууд байхгүй болгочихоор тэр сан нь хоосон болчих учраас тодорхой хугацаанд буюу энэ цоорхой нөхөгдсөний дараа байгууллага буюу ажил олгогчоос төлөхөө болих хувилбарт шилжих боломжтой болох нөхцөл бүрдэж болох юм. Ер нь нийгмийн даатгал гэдэг чинь хүмүүсийн мөнгөн дээр л тогтож байдаг эд. Тийм учраас нийгмийн даатгалын зарлага хэсэг дээр хэн төлсөн байна, хэн төлөөгүй байна гэдэг асуудал яригдана. Нэг ёсондоо байгууллагаас төлж байгаа тэр хэсгийг одоогоор үгүй болгох боломжгүй юм.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг огцом бууруулчихаар 1979 оноос хойш төрсөн хүмүүсийн ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ огцом буурна гэдгийг харьяа яамны мэргэжилтнүүд хэлж байсан л даа. Үүн дээр та юу хэлэх вэ. Ийм эрсдлүүдээ хуулийн төсөл дээрээ тооцсон уу?
Ажилтан, ажил олгогчийн нийгмийн даатгалын хувь хэмжээг ямар нэг байдлаар бууруулахгүй. Харин ажил олгогчийн төлөх шимтгэлийн дээд хэмжээг нь тогтоож өгье гээд байгаа нь энэ эрсдэлээс сэргийлж байгаа зүйл юм. Нөгөө талаасаа энэ гурван заалт 300-гаад тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалыг бууруулж байгаа мэт шиг боловч хэрэв энэ чигээрээ яваад байвал энэ төлөлтүүд далд эдийн засгийг хэлбэрт шилжиж, нийгмийн даатгалын сан руу орохоо л болино. Одоо хувиараа хөдөлмөр эрхлээд нийгмийн даатгалыг гэрээлэгчийн хамт 20 гаруй хувиар төлж чадах хүн хэд үлдсэн гэж бодож байна вэ. Өмнө хэлсэнчлэн эдийн засгийн тооцооллууд эерэг үзүүлэлттэй байна. Тухайлбал эдгээр гурван өөрчлөлтийг хуульд тусгаснаар үр нөлөөний үр дүнг өнөөгийн үнэ цэнээр тооцоход 2025-2027 оны нийлбэр дүнгээр хамгийн багадаа 189.9 тэрбум төгрөг, хамгийн ихдээ 279.3 тэрбум төгрөг, дунджаар 254.0 төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байхаар байна. Мөн 2025-2027 онд 18 мянга орчим шинэ ажлын байр нэмэгдэх магадлалтай байна.
-Шинээр бий болох ажлын байрны өсөлттэй холбоотойгоор бий болох нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын орлогын өсөлтийг тооцвол төсөвт үзүүлэх ачааллыг 2025-2027 онд дунджаар 242.1 тэрбум төгрөгөөр бууруулах буюу энэ хэмжээний орлого оруулах тооцоо бий.
-Ер нь манай улс энэ нийгмийн даатгалын сангийн системээ өөрчлөх шаардлага бий юу?
Зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт, тэтгэвэр тэтгэмж чинь энэ ахмадууддаа хүрэхгүй байна. Үүнийг хүргэдэг болгох арга нь юу юм. Аж ахуйн нэгж, иргэдэд хэтэрхий өндөр болчхоод байна. Дунд, урт хугацаандаа энэ санг яаж өсгөдөг болгох юм гээд бидэнд олон асуудал байна. Саяхнаас энэ сангийн үлдэгдлээ банканд өндөр хүүтэй хадгалуулдаг болж эхэллээ. Энэ чинь тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх анхны алхам байхгүй юу. Бидэнд өчнөөн арга байсан ч хийдэггүй л байсан байна. Тиймээс энэ сангийн оролцогч гэж хэн юм. Нөхөн төлнө гэдэг нь яах юм гээд зарлага талын тогтолцоог зөв тогтоох хэрэгтэй. Бидний өөрчлөх гээд байгаа дээрх гурван зохицуулалт бол яаралтай буюу тэжээгч, шимтгэл төлөгч нь устчих гээд байгаа, шимтгэл ногдуулалт зүй зохистой хийгдэх ёстой учраас хийж байгаа л зүйл юм. Үүний дараа зарлага талаа өсгөх, илүү оновчтой, бүтээмжтэй болгох бодлогууд дараа нь орж ирнэ гэсэн үг.
-Ер нь хэдийгээр бүрэн өөрчлөх боломжтой вэ?
Миний хувьдаа төлөвлөж байснаар бол энэ орлого талаа шийдчихээд зарлага талынхаа судалгаан дээр ажиллана гэж төлөвлөж байсан юм. Гэтэл Засгийн газраас бас хуулийн төсөл бэлдэж байгаа юм байна. Тиймээс үүнийг бас харж байж дараагийн ажлаа төлөвлөх шаардлагатай болчхоод байна. Магадгүй үүгээр ч гэсэн дараагийн шийдлүүд ороод ирэх боломжтой. Түүн дээр нь хамтраад бодлогоо гаргаад явж болно байх. Ерөнхийдөө нийгмийн даатгалын гурван шатны тогтолцоо гэж байдаг. Тодорхой дүн хүртэл бүгдээрээ жигд авах, жаахан дээшхийг нь нэрийн дансаараа, бүр түүнээс дээш бол хувийн тэтгэврээрээ авдаг болно. Дээрээс нь тухайн дансанд төлсөн хүмүүс л авахаас биш бусад нь өөр сангаас авах ёстой юм. Нийгмийн даатгалын зөв зүйтэй бүтээгдэхүүнүүд бий болгох гэдэг ойлголт руу явах ёстой. Сан бүрдүүлж хуримтлуулж хадгалаад түүнийг нь хэн нэгэнд өгөх биш. Харин өөрт нь байгаа эрсдэлийг нь хаах зорилготой юм шүү дээ.
-Манай уншигчдад хуулийн төслийнхөө талаар цаг гаргаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Энэ ярилцлагаас уншигчид тодорхой мэдээлэл авсан гэдэгт итгэж байна.
-Бидний 41 гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслийн талаар ярилцлага авсан танай хамт олонд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Б.Түвшин: Бизнесийн орчинд дарамт учруулж, хуулиас гадуурх далд эдийн засгийг бий болгоод байгаа зохицуулалтууд бий учраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт хийе гэж байгаа юм |
2025-05-12 11:25:48
2025-05-12 11:25:17
2025-05-12 11:24:22
2025-05-12 11:23:31
2025-05-12 11:21:18
2025-05-08 12:39:39
2025-05-08 09:53:25
2025-05-08 09:51:27
2025-05-07 11:12:49
2025-05-07 11:11:58