Мягмар, 2025-05-13
Улаанбаатар бол монголчуудын хувьд хайрлах ёстой хот юм…

Энэ хотын буянд бүгдээрээ хүн шиг амьдарч байгаа гэдгээ ойлгох цаг болсон. Гэтэл эсрэгээрээ гутаан доромжлох нь ихэдлээ. Улаанбаатарыг устгана гэдэг бол эдийн засгаа устгана гэсэн үг. Шууд утгаараа шүү. Яахаараа энэ цаг үед Улаанбаатарын эсрэг бүгдийг сэтгэн бодож олдог байна. Оюутнуудыг нийслэлээс гаргана гэлээ. Улаанбаатарын эдийн засгийн эргэлтийн лавтай 30 хувьд оюутнууд багтдаг. Тэдний сургалтын төлбөрөөс эхэлье. Багагүй мөнгө энэ хотын эдийн засагт шингэж байна. Идэх хоол хүнс, хувцас хоёр бол гол нэр төрөл. Байр сууцны хэрэгцээнээс эхлээд баяр цэнгэлийн эдийн засаг ч эдний орчинд хамаарна. Хөдөөгүй-Хот гэж байх боломжгүйн тухайн ойлголт эндээс эхтэй. Юу гээч, хөдөө орон нутагт байгаа малчид, хөдөлмөрчин олон түмэн бээр хэний төлөө ажиллаж, амьдарч, таван цаасны төлөө байгаа гэж бодно. Улаанбаатарт сурч байгаа оюутан хүүхдүүдийнхээ төлөө шүү дээ. Тэдний мал аж ахуйгаас олж буй мөнгөний 90 хувь хот руу урсдаг юм. Ийм том эдийн засгийн эргэлтийг Улаанбаатараас гаргана гэдэг бол Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Энэ бол нэг их бодож цөхөөд байх юм биш, шууд л харагдаж буй дайсантай бодлого шийдвэр билээ.

Ер нь бол хүмүүс нь олон байж л эдийн засаг тэлнэ. Яг тийм алтан үе дээрээ Улаанбаатар ирчихээд байна. Харин энэ их төвлөрлөө яаж эдийн засагжуулах вэ гэдэг хамгийн чухал. Түгжрэл бол зовлон. Түгжрэл үүсгэдэг машин бол цэвэр эдийн засаг. Утаа бол гамшиг. Утаа үүсгэхгүй байх арга зам нь өөрөө цэвэр эдийн засаг. Эмнэлгийн үйлчилгээний хүртээмжгүй байдал бол эмгэнэл. Гэхдээ хүртээмжтэй байлгах нь өөрөө бизнес. Боловсролын салбарын арга барсан бүтцүүд бол гамшиг. Багтаж шингэхгүй байгаа тэр их сурах хүсэл эрмэлзэл нь өөрөө эрэлт хэрэгцээ. Энэ бүгдээрээ нийлээд маш том зах зээл, Эрэлт-Нийлүүлэлтийн хууль. Энэ бүгд зөв хэлбэртээ орох нь төрийн ухаалаг бодлогоос шалтгаална. Зах зээл нь хангалттай бүрдчихээд байна шүү дээ.

Өчигдөрхөн 400 мянга хүрэхгүй байсан Улаанбаатар хот өнөөдөр албан ёсны 1 сая 500 мянга, орж гарч байгаа урсгалтайгаа хоёр сая иргэнтэй болчихоод байна. Энэ бол дэлхийн дундаж хотуудын хүн ам, хангалттай зах зээл. Тэдгээр хотууд бол хөгжиж байна. Манайх бол үглэж байна. Ердөө энэ. Уг нь хангалттай зах зээл бүрдсэн газарт зөв бодлого, түүний үр дүнгээр бий болсон нийгмийн сэтгэл зүйн зөв хандлага л эхлээд бүрдэх ёстой. Манайд бол занаж зүхсэн, байгаа боломжоо харахыг хүсдэггүй, үгүйсгэлийн бас дахин үгүйсгэлийн хууль төгс үйлчилсэн тийм нийслэл хот оршин тогтнолоо. Одоо бүгдийг эргэж харах, бодит байдалдаа зөв дүгнэлт хийхгүй бол оройтох нь.

Тэр нь юу гэхээр нийслэлчүүд бид эхлээд Улаанбаатар хотоо ХАЙРЛАХ. Улаанбаатар хот устахтай адил болж, аймгийн төвийн хэмжээнд хүрлээ гэхэд монголчууд орлогогүй болно. Талаар нэг тарж бутарсан, цөөхөн баячуул нь дангаар амьдарсан жижиг хоттой улс орон болох гээд байгаа юм уу. Үүндээ хүрвэл жинхэнэ эрсдэл үүснэ. Нийгмийн хамгийн том ядуу масс нэг л шөнө баячуулын хотыг тална. Ийм практик дэлхийд нэг бус байдгийг эрхбиш улстөрчид мэддэг байлгүй. Тийм л эмгэнэлд хүрэх гээгүй бол өнөөдрөөс Улаанбаатар хотоо хайрлан хамгаалцгаая. Улам олуулаа болж Улаанбаатартаа сайхан амьдарцгаая. Ингэхийн тулд эхний удаад нийслэлийн иргэн бүр “Биднийг таван цаастай болгож байгаа, амьдралаа хүний зэрэгтэй авч явах ганц газар бол Улаанбаатар” гэдгийг гүн ухамсарлацгаая. Хайрлахгүй байхын аргагүй газар бол Улаанбаатар гэдгийг уриа дуудлагаа болгоё. Бүх газрууд энэ үзэл санаагаар контент үйлдвэрлэе. Өөрсдийн сувгаар тараая. Улаанбаатар тарж сарнихад хүрвэл та нарын бүх бизнес дампуурна гэдгийг бие биендээ хэлцгээе. Бүгдийг тань дампууруулах бодлогыг төр засгаас хэрэгжүүлээд эхэлснийг мэдэрцгээе. Нэгэнт иймдээ хүрсэн цаг үед та бидний хийж чадах зүйл бол “Улаанбаатараа хайрлах” үзэл санааг ямар ч мөнгө хөрөнгөний шаардлагагүйгээр эхлүүлэх ажил юм.

Манайхаас бусад бүх улс оронд, амьдран буй хотоо дээдэлсэн үзэл санаа байдаг. Тэр нь наад зах нь юугаар илэрдэг гээч. Танай гэрт байгаа хөргөгчин дээрх наалтаар чинь. Улаанбаатарын үнэ цэнийг харуулсан ганц наалтыг жуулчдад зориулж хийсэн газар байна уу. Та бид гадагшаа явах бүртээ нэгийг авчирч хөргөгчин дээрээ наадаг биз дээ. Бараг Улаанбатараас бусдынх нь хөргөгчний хаалганд байна. Багтахгүй байна. Маш энгийнээр, амьдралаас жишээ татахад л энэ. Яагаад урин дулааны улиралд нийслэлчүүд та бүхэн “Би Улаанбаатартаа хайртай” гэсэн бичигтэй малгай өмсөж болдоггүй юм. Улаанбаатарын эсрэг шийдвэр бүрийг нийтээрээ эсэргүүцсэн дуу зохиож болохгүй гэж. Тийм жишиг олон улсад бий шүү дээ.

Улаанбаатарыг устгаж байгаа эхний үйлдэл болох ТҮЦ нураах үйлдлийг олон хүн яагаад дэмжээд байгаа юм. Стандарт, соёлын шаардлага хангасан гудамжны хоол үйлчилгээний цэгүүд дэлхийн хотуудаар дүүрэн бий. Бид яагаад болохгүй гэж. Энэ бүхэн Улаанбаатарын эдийн засаг шүү дээ. Ийм үйлчилгээний хэдэн мянган цэгтэй байж л хот хөгжинө. Иргэд нь хангалуун, тухтай амьдарна. Үйлчилгээний цэг бүрийн ард, нийлүүлэгч нь үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой. Энэ логикоор бол Улаанбаатар хот үйлдвэржих нь зайлшгүй. Үйлдвэржсэн хот болоход дутуу юм юу байна. Хангалттай зах зээл болсон нэг сая 500 мянган иргэн байна. Хамгийн гол нь л энэ шүү дээ. Эхэнд дурдсанаар утаа, түгжрэлээс эхлээд асуудал бүрийн ард эдийн засаг явж байна. Төр засгийн зүгээс ухаалаг зохион байгуулалт л хэрэгтэй байна.

Өнөөдрийн ганц бодит үнэн гэвэл Монгол Улсыг, монголчуудыг хүн шиг амьдруулах ганц газар нь Улаанбаатар хот шүү. Монголчуудын өнгөрсөн бүх цаг үеийн түүхэнд нэг саяулаа нэгдэн амьдарсан ганц газар нь Улаанбаатар. Юу үнэн, энэ үнэн. Энэ бол бидний бий болгосон үнэ цэнэ. Энэ их үнэ цэнийг цаашид хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэгт Монгол төрийн бодлого чиглэх ёстой…

Б.Нямаа

Эх сурвалж: Өдрийн сонин


Улаанбаатар бол монголчуудын хувьд хайрлах ёстой хот юм…
2025-05-13 12:42:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ