Баасан, 2025-05-16
МАН өөртэй нь холбоотой шуугиан гарах болгонд АН-ыг урдаа барьдаг болжээ

Монголын улс төр дэндүү гажуудаж байна. эрх баригч МАН ямар ч шуугиан, хэрүүл маргааныг дэгдээсэн бай хариуцлага хүлээхээс бултаж, АН-ыг урдаа барьдаг зуршилтай болжээ. АН бол МАН-ын бүх бурууг тохдог “бамбай”, “турхирагч нохойд барьдаг мод” мэт болсон нь эмгэнэлтэй. Энэ бол зүгээр нэг улс төрийн үзэгдэл биш. Улс төрийн хариуцлага, ёс зүйн утга учрыг үгүй хийж буй системтэй заль мэх юм. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлаар нийгэм даяараа шуугьж байна. Ард иргэд бухимдаж, асуулт тавьж эхлэх үед МАН-ынхан гэнэт АН-ын дарга асан С.эрдэнийг олны өмнө гаргаж, ямар ч үндэслэлгүйгээр хам хэрэгтэн мэт ойлголт төрүүлэх гэж оролдов. Энэ бол анхны тохиолдол биш. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг Капитал банкинд төвлөрүүлж, эрсдэлд оруулсан асуудал шуугьж байв. Тэр үед буюу 2016-2019 оны хооронд төр барьж байсан МАН-ын албан тушаалтнууд хариуцлагаас зугтаж, хэрэгсэхгүй болгох оролдлогыг АН руу чиглүүлж хийсэн байдаг. “Таван толгой түлш” компанид төрийн мөнгө угаасан, тендер будлиантай явуулсан байж болзошгүй хэрэг гарсан. Тухайн үед эрх баригч МАН хэрэг яригдаж эхлэхэд л “АН-ын үед эхэлсэн” гэх тайлбар өгч, хариуцлага, олны шүүмжлэлээс зугтаасан. Зарим төрийн оролцоотой банкуудыг хувьчлах нэрийн дор улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэг мөн гарсан. Уг асуудлаар хэвлэл, олон нийтийн зүгээс МАН руу шүүмжлэл ирэх үед “зах зээлд шилжих” нэрийн дор анхаарлыг АН руу амжилттай чиглүүлж чадсан байдаг. 2022–2023 онд хөгжлийн банкнаас авсан зээлүүдийн ихэнх нь зориулалтын бусаар ашиглагдсан, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий компаниудад олгогдсон хэрэг шуугиан болсон. Шалгагдсан гишүүдийн олонх нь МАН-ын нэр бүхий гишүүд байсан ч шүүхийн шатанд “хэргийг удаашруулах”, “цааш нь шилжүүлэхгүй байх” оролдлого эрх баригчид хийхийн зэрэгцээ улс төрийн галыг АН руу чиглүүлсэн. Улмаар АН-ын угшилтай хэд хэдэн хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. Дараа нь нүүрсний хулгай. Мөн л МАН-ын гишүүдийн оролцоо үүнд хамгийн өндөр байсан ч эрх баригч намын удирдлагууд АН-ын гишүүн, тэр дундаа нэр бүхий эмэгтэй улстөрч рүү асуудлыг чиглүүлсэн гэх мэт жишээ дурдвал хэдэн арваараа яригдахаар байна. МАН-ын засгийн газрын ямар ч балмад үйлдэл, хууль зүйн маргаантай шийдвэр, шүүх хэргүүд, авлигын дуулиан гарахад яг л ижил тактикаа хэрэглэдэг. “АН л тэгсэн”, “АН-ын үлдэгдэл” гэж чичилж, өөрсдийнхөө хийсэн нүглийг бусдын нэрээр халхлах. энэ мэт МАН-ын “бурууг бусдад тохох” хандлага зүгээр нэг муухай зан биш. Энэ бол засгийн эрхийг ашиглан

нийгмийн мэдээллийн орчныг хуурамчаар жолооддог, ардчилсан нийгэмд байж болохгүй авир. Ямар ч улс оронд эрх баригч нам хамгийн их хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Эрх мэдэлтэй нь буруугаа нууж, хариуцлагаас зугтаж, өөдөөс нь сөрөг хүчнийхнийг элдвээр дайрч дарамталдаг “гажсан тогтолцоо” ноёрхож байна. МАН-ын өнөөгийн улс төр бол бодлого биш, буруугаасаа бултах урлаг. Тэд сонгууль дөхөх тусам илүү их худлаа ярьж, өөрсдийн алдааг бусдын нэр дээр “нялзаах” ажиллагаагаа улам эрчимжүүлнэ. Улс орныг самарсан бодлогогүй шийдвэрүүдийнхээ үр дагаврыг АН-д тохож, ард түмний анхаарлыг самууруулж, бухимдлыг өөр тийш чиглүүлэх ажлаа МАН хамгийн сайн хийж чадаж байна. Тиймээс АН бол золиос биш, хариуцлагын төлөөх хүч байх ёстой. АН үүнд дуугүй суусаар байж болохгүй. АН энэ тогтолцооны золиос биш, үнэний төлөө тэмцэгч байж, өөрийнхөө байр суурийг хүчтэй илэрхийлэх ёстой. МАН үнэхээр улс орноо боддог бол бусдыг буруутгахаа зогсоож, өөрсдийн хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх ёстой.

Харин ардчилсан хүчнүүд тэдний гүтгэлэгт автах бус, бодлогоор, үнэ цэнээр, шударга ёсны зарчмаар ялгарах шаардлагатай байна.

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

Э.МӨНХТҮВШИН


МАН өөртэй нь холбоотой шуугиан гарах болгонд АН-ыг урдаа барьдаг болжээ
2025-05-15 10:06:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ