МАН-ын Үндсэн дүрэмд “...Нам сонгуульд ялбал намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэж бий. Сүүлийн үед, МАН-ынхан ч өөрсдөө дүрмийнхээ энэ заалтыг “...Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу” гэдэг шиг тайлбарлаж чадахгүй төөрөөд байдаг болсон. Сүүлдээ, “...Еэвэнгийн хоёр тал” гэж хүртэл тайлаад байх болов.
Уг нь, энэ тодорхой боловч, 2009 оноос хойш эсрэгээрээ яваад ирчихсэн юм. Анх, 2009 оны аравдугаар сарын 28-нд С.Баяр Ерөнхий сайдаас огцорч Сү.Батболдод албан тушаалаа шилжүүлсэн. Гэсэн атлаа, намын даргын албан тушаалтайгаа хэдэн сар явсан. Ингээд 2010 оны дөрөвдүгээр сарын 9-нд намынхаа Их хуралд Сү.Батболдын нэрийг оруулснаар 100 хувийн саналаар түүнийг намын дарга болгож байв.
Уг нь, С.Баяр өөрөө 2007 онд М.Энхболдоос намын даргын албан тушаалыг “дүрмийн дагуу” авсан ч ийн “стандарт бус”-аар өгсөн байдаг юм.
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдаж, 2013 онд шинэ даргатай болсон. Тэгэхэд МАН-ын даргын сонгуульд Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, М.Энхболд, Т.Аюурсайхан нар дэвшиж, явц дунд Н.Энхболд, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татсан. Тунаж үлдсэн М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдсөнөөс М.Энхболд ялж МАН-ын дарга болж байв. Ялагдсан нам учраас тухайн үед албан тушаалын хэрүүл байгаагүй юм.
Харин 2016 оны сонгуульд М.Энхболд намаа удирдаж ороод үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэвч, тэрээр Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болсон. Чухамдаа, энэ нь түүнийг “савлуулах” шалтгаан болж 2017 онд түүний Ерөнхий сайдаар томилсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Улмаар, 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд МАН-ын дарга болж байв. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрээр 2021 оны зургадугаар сарын 25-нд МАН-ын даргаар сонгогдсон.
Яг энэ зарчмаар бол Ерөнхий сайдаар томилогдоод 100 хоног нь дөхөж буй Г.Занданшатар МАН-ын дарга болохоор байгаа юм. Нэгэнт жишиг болсон учраас тэр. Гэвч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гаригт “...МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ” гээд мэдэгдчихлээ. Түүний дараа, МАН-д болоод Монголын улс төрд нөхцөлд байдал өөрчлөгдөж, хөдөлгөөнд оруулаад эхэллээ. Тэгэхээр, МАН-ынхан сүүлийн хэд хэдэн сонгуулийн ялалт, ялагдлын дараа намын даргаа сонгож ирсэн жишгээ дагах уу, өөрчлөх үү гэдэг асуулт тавигдаад байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхий сайд нь намын дарга болдог жишгээ МАН дагах уу, өөрчлөх үү? |
2025-09-15 09:34:45
2025-09-15 09:20:47
2025-09-15 09:19:14
2025-09-15 09:18:43
2025-09-15 09:18:04
2025-09-12 18:04:09
2025-09-12 12:19:07
2025-09-12 12:17:03
2025-09-12 08:41:02
2025-09-11 20:42:52