Лхагва, 2025-09-17
Б.Батхуяг: Хар тамхичин хүнийг шорон, эсвэл үхэл хүлээж байдаг

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.


-Энэ сард хар тамхитай холбоотой үйл явдлууд нэлээд өрнөлөө. Хэд хэдэн бүлэг этгээдийг баривчилсан гэсэн. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ оны эхний найман сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар, зөрчил 34 хувиар өсч, 130 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан. Жил бүр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өсч байна. Буурсан он жилүүд байхгүй. Олон улсад далд хэрэглэгчийн тоог гаргадаг хоёр төрлийн аргачлал бий. Эхнийх нь, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нэг гэмт хэрэгтний ард 4-6 хүн байна гэж тооцдог. Энэ аргаар тооцвол Монголд хамгийн багадаа 25 мянгаас доошгүй хэрэглэгч байна. Хоёр дахь арга нь мансууруулах бодис хэрэглэх насны 100 мянган хүн тутмын 2.7 хувь нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэсэн, хэрэглэх санал авч байдаг гэж тооцдог. Монгол Улсад 15-40 насны хүмүүсийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгч гэж үздэг. Энэ насны хоёр сая хүн байна гэж тооцвол дунджаар 50 мянга орчим хар тамхи хэрэглэгч байж магадгүй гэсэн тооцоолол гарч байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан тооцооллоор бага, дунд орлоготой улс орнуудын далд хэрэглэгчийн тоо 2030 он гэхэд 43 хувиар өснө гэсэн тооцоолол гарсан. Далд хэрэглэгч 43 хувиар өсвөл аюултай нөхцөл байдал үүснэ гэж харж байна.

Хар тамхитай тэмцэх газраас 2022-2023 онд “Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ үеэр судалгаа, хяналт шалгалт хийж байхад манай улсын 4-5 аймагт хар тамхитай холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Тухайлбал, эмийн сангаас хүүхдүүдийн авч хэрэглэж байгаа эмүүд болон бүртгэгдсэн хэргүүдийг шалгасан гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлаар 11 аймагт энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Өмнө нь Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв, Өмнөговь зэрэг тариалангийн бүс болон авто зам, төмөр замын шугам хөгжсөн, хилийн боомттой газруудад үйлдэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар хүрээгээ улам тэлсэн байна. Жишээ нь, Хөвсгөл аймагт гэмт хэрэг үйлдээд, мансууруулах бодисыг Улаанбаатар хот руу автобусаар дайж явуулах хэлбэрээр хар тамхийг нийлүүлэх оролдлогууд хийгдэж байсан. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг оруулсан тохиолдол гарч байлаа. Дархан-Уул аймгийн зөвлөх зэрэгтэй эмч өвдөөгүй хүнийг өвдсөн болгож, хуурамч өвчний түүх бичиж өгч их хэмжээний өвдөлт морфин тариаг гэмт хэрэгтнүүдэд өгсөн байсан. Нөгөөдүүл нь Улаанбаатарт хүргэж зарж борлуулан, өөрсдөө хэрэглэдэг 11 хүнтэй бүлэг баригдсан, одоо шүүх хурал нь болох гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад мансууруулах бодисын хордлогод ороод эмнэлэгт хэвтэж байсан нэг этгээд нас барсан.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэх талаар хэлэлцсэн. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед алба хаагчдын тоог нэмэгдүүлэх ажил чухал болоод байна уу?

-2017 онд Хар тамхитай тэмцэх газар байгуулагдаж, хүн хүч, орон тоог нь нэмсэн. Өмнө нь “Хар тамхитай тэмцэх хэлтэс” байсан. Алба хаагчийн тоо нэмэгдэхэд илрүүлсэн гэмт хэрэг хоёр дахин өссөн. Хар тамхи борлуулдаг этгээдүүд аль болох баригдахгүйг хичээж, хамгийн уран нарийн, нууц далд аргаар гэмт хэргээ үйлддэг. Үүнийг давж сэтгэж, хэргийг илрүүлнэ гэдэг хүнд. Энэ утгаараа мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай боловсон хүчин, алба хаагч олон байх нь хамгийн чухал. Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр баталсан тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрыг ЦЕГ-ын харьяа алба болгож, орон тоог нэмэгдүүлж 145 болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээрээ илүү өргөн хүрээнд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах, хэргийн шийдвэрлэлтүүд нэмэгдэх, урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй явуулах, иргэдийг соён гэгээрүүлэх боломжтой болж байгаа юм. Хар тамхитай үр дүнтэй тэмцэж буй гадны улс орнуудад тусгай алба, нохойн алба, түүхий эд, ургамлыг устгах алба, шинжилгээний алба, химийн бодис, угтвар бодист хяналт тавьдаг алба, хил, гааль, гадаад харилцаа, санхүүгийн гэх мэт 10 гаруй бүтэцтэйгээр Дотоод хэргийн яамны харьяанд ажилладаг юм. Энэ мэт том нэгжүүд байж улс орнууд хар тамхитай үр дүнтэй тэмцдэг. Манай улсад байгууллагуудын ажлын уялдаа сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж чадахгүй байна.

-Тэгвэл хар тамхитай тэмцэхэд олон улсын ямар үр дүнтэй арга туршлага байдаг талаар ярихгүй юу?

-Хар тамхитай тэмцэх үндсэн хоёр чиглэл нь нэгдүгээрт, нийлүүлэлтийг таслан зогсоох болон бууруулах, хоёрдугаарт, эрэлтийг багасгах асуудал юм. Нэгдүгээрт, Монгол Улсын 11 аймгийн 39 сумын нутагт 5000 га газарт зэрлэг олсны ургамал ургадаг. Энэ ургамлыг байхгүй болгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ургамлыг шатаах, хор цацах аргаар устгаж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Үүнийг дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн туршлага юу вэ гэвэл ургамал ургаж байгаа газарт өөр ургамал тарьж, дарангуйлж устгуулах ёстой. Зэрлэг олс ургасан 5000 га газарт чацаргана, төмс, хүнсний ногоо, мод үржүүлэг зэргийг хийж бүрэн устгаж чадвал хар тамхины гэмт хэргийн дотоодын нийлүүлэлт буюу 70 хувь нь байхгүй болно. Устгалын ажлыг цагдаагийн алба хаагчид хадуураар хадаж, гараараа зулгааж, үүргэвчтэй хор үүрээд цацаад явж байна. Гэтэл хуульд заасан чиг үүргээрээ ХХААХҮЯ, БОАЖЯ хариуцах ёстой байтал ажлаа хийхгүй байна. Хар тамхи гэхээр л дан ганц цагдаагийн байгууллагын ажил гэж ойлгодог нь харамсалтай.

Нийлүүлэлтийн дараагийн хэсэг нь гадаад улс орнуудаас нийлүүлж байгаа синтетик бодисууд юм. Энэ бодисуудыг хууль бусаар олон улсын шуудан илгээмж, карго ачаанд нууж оруулан ирдэг. Тэгэхээр ачаанд нуусан синтетик төрлийн бодисыг тээвэрлэдэг том ачааны машинуудын ачааг хянадаг рентген тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулснаараа хилээр хууль бусаар нэвтрүүлсэн асуудалд хяналт тавьж чадна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан мансууруулах бодисыг шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлж ямар бодис болохыг шинжлээд, 14-21 хоногийн дараа шинжилгээний дүгнэлт ирдэг. Дүгнэлт ирсний дараа яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэх боломжтой болж хилийн хориг тавьдаг. Гэмт этгээдүүдийг цагдан хорих асуудлыг прокурор шүүх хүлээж авдаггүй, гадуур шалгаж байгаа нь тэдэнд зугатах боломжийг өгч байна. Гэтэл энэ этгээдүүд гадаадад зугтаж очингуутаа гадны этгээдүүдийн гар хөл болж, Монгол Улс руу каргогоор мансууруулах бодис илгээж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Нийт синтетик бодисын 75 хувь Турк улсаас нийлүүлэгддэг. Турк руу 25 хүн зугтаж гарсан ба үүнээс 7-8 хүнийг нь ирүүлсэн, 20 гаруй хүнийг илрүүлээгүй байна. Энэ тохиолдолд нийлүүлэлт хийгдэж буй улсуудад хар тамхи хариуцсан Атташе ажиллуулж, гэмт этгээдүүдийг олж баривчлан Монгол Улс руу хүргүүлэх, гадны нийлүүлэлтийн сүлжээг хаах, ачаа тээшинд хяналт хийх асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагатай хамтарч ажиллах асуудал үүсч байна. Харамсалтай нь энэ асуудалд холбогдох байгууллага, албан тушаалтан хойрго хандаж байна.

Дараагийн асуудал нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 68 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн зориулалтаар эмчийн хяналтаар өвдөлт намдаах болон уналт таталт, хагалгааны үед мэдээ алдуулах зорилгоор хэрэглэдэг мансууруулах үйлчилгээтэй 13, сэтгэцэд нөлөөт 33, нийт 46 нэр төрлийн эм, тарианы хэрэглээ, хадгалалт хамгаалалтад хатуу хяналт тавих тухай асуудал хөндөгдөж байна. Үүнд эмнэлгийн байгууллагын хяналт сул, салан задгай, эмч нар албан тушаалаа урвуулан ашиглаж эм, бодисыг хувьдаа завшиж зарж борлуулдаг байдлаас болж эмнэлгийн зориулалтаар ашиглах эмэнд мансуурч, эмчилгээний явцдаа донтогч болж байна. “Хорт хавдартай хүмүүсийн групп”, “Уналт таталттай хүмүүсийн групп” дээр “Аав, ээж, өвөө, эмээгийн бие муудлаа, илүү эм байвал өгөөч” гэсэн чатууд их бичиж, хүчтэй үйлчилгээтэй эм тариаг зарж борлуулдаг асуудал маш их байна. Чат харсан хүн өвчтэй, яарсан, сандарсан хүн байна гэж бодоод өгчихдөг. Мөн эмчийн энгийн жороор олгодог нурууны өвдөлт намдаах эмийг урвуулан хэрэглэж мансуурах асуудал газар авч байна. Маш олон хүүхдүүд энгийн жороор олгодог өвдөлт намдаадаг эмийг урвуулан хэрэглэж, гар хөлөө тайруулж хөдөлмөрийн чадваргүй болж байна. Эрүүл мэндийн байгууллагын цалгар, назгай байдлыг ашиглаж хүүхдүүд ихээр хэрэглэж байна. Нэг дуслын системд 10 ширхэг эмийг тарианы усаар найруулж, 5-10 хүүхэд орцонд зогсож байгаад бие биенийхээ судас руу тарьж байна. Үр дүнд нь судасны гадуур тарих, бөглөрөл үүсэх зэргээс болж гар хуруугаа тайруулах, халдварт өвчин авах эрсдэл үүсдэг. Сүүлийн дөрвөн жилд 13 хүүхэд үүнээс болж нас барсан. Үүнд хяналт тавих ёстой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хяналт сул байна. Гаргалгаа шийдэл нь юу байна гэвэл жорыг цахимжуулах юм. Гадаад улс оронд цахим жороор нэг эм авангуут дахиж эм авах боломжгүй байдаг. Дахиад авах оролдлого хийвэл цагдаа дуудаад баривчлуулдаг. Гэтэл манайд цаасан жорыг маш олноор нь хэвлэж, эмчийн тамга тэмдгийг хуурамчаар ашиглаж жор үйлдэн эмийг худалдан авч хэрэглэж байна.

-Хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх ажил байдаг. Энэ тал дээр эцэг эхчүүд, сургуулийн орчинд яаж анхаарах вэ?

-Эрэлтийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Эрэлт буураад хэрэглэгч байхгүй болсон цагт нийлүүлэлт багасна. Тийм учраас ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүдэд донтолт, архи, тамхины хор уршиг, хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн хуулийн хариуцлага, хүүхдүүд чөлөөт цагаа яаж зөв өнгөрүүлэх вэ, найз нөхдийн хүрээллийг яаж сонгох вэ гэх мэт мэдлэг олгох сургалтыг хийх хэрэгтэй. Гэтэл манайд энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх сургалтууд байдаггүй. Боловсролын байгууллага үүн дээр анхаарч ажилладаггүй. Хор уршиг, хүлээлгэх хариуцлагын талаар ойлголт мэдлэггүй байхад хар тамхийг зарж борлуулж, ашиг олохыг хүссэн хүмүүс буруу мэдээлэл өгч, борлуулалтаа өсгөх маркетинг хийж байдаг. Ялангуяа уран бүтээлчдээс буруу үлгэр дуурайл маш их авдаг. Манайд баривчлагдаад ирж байгаа хүүхдүүд тэр дуучны тийм клипнээс нь сэдэл авч хар тамхи хэрэглэсэн гэж ярьдаг. Тиймээс эдгээрт хяналт тавих цаг нь болсон. Уран бүтээлчдийг уран бүтээл хийх эрхийг нь хязгаарлах, олон нийтийн хэрэгслээр түгээхгүй байх, хар тамхичин дуучидтай хамтарч ажилладаг газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг зохицуулалттай хууль хэрэгтэй байна. Жишээ нь, саяхан “M” гэх уран бүтээлч олны өмнө тоглолтод оролцлоо. Мөн хар тамхичдыг телевизүүд нэвтрүүлгийнхээ хойморт урьж оруулаад, гутлынхаа улыг үзэгчид рүү харуулсан байдалтай ярилцлага өгөөд байж байх жишээтэй. Энэ бүгд хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл болдог. “Хар тамхийг хэрэглэхэд шийтгэл байдаггүй юм байна, саяхан хар тамхины хэргээр баригдаад шоронд орлоо гэсэн чинь тоглолт хийгээд, ярилцлага өгөөд байж байгаа юм чинь энэ зүйл нэг их сүржигнэх асуудал биш юм” гэсэн ойлголт авч байна.

-Монголд хар тамхины хэрэглээ хүрээгээ ямар их тэлсэн байгааг таны өмнө дурдсан жишээнүүдээс харж болохоор байна. Тэгэхээр хүн ам багатай, хөгжил бага манай орны хувьд энэ нь ямар үр дагавартай юм бэ?

-Энэ бол хамгийн анхаарах ёстой асуудал болоод байна. Хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлэх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үг. Цөөхөн хүн амтай улс орны ирээдүйг авч явах өсвөр насны хүүхэд залуучууд олноороо мансуурч, ямар ч ажил хийх, сурах сонирхолгүй, яаж нэг удаагийн тун бодис олж хэрэглэх вэ гэдгээс өөр бодолгүй болчихдог. Удмын санд нөлөөлснөөр мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс үр удмаа үлдээх боломжгүй болдог. Эсвэл сэтгэцийн болон бие эрхтний гажигтай хүүхдүүд төрдөг. Мөн санхүүгийн хямралд орно. Эм бодисоо олж авахын тулд байгаа бүх зүйлээ зардаг. Айл өрхийн хувьд олсон бүх орлого, байр орон сууц, машин нь мансуурах бодис авахад зарцуулагдаж орлогогүй болно. Энэ олон мансуурагчдыг илрүүлэх, мөрдөн шалгах, прокурор, шүүх, хорих байгууллагуудын зардал нэмэгдэнэ. Улсын төсвөөс гарах зардал нэмэгдэнэ. Хүн ус, агааргүйгээр амьд явж чадахгүйтэй адил хар тамхины хамааралтай болсон хүн хар тамхигүйгээр байж чадахгүй болдог. Бодисоо олж авахын тулд өөрийн орлогогүй болж эхлэхээрээ бусдын өмчинд халдаж, хулгай, дээрэм, залилан, цаашлаад бусдын аминд хүрэх асуудал үүснэ. Бусдын амь насыг хөнөөж, нохойд хаяж өгсөн, олсны ургамлыг хэрэглэж мансуурсан байх үедээ эмэгтэй хүнийг хүчиндэж, хөнөөгөөд жорлонд цогцсыг нь хаясан зэрэг олон ноцтой гэмт хэргүүд дагалдан гарч байсан. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгаа хэлбэр юм. Эдгээрээс гадна эд эрхтэн системд нь нөлөөлж амь насаараа хохирсон тохиолдлыг тооцвол маш олон болно. Хар тамхичин хүнийг шорон эсвэл үхэл хүлээж байдаг. Тийм учраас зөвхөн цагдаагийн байгууллага биш иргэн бүр, айл бүр, ТББ-ууд, урлаг соёлын хүмүүс, хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй хариуцсан яамдуудаас эхлээд бүгд хар тамхитай тэмцэхэд анхаарлаа хандуулж байж үр дүнд хүрнэ.

 

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Б.Батхуяг: Хар тамхичин хүнийг шорон, эсвэл үхэл хүлээж байдаг
2025-09-17 11:36:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ